Ч.ЗОТОЛ
Чуулганы өчигдрийн хуралдаан УИХ-ын дарга Г.Занданшатарын “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлтэд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээгээр эхлэв. Тус хөтөлбөр нь 2019 онд баталсан УИХ-ын стратеги төлөвлөгөөний нэг үндсэн зорилт, парламентын шинэчлэлийн нэг чиглэл юм. Иймд тэрбээр хэлсэн үгэндээ “Бид Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д заасан “ард түмэн засаглах” эрхийг хангахыг зорьж байгаа юм. Энэ хүрээнд хүүхэд залуустаа УИХ гэж ямар байгууллага вэ, хуулийг хэрхэн тогтоодог юм, иргэд, хүүхдүүд ямар эрх, үүрэгтэй вэ, парламентад өөрийн дуу хоолойгоо хүргэж, санал бодлоо илэрхийлэхийн тулд яах ёстой вэ гэх мэт мэдлэгийг олгохыг бид хүсэж байгаа юм. Улмаар хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад хүүхэд багачуудынхаа, нийт иргэдийнхээ оролцоог хангахыг бид чухалчилж байна. Хүүхэд залуус бол Монголын маргаашийг авч явах ирээдүй. Тиймээс одооноос төрийн хэрэгт оролцох, төр засгийг удирдах, нийгэм, хамт олноо манлайлах үйл хэрэгт суралцах нь чухал юм. Үүнд “Парламентын боловсрол” хөтөлбөр тусална” гэв. Үүний дараа Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулснаар хэлэлцэв.
“Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт өнгөрсөн наймдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурсан. Төслийн зорилго нь Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлыг хэрэгжүүлэх, сонгогдсон гудамжуудыг аюулгүй, хүртээмжтэй, эрсдэлгүй болгож олон улсын туршлагын дагуу жишиг гудамж бий болгох, замын хөдөлгөөний удирдлагын төвийн цар хүрээ, техник технологийг шинэчилж, нэгдсэн систем бий болгох замаар түгжрэлийг бууруулах хэвтээ тэнхлэгийн шинэ гарцыг бий болгох, замын өргөтгөл шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэжээ. Харин санхүүжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бол Нийслэлийн төсвөөс 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд зориулж гаргахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай бөгөөд үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.
Төслийн хүрээнд гудамжны замын одоо байгаа сүлжээг засварлаж шинэчлэх, шинээр автозам барих, замын хөдөлгөөний зохицуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ гэв. Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр уг хуулийн төслийг баталлаа. .
Чуулганы хуралдаанаар мөн Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 ra-raap тогтоосон байна. Засгийн газрын мөн оны 45 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба бий болгожээ. Улмаар Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд yr төлөвлөгөөний дагуу тус бүсэд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 6.6 тэрбум төгрөг, 58.8 сая ам.долларын бүтээн байгуулалтын болон дэд бүтцийн ажил хийгджээ. Харин Ерөнхий сайдын 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 61 дүгээр захирамжийг үндэслэн 2019 оны зургаадугаар capын 4-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлэлцээрт гарын үсэг зурж байгуулжээ. Иймд хоёр улсын Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулсныг холбогдох байнгын хороод дэмжсэн байна.
Үдээс хойшх чуулганы хуралдааны эхэнд Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх байсан. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Оюутолгойн асуудлаар хэдэн зүйлийг тодруулах шаардлагатай. Манай бүлэг, ард иргэд мэдээлэл муутай байна. Гэтэл маш яаруу оруулж ирлээ. Улс орны хувьд яаралтай байх, үүнийг ойлгоно. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг Рио Тинто, Засгийн газар яаж үзэж байгааг тодруулах шаардлага бий. Иймд манай бүлэг тав хоногийн завсарлага авъя” гэсэн санал гаргаснаар өнөөдрийн 10 цаг хүртэл хойшлуулав.
Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж холбогдох байнгын хороонд, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж эцсийн хэлэлцүүлэгт тус тус шилжүүллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.24 БААСАН № 253 (6730)