Ч.ЗОТОЛ
Австрали улс, Канберра хотноо Элчин зөвлөхөөр ажиллаж буй УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан захидал ирүүлжээ. Мөн тэрбээр захидлаа цахим орчин дахь өөрийн нүүр номд нээлттэй байршуулсан байна.
Захидалд “...Өнгөрсөн түүхийг би сайн, муу гэж дүгнэхгүй. Гэхдээ түүхийн сургамжийг бид хэзээ ч мартаж болохгүй. Хэдхэн жилийн өмнө Төрийн ордны зүүн жигүүрт бид танилцаж “нам харгалзахгүй нэгдэн тэмцэж байж намчирхсан, талцсан Монголоо нэгтгэж аврах” тухай ярилцаж байж билээ. Тэр үед миний бие АН-ыг шинэчлэх замаар Монголоо аврах тухай боддог байсан бол харин Та МАН-ыг шинэчилбэл Монгол өөрчлөгдөнө хэмээн ярьдаг байлаа.Төд удалгүй бид нэгдэж хоёр намын МАНАН-ын сүлжээг задлах тэмцлийг өрнүүлж билээ. Монгол түмэн ч энэхүү тэмцлийг уухайлан дэмжиж Эрдэнэт, Оюутолгой, Cалхит, Цагаан Суварга гэх мэт алдагдсан ордууддаа эзэн болох, төрөөс МАН-ын 60 тэрбумын бүлэглэлийг зайлуулах, АН-аас Эрдэнэтийн 49, эрүү шүүлтийн бүлэглэлийг холдуулах, хууль ёсыг гажуудуулж, иргэдэд хилс хэрэг тохдог хонгилын шүүгч, прокуроруудад хариуцлага тооцох асуудлыг эхлүүлж билээ. Тэр цагаас хойш олон үйл явдал өнгөрчээ. Хорвоо эргэдгээрээ эргэж, түүхийн шар хуудсууд ч бичигдсээр л байна.Таван гишүүний тэмцэлд нэгдэн орсныхоо төлөө миний бие 2019 оны нэгдүгээр сард “АН” намаасаа, Э дарга нартаа хөөгдөж, аргагүйн эрхэнд зарим нөхдийн хамт ШИНЭ нам байгуулж билээ. АН-ыг “Э” дарга нарын бүлэглэлээс чөлөөлөх бидний хүсэл мөрөөдөл талаар болсон ч, таны өөрийн намаа шинэчлэх мөрөөдөл биеллээ олсонд талархал илэрхийлье. Монголын улс төрийн хоёр тулгуур нам АН, МАН хоёр шинэчлэгдэх нь Монгол улсад хэрэгтэй. Цаашид ч Монгол улс хоёр намын тогтолцоогоор бус олон намын систем рүү шилжих ёстой гэж ярьдаг байснаа бид хэзээ ч мартах ёсгүй юм. Өнөөдөр Та Монгол улсын хамгийн том эрх мэдэл бүхий улс төрч болжээ. Иймд таны улс төрийн манлайлал дор Монгол оронд улс төр, эдийн засаг, нийгмийн томоохон шинэчлэлүүд хийгдээсэй хэмээн миний бие чин сэтгэлээсээ хүсч буйгаа илэрхийлье.
Таны үед Монгол улсад ардчилал, шударга ёс сэргэж, хүний эрхийн хамгаалал сайжирч, баялгийн шударга хуваарилалт хийгдэж, Монгол улс олигархи бүлэглэлийн савраас бүрэн гарч олон түмний амьдрал сайжирсан он жилүүд байгаасай.
Мөн миний бие МАН залуу үеээ дэмжиж буйд талархаж байгаа хэдий ч Монголын улс төрийн тулгуур хүчний нэг болсон АН-ыг зориуд задлах, хагалан бутаргах гэсэн зарим нөхдүүдийн санаатай хорон явуулгыг хараад санаа зовнихын зэрэгцээ энэхүү хууль бус ажиллагааг таслан зогсооход Таныг анхаарлаа хандуулаасай хэмээн хүсч байна.
