Ч.ОЛДОХ

 

Авлига, төрийн хүнд суртал хөгжлийг боомилогч үндсэн хүчин зүйл болж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  онцолж, түүнийгээ  хэлсэн үг, илтгэл, байр суурьтаа хэдэнтээ давтан тэмдэглэснээр 2021 оныг үдэх гэж байна.

Нэхэн сануулбал, тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 18-нд болсон Авлигын индексийг бууруулах ажлын багийн анхны хуралдааны нээлтэд  “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд бас  гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хийсэн ч илүү сайжруулах шаардлага байна” гэсэн. Улмаар Засгийн газрын хуралдаан дээрээ “Авлигатай тэмцэнэ гэдэг нь бид өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг” хэмээн тодотгосон байдаг.  Тэгвэл өнгөрсөн сарын 11-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын  дарга Г.Занданшатарт өргөн барих үеэрээ “Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах нь энэ ажлын нэг үндсэн чиглэл” болохыг тодотгосон. Дараа нь Авлигатай тэмцэх олон улсын өдөр хэлсэн үгэндээ  “...Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрхзүйн зохицуулалт хийнэ” хэмээн амласан. МАН-ын ХХХ их хурлын индрээс “Шинэ сэргэлтийн зургаан бодлого”-оо танилцуулахдаа “Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна” хэмээн мэдэгдсэн.  Мөн тэрбээр “Авлига, хүнд суртал иргэдэд үйлчлэх учиртай төрийн гол чиг үүргийг хөсөрдүүлж, эдийн засгийн цусны эргэлтийг гацааж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг үргээж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна. Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрхзүйн зохицуулалт хийнэ. Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулан шинэчлэх ёстой” хэмээсэн юм.

2022 оныг монголчууд  “Манай улс авлигатайгаа хэрхэн  тэмцэх юм бол” гэсэн хүлээлттэйгээр угтана. Тэр зураг хараахан гараагүй байна. Төлөвлөгөө нь Ерөнхий сайдын ажлын ширээн дотор, нэг бол  сейфэнд нь л байгаа болов уу. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын үед авлигатай тэмцэхэд АНУ-аас тусламж хүсч, оффшорын мөнгийг оруулж ирнэ гэж байв. Гэхдээ хоёр хөршдөө хандаагүй нь сонин. Бас сөрөг хүчнээс сонгогдсон, түүнийг дэвшүүлсэн АН парламентад хүчгүй, ганцаардсан зэрэг нь саад болсон ч биз. Энэ  удаа Засгийн газар, эрх баригч нам авлигатай тэмцэхийг хүсч байгаа  гэдгээрээ онцлог. Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар хойд хөрш бүх салбарт хамтран ажиллана гэдгээ онцоллоо. Хойд хөршийн авлигатай тэмцсэн арга нь   Дотоод хэргийн яамныхаа хувийн аюулгүй байдлын хэлтэст “Авлигын тогтвортой байдлыг шалгах” гэсэн олон улсад  хэрэглэдэг аргыг нэвтрүүлж, В.Путин ДУМ, засгийн газрын гишүүдийнхээ  цалинг  өндөр тогтоож, хариуцлага, хяналтыг өндөржүүлснээр чанга хатуу тэмцэл эхлүүлсэн. Гэхдээ л “Транспаренси Интернэшнл” байгууллагаас 2020 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцуулахад  ОХУ 129 дүгээр байрт жагссан. Энэ нь   “Авлигатай тэмцэх нэгдсэн бодлого, тогтолцоо байхгүй”, “хууль тогтоомжийн холбогдох хэсэгт өөрчлөлт ордог” зэрэгтэй холбоотой болохыг  тус танилцуулгад дурдаж байв.  АНУ-ын тухайд  “Дээд түвшин дэх авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах байдал”, ялангуяа  цар тахалтай тэмцэхэд зориулсан нэг  их наяд ам.долларын зарцуулалтын хяналт сул байсан  зэргийг Транспарэнси онцолсныг шинжээчид  “Засгийн газартаа хариуцлага тооцох, ардчиллыг мөхөөн ухрааж, нийгэмд тайван бус байдал үүсэхэд хүргэжээ” гэж дүгнэсэн байдаг. Урд хөршийн хувьд Хятадын онцлог бүхий авлигатай тэмцэх арга гэж нэрлэгдэх хүртэл дэлхий даяар өндрөө авсан шаталсан дэс дараатай  тэмцлийг  үр дүнтэй  явуулж ирсэн билээ. БНХАУ  1949 онд  анх байгуулагдахдаа л  Үндсэн хуультайгаа зэрэгцүүлэн “БНХАУ-ын авлигын хэргийг шийтгэх журам”-ыг баталж,  авлигатай тэмцэх анхны  системтэй механизмыг  бий болгосон гэдэг. Түүнээс хойш  хөгжлийн бүхий л үе шатанд, тухайн цаг үеийн нөхцөл байдалд  авлигатай тэмцэж ирсний  дотор  2012 онд Ши Жинпинь  авлигыг огтхон ч тэвчихгүй хэмээн мэдэгдсэн юм. Үүгээр зогсохгүй  авлигатай тэмцэх асуудлыг цогцоор нь шийдэх, шийтгэх болон урьдчилан сэргийлэх аргыг  зэрэгцүүлж,  авлигаас хэрхэн  урьдчилан сэргийлэх боловсролыг түгээн дэлгэрүүлэхийн сацуу  соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж,  эрх мэдлийг хянах механизмыг хэрэгжүүлснээр өөрийн онцлогт тохирсон авлигатай тэмцэх арга замыг боловсруулан хэрэгжүүлжээ. Эдийн засгийн хувьд хүчирхэгжиж буй том гүрний хувьд  БНХАУ  2030 он гэхэд  АНУ-ыг гүйцэж түрүүлэн  дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох зорилтыг  дэвшүүлсэн. Үүндээ  хүрэхийн тулд  авлигатай асар том  “дайн” зарласан нь үр дүнтэй хэрэгжиж байгаа ч нөгөө талаас авлигын арга зам ч бас нарийсч байгааг  онцлон дурддаг. Хятад улсын авлигын хүрээ, хязгаарыг сонирхолтой томъёолж байв. Жишээ нь “Бар намнаан” буюу элитийн тансаглал, тухайн хүрээний тансаг хэрэглээ гэж бараг уламжлал болж ирсэн хэвшмэл ойлголт байсан. Тэгвэл “Барын ав”, “Бар намнаан”-аар өндөр албан тушаалтнууд холбогдсон авлигын хэргийг цэгцэлсэн бол “Үнэгний ав”, “Үнэг намнаан”-аар хилээр гарч, өөр улс оронд очсон авлигын гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж,  баривчилж өөрийн  оронд авчран хариуцлага тооцсон. Энэ дотор их төлөв төрийн тушаалын албан хаагчид холбогдсон хэргүүд  байв. “Ялааны ав” –д ихэвчлэн  бага гарынхан, бизнесийнхэн, дээр өгүүлсэн  “Бар”, “Үнэг”-нүүдийн гар хөл бологчид холбогдсон авлигын гэмт хэргүүдийг шалгаж, хариуцлага тооцож иржээ. Манай улс авлигатай тэмцэхийн тулд магадгүй урд хөршөөс суралцаж, нэвтрүүлбэл илүү даацтай, бас үр дүнтэй тэмцэл болж мэдэх юм. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт  хийгээд намын их хурлаасаа  дэвшүүлсэн  зорилтын тухай  МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ХХХ их хурлын үеэр  “Авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой асуудлаар МАН дүрэмдээ шинэчлэл хийлээ.  Сахилга хариуцлагыг дээшлүүлэх үүднээс  намын дүрэмд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдэд хэрхэн хариуцлага тооцох талаар тусгасан. Үүнд,  МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол намын гишүүнээс түдгэлзэнэ. Авлига албан тушаалын хэрэгт холбогдоод шүүхийн шийдвэрээр ял авсан бол намын гишүүнээс хасагдсанд тооцно” гэж мэдэгдсэн. Ямартай ч парламентад олонхи  нам, эрх баригчид  хүсч буй учир Монгол Улс ирэх онд авлигатай хатуу тэмцэнэ. Хэрхэн яаж гэдэг нь удахгүй тодорхой болж, ирэх оноос хэрэгжиж эхлэх  биз ээ.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Н.Учрал: Эрх баригч нам  гурван институцын түвшинд хамтарч ажиллах шаардлагатай

