Б.ДАМДИН-ОЧИР
Дээд шүүхийн бүх шүүгч энэ сарын 20-нд хуралджээ. Тэд “...АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлье” гэсэн хүсэлтийг хэлэлцсэн байна. Тэгээд “...Бүртгэхээс татгалзаж байна” гэж шийджээ. О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх гэтэл хэд хэдэн саад гарч ирсэн байгаа юм.
Дээд шүүхийн бүх шүүгчийн 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны 12, 2021 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолуудаар баталгаажиж үлдсэн АН-ын Үндсэн дүрэм бий. Түүнд 2021 оны гуравдугаар сарын 29-нд намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүд нийцээгүй юм байна.
Энэ хурлынхаа маргааш Дээд шүүхээс АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэхтэй холбоотой 14 хүсэлт, албан бичиг ирсэн талаар нийтэд мэдээлэв.
Аргаа барсан хэрэг л дээ. “...АН-ыг бүртгэхгүй байх ажлыг Дээд шүүх хийгээд байна” гэсэн хэл ам гарсан. Тэгэхээр эдгээр албан хүсэлтээс олон нийт ойлголт аваг гэж үзсэн бололтой юм.
Дээд шүүх рүү 2021 оны арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл хоёр АН-аас зогсоо зайгүй бичиг шидсэн байх юм. Ёстой баллажээ, тэд. “Тоон доторх үсэг”-үүд ч харагдана.
-2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлэх тухай Б.Ган-Очирын хүсэлт
-2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд “...АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг улс төрийн намын цахим бүртгэлд хэзээ бүртгэж, хэзээ хассан, тус хугацаанд Ц.Тувааныг намыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх эсэх” талаар тайлбар өгөхийг хүссэн Б.Ган-Очирын хүсэлт
-2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд “...О.Цогтгэрэл нарын зохион байгуулсан АН-ын Онц их хурал нэртэй хууль бус үйл ажиллагааг Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлснийг эсэргүүцэж байна” гэсэн агуулга бүхий С.Эрдэнийн албан бичиг
-2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд АН-ын даргаар сонгогдож, ёсчлон батламжлагдсан О.Цогтгэрэлээс тайлбар, санал авч, сонсох ажиллагаа зохион байгуулах тухай Б.Ган-Очирын хүсэлт.
-2021 оны арваннэгдүгээр сарын 25-нд намынхаа үйл ажиллагаа, шийдвэр гаргах процессыг Дээд шүүхийн тогтоолуудад үндэслэн явуулж, ханган биелүүлснээ хууль зүйн хувьд нотлох зорилгын хүрээнд нэмэлт тайлбар гаргасан талаар Б.Ган-Очирын албан бичиг
-2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд Дээд шүүхийн цахим бүртгэлийн санд АН-ын дарга гэх цэсний ар талд С.Эрдэнэ гэсэн нэрийг сэргээн бүртгэх тухай Д.Эрдэнэсувдын хүсэлт
-2021 оны арваннэгдүгээр сарын 30-нд “...Ц.Туваан нь Дээд шүүхийн цахим мэдээллийн санд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байх хугацаандаа намыг төлөөлөх эрх бүхий этгээд байсан эсэх” талаар тайлбар мэдээлэл өгөхийг хүссэн Б.Ган-Очирын хүсэлт
-2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд “...М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх тухай” С.Эрдэнийн хүсэлт
-2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд “...Дээд шүүхийн цахим мэдээллийн сан дахь АН-ын дарга гэсэн цэсэд С.Эрдэнийн нэрийг сэргээн бүртгэх тухай” С.Эрдэнийн хүсэлт
-2021 оны арванхоёрдугаар сарын 10-нд “...М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан авах тухай” С.Эрдэнийн хүсэлт
-2021 оны арванхоёрдугаар сарын 13-нд “...АН-ын Үндэсний бодлогын хорооны 2021 оны наймдугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх тухай” Д.Ганбатын хүсэлт
-2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд “...О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлэхээр хүргүүлсэн өргөдөл болон АН-ыг төлөөлөх эрхгүй этгээдүүд /О.Цогтгэрэл, М.Тулгат/-ийн гарын үсэг зурж, хүчингүй тамга дарагдсан АН-ын даргын бүртгэлтэй холбоотой холбогдох хууль журмыг зөрчин хүргүүлсэн баримтуудыг буцаан ирүүлэх тухай” С.Эрдэнийн хүсэлт
-2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд “...Дээд шүүх өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж, талуудын аль нэгийг бүртгэсэн тохиолдолд хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн” агуулга бүхий О.Цогтгэрэл, М.Тулгат нарын албан бичиг
-2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд хуралдсан “...АН-ын ээлжит бус Онц их хурлаас гарсан шийдвэр намын эрх бүхий байгууллагын албан ёсны байр суурь, намын дотоодод ямар нэгэн зөрчил байхгүй” гэсэн агуулга бүхий Б.Ган-Очирын албан бичиг Дээд шүүхэд очжээ.
Энд хэд хэдэн сонин юм бий. “...Гээндээ ч, гоондоо ч” гэдэг шиг “АН-ууд” бол угаасаа учир нь олдохоо байчихсан. Харин Дээд шүүх маань С.Эрдэнийн, Б.Ган-Очирын, Д.Ганбатын, Д.Эрдэнэсувдын, М.Тулгатын албан бичиг, хүсэлтүүдийг ямар шалтгаанаар хүлээж аваад байсан нь ойлгомж муутай байна. Аливаа албан бичиг гэдэг төлөөлж буй этгээдээ баталгаажуулсан тамгатай байхаас эхэлнэ. Тэгэхээр дээрх хүмүүсийн явуулсан албан бичиг, хүсэлтүүд бүгдээрээ хүчин төгөлдөр тамгатай байсан хэрэг үү. “...Үгүй” гэж үзвэл хэн нэгэн иргэн аль нэг улс төрийн хүчний даргыг томилуулахаар Дээд шүүхэд хандаж, Дээд шүүх түүгээр нь хэрэг явдал үүсгэн хэлэлцэх эрх зүй бий юу. Ер нь явж явж энэ бүхнийг Дээд шүүх хутгаад байгаа юм биш үү. Ийм эргэлзээнүүд бий болж байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх АН-ын асуудал дээр хэнтэй нь нийлэхээ мэдэхгүй суугаа бүсгүй шиг л харагдаад байгаа юм даа.
Гэхдээ “...Овоо босгоогүй бол шаазгай яаж суух вэ” гэдэг шиг АН-ынхан арчаагаа алдаагүй бол Дээд шүүх хууль, дүрэм сануулаад байна гэж юу байх вэ?
Ер нь АН-ыг Дээд шүүх албан ёсоор яаж бүртгэснийг харав. АН энэ бүртгэлд 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд нийлсэн гэж бичигджээ. Түүнээс хойш явсаар “...2017 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр АН-ын VII Их хурлын 03 дугаар тогтоолоор С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдсоныг Дээд шүүх 2017 оны гуравдугаар сарын 15-ны 01 дүгээр тогтоолоор бүртгэсэн” гэжээ.
Бас АН-ын тэрхүү Их хурлаас батлагдсан “АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт”-ийг Дээд шүүх мөн оны гуравдугаар сарын 31-ний 05 дугаар тогтоолоороо бүртгэсэн байгаа юм.
Түүнээс хойш “...АН-ын ХЭГ- дарга П.Нүрзэдийн 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны 02/418 дугаар албан бичгээр дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэсэн.
Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний 04 дүгээр тогтоолоор Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, АН-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзсан” гэсэн тэмдэглэл л байна. Мөн “...Намын дарга” гэсэн хүснэгт онгорхой байна.
Энэ бүхнээс харахад, 2020 оны арваннэгдүгээр сарын 5-наас хойш АН албан ёсны даргагүй болчихсон юм байна. 2021 оны нэгдүгээр сарын 14-нөөс хойш үүрэг гүйцэтгэгч дарга ч үгүй болжээ. Харин өнөөдрийг хүртэл С.Эрдэнийн гарт байгаа тамгаар асуудал шийдэгдэж ирсэн байна. Түүнийг 2021 оны сонгуулиар Дээд шүүх, СЕХ баталсан л даа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн сонгуулийн асуудлыг С.Эрдэнэ тамгаа дарж шийдээд байсан даа.
Нэг үгээр хэлэхэд, ганц л зүйл тов тодорхой байна. Яг өнөөдөртөө С.Эрдэнэ бол АН аж.
Тэгэхээр АН-ынхан эхлээд энэ олон амиа хоохойлсон, салаа амбийцаа дарах хэрэгтэй болов уу даа. Баахан хүн дагуулаад намтайгаа дайтаад яваа “экс”-үүд нь ч С.Эрдэнэ дээрээ ирж таарах болов уу. Уг нь АН-ын лидер, бас партизан гэсэн гоё гоё “шошго”-той дарга нар үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа гэх...
Гэвч өнөөдрийг хүртэл эвлэсэнгүй. Хүсэх ч үгүй байх шиг байна. Ингэж явсаар АН гэдэг нам уулзаад суух байр ч үгүй, тэмдэглэдэг өдөр ч үгүй боллоо. Явсаар нэр ч үгүй болох вий. Ямартай ч, дахин хэлэхэд С.Эрдэнэ бол АН юм байна шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.28 МЯГМАР № 255 (6732)