С.УЯНГА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад улсад хийж буй анхны айлчлалаа хойд хөршөөс эхлэв. Гурван өдрийн хөтөлбөрийнхөө хоёр дахь өдөр нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай Москва хотноо хэлэлцээ хийж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргасан юм. Мөн төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэл хийлээ. Хамтарсан тунхаглал нь 2019 онд гарын үсэг зурсан хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хөгжүүлэхэд чиглэсэн. Хоёр улсын худалдаа, олон салбарыг хамарсан Засгийн газар хоорондын болон яам, агентлаг хоорондын баримт бичгүүдийг боловсруулж гарын үсэг зуржээ. Тунхаглалд талууд НҮБ, АСЕМ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, АСЕАН-ы Бүс нутгийн чуулга (АРФ), ШХАБ зэрэг олон улсын байгууллага, механизмын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцоныг дурджээ. Түүнчлэн айлчлалын хүрээнд Монгол, Оросын хилийн “Боршоо-Хандгайт” боомтыг олон улсын зэрэглэлд шилжүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг мэдээлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр орны харилцааны түүхт 100 жилээ дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, ирж буй шинэ зууны харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхойлсон түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна. Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны квотыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд талархаж байна. Хоёр тал НҮБ, АСЕМ, ШХАБ зэрэг байгууллагын хүрээнд цаашид ч нягт хамтран ажиллахаа нотоллоо. Хилийн боомт, гааль, оюуны өмч, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж байна” гэсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдлийн үеэр “Хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа маань дээр үеийн үүх түүхтэй. Бидний дипломат харилцаа албан ёсоор тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс байсан гэдгийг онцлон хэлье. Тэртээх үеэс Орос, Монголын хамтын ажиллагаа бэхжиж, бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан хөгжиж ирсэн. ОХУ бол Монгол Улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг. Коронавируст цар тахлын амаргүй нөхцөлийг үл харгалзан, энэ оны есдүгээр сарын байдлаар манай худалдааны эргэлт 24 хувиар нэмэгдсэн. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс үр дүнтэй ажиллаж байна. Энэ оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо болж өнгөрсөн комиссын ээлжит хуралдаанаар дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, цахим технологи зэрэг салбарын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөг гаргасан. “Улаанбаатар төмөр зам” бол хоёр улсын хамтарсан гол чухал, амжилттай хөгжиж буй арилжааны том төсөл юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр талын ачаа тээвэрлэлт 15 сая тонноос 30 сая тонн болон өсөж, хоёр дахин нэмэгдсэн.
Сүүлийн жилүүдэд төмөр замыг шинэчлэх, өргөтгөх, “Улаанбаатар төмөр зам”-ын тогтвортой байдлыг хангах талаарх ажил ОХУ-ын дэмжлэгтэйгээр хийгдсэн. Оросын Холбооны Улс нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Оросын эрчим хүчний компаниуд Монгол Улстай хамтран ажиллах, тэр дундаа Монголын шатах, тослох материалын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд “Роснефть” компани Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно. Ажил амжилттай урагшилж байгаа. Энэхүү хоолой нь Оросын “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох боломжтой. Хамгийн оновчтой чиглэл, уртыг нь тодорхойлоод байна” гэдгийг онцолжээ.
Уулзалтаар