 

Авлигатай тэмцэхээ мэдэгдсэн эрх баригч намын хувьд МАН дүрэмдээ болон цаашлаад төрийн албанд ямар өөрчлөлт хийх тухайд УИХ-ын гишүүн Н.Учралаас тодруулсан юм.

-Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүддээ хариуцлага тооцно гэж эрх баригч МАН мэдэгдлээ. Үүн дээр нэмээд хариуцлагын өөр ямар асуудлуудад анхаарах бол?

-Төрийн эрх барьж байгаа намын хувьд гурван институцын түвшинд хамтарч ажиллах зайлшгүй шаардлага бий. Зөв цаг үед намын ХХХ их хурал зохион байгуулагдсан. Цахим засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх, авлигагүй ил тод нийгмийг бий болгохын тулд  нам өөрөө авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцдог, ёс зүйн асуудлыг ярьдаг, намын их хурлынхаа түвшинд ч хууль эрх зүйн асуудлуудыг анхаарна гэдгээ мэдэгдэж, дүрэмдээ тусгаж өгсөн. Үүн дээр МАН-ын Хяналтын хороо зарим асуудлыг нэмж байгаа. Авлига, ашиг сонирхлын илт зөрчилтэй байгаа тохиолдолд тухайн намын гишүүн өөрөө  Хяналтын хороонд  түдгэлзэх хүсэлтээ ирүүлнэ. Тэр чинь өөрийнх нь ёс зүйн асуудал шүү дээ. Түүнийг нь хяналтын хороо хүлээж авч түдгэлзүүлнэ. Буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцно, ямар нэгэн нийтийн албанд ажиллах болон сонгох, сонгогдох албаны ажлыг зогсооно.

-Улс төрийн нам өөрөө хүний нөөцийг бүрдүүлдэг. Төрийн эрх барилаа гэхэд гишүүд нь томилгоогоор очиж байгаа шүү дээ. Тэгэхээр төрийн албанд ямар шинэчлэл хийх бол,  гол нь авлигын асуудлыг цэгцлэхийн тулд?

-Тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардлага бий. Жишээ нь салбартаа мэргэшээгүй хүнийг тавьснаар нам дагасан залуус, цүнх баригч гэх асуудал гардаг, энэ байдлыг зогсоох ёстой. Намын томилгоо хийдэг нь үнэн. Тэдгээр хүмүүс яагаад алдаа гаргадаг вэ гэвэл өөрийн мэргэшсэн албанд бус өөр салбарт томилогдоод байгаа асуудал байдаг. Тэгэхээр намын түвшинд мэдээлэл, судалгааны ажлыг цэгцлэх, хүний нөөцийг судлах, бүрдүүлэхэд анхаарах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.23 ПҮРЭВ № 252 (6729)