Түүнчлэн 60 тэрбумын бүлэглэлтэй тэмцсэн шигээ сонгуулийг луйварддаг, сонгогчдын саналыг худалдан авдаг, ямар ч технологийн баталгаагүй хар машинаар сонгууль хийсэн болж жүжиглэдэг бурангуй тогтолцоог үтэр түргэн халах ёстой.
Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай хэмээн Монголын ард түмэн сургадаг.
Өндөрт гарсан хүн нэгэн өдөр буух нь ойлгомжтой ч бууж ирсэн нь чухал биш, харин үлдээсэн өв нь илүү үнэтэй байдаг.
2020 оны сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Та бүхэн намайг Австрали улс руу томилж, Ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж ир хэмээн илгээсэн билээ.
Иймээс миний бие энэ нутагт ирж бүтэн 1 жил орчим судалгааны ажил хийж, номын дуу сонслоо.
Энэ бүс нутагт ардчилал, зах зээлийг гайхамшигтай хөгжүүлсэн, чөлөөт худалдааг эрхэмлэсэн Шинэ Зеланд, уул уурхай, хөдөө аж ахуйг зөв хослуулж өндөр хөгжилд хүрсэн Австрали улс, Тариат сум шиг жижигхэн газар нутаг дээрээ таван сая иргэнээ тансаг амьдралд хүргэсэн Сингапур, хулхи ардчилал, хулгай, авлигын замыг сонгож арчаагаа алдаж яваа Филиппин, Индонези, Малайз гээд олон улс орнуудын туршлагыг судлав.
Шинэ Зеланд, Австрали, Сингапур улс хэрхэн авлига багатай 10 орны нэг болсныг, Австрали улс яагаад сүүлийн 30 жил эдийн засгаа тасралтгүй өсгөж, нэг хүнд оногдох ДНБ-ээ 50 мянган долларт хүргэснийг, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, амьдралын чанараа яаж эрс сайжруулсныг судлан нөхдийн хамт “Шинэ Хувьсгал” хэмээх номоо бичиж хэвлүүллээ.
Энэхүү номонд Монгол оронд зайлшгүй хийх ёстой 18 эрс шинэчлэлтийг тусгасан ба эдгээр нь Таны дэвшүүлсэн “Шинэ Cэргэлтийн бодлого”, Алсын Хараа-2050 хэмээх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангахад чухал дэмжлэг болно хэмээн итгэж байна.
Өнөөдөр Монголчууд бид хамтдаа хөгжлийн гацаа болсон хагас социалист хэв маягийн тогтолцоогоо үндсээр нь халж, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шудрага ёсоо бодит утгаар нь бэхжүүлж, чөлөөт эдийн засаг, хувийн өмч, чөлөөт худалдааг хөгжүүлэх замаар өнөөгийн мухардлаас гарна.
Бид системийн өөрчлөлт хийх тухай, МАНАН дэглэмийг үндсээр нь халах тухай мөрөөддөг байсан. Түүнээс бус нэг хүнийг нөгөө хүнээр, нэг намыг нөгөө намаар нь солиод юу ч өөрчлөгдөхгүй юм байна гэдэг талаар хангалттай ярьдаг байлаа.
Тиймээ, Та бол өнөөдөр зөвхөн МАН-ын дарга биш, Монголын ард түмний Ерөнхий Сайд билээ. Иймд хамт жагсаж, тэмцэж явсан нөхрийн хувьд хэлэхэд сөрөг хүчнийг дарж биш, хамтарч, хамгаалж байж Ардчиллыг босгодог, иргэдээ мөрдөн мөшгөж биш, өмгөөлөн өмөөрч байж чөлөөт нийгэм төлөвшдөг. Таны гарт өнөөдөр Монголыг аврах бүрэн боломж иржээ. Бүрэн дүүрэн ашиглаарай.
Эцэст нь дуулгахад мөхөс миний бие засгаас өгсөн үүрэг даалгавар, судалгааны ажлаа хийж дуусгасан тул эх орондоо удахгүй очно.
Тэртээ 2018, 2019 оны хөхөө өвлийн хүйтэнд яагаад олон мянган иргэд 5 гишүүнийг дэмжиж Сүхбаатарын талбай дээр цуглаж байсныг, тэнд хэн, юу ярьж байсныг сануулахаар, мэдсэн, судалсан зүйлээ хэрэгжүүлэхээр Монголдоо очно” гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn