С.САРУУЛ

Ардчилсан намаас Улсын дээд шүүхийн шүүгч асан Х.Сонинбаяртай холбоотой мэдээлэл хийлээ. Энэ тухай Ардчилсан намын дэд дарга Д.Ганбаяр “Нийслэлийн ърокурорын газраас Ц. Туваан, С.Амардэлгэр, Х. Сонинбаяр нартай хэрэг үүсгэхээс татгалзсан гэх шийдвэрийг авахаар ирэхэд надад өгсөнгүй. Бүхэл бүтэн Ардчилсан намын дэд дарга гэсэн албан бичиг явуулсан байтал ийнхүү өгөхгүй байгаа шалтгаанаа тэд намайг албан бичиг бичээгүй учраас гэж тайлбарлаж байгаа юм. Энэ нь хууль шүүхийн байгууллагад албан тушаалтнаар томилогдсон этгээдүүдийн улс төрөөс хараат бус байх байдал нь алдагдчихсан байгааг харуулж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга шударга ёсыг тогтооно гэсэн нь өөрөө шударга бусыг хонгилыг бий болгожээ. Үүний нэг илрэл нь Ардчилсан намын хүндийг зохион байгуулалттайгаар унагаж буй Х.Баттулга болон түүний байгуулсан шүүх засаглалын зарим албан тушаалтантай холбоотой асуудал юм. Тодруулбал, Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар шалгагдаж байсан Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаярыг Х.Баттулга буцаан томилсон. Энэ хүн Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулж, Ардчилсан намын дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон. Үүнд ШЕЗ-ийн сахилгын хороогоор орж, ёс зүйн хариуцлага тооцсон. Мөн Улсын дээд шүүхээс энэ хэрэгт Х.Сонинбаяр буруутайг хүлээн зөвшөөрсөн.

Түүнчлэн АН-ын дарга С.Эрдэнэ дараагийн намын даргыг сонгохдоо албан ёсоор батламжилж, Дээд шүүхэд бүртгүүлэх хүртэл Ардчилсан намын дарга хэвээрээ байна гэсэн намын үндсэн дүрмийн тогтоол бий. Гэвч О.Цогтгэрэл, Ц.Туваан болон нөгөө талын үндсэн дүрмийн хорооны гишүүд энэ тогтоол огт гараагүй мэт аашилж байгаа. Тиймээс Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд хууль зөрчин өөрчлөлт оруулсан УИХ-ын гишүүн Ц.Туваан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Х.Сонинбаяр, Тамгын дарга С.Амардэлгэр нарыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэж Ардчилсан намын зүгээс өмнө нь АТГ-т өргөдөл гаргаж байв.

Гэтэл Нийслэлийн прокурорын газраас дээрх хүмүүст холбогдуулж хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг шийдвэрийг өнөөдөр авахаар иртэл өгөхгүй байна. Тухайн хүмүүст хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр нь улс төрд нөлөө бүхий хүмүүсийн нөлөөллөөр гарсан гэх хардлагыг төрүүлж байна. Шүүх, Прокурор тусдаа байгууллага байтал прокурорууд нь шүүгч нараасаа айгаад хэрэг үүсгэхээс татгалзаж байгаа нь өнөөдөр Монголд шударга шүүх бий болоход гай болж байгаа. Х.Сонинбаярыг буруутай үйл ажиллагаа нь Ардчилсан намын нэр хүндэд маш ноцтой хохирол учруулсан. Мөн өнгөрсөн хугацаанд гарсан бүх санхүүгийн зардал, үйл ажиллагаанд Ардчилсан намаас маш их хохирол гарсан. Тиймээс цаашлаад уг шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан хохирлыг бид Улсын шүүхээс нэхэмжлэх болно” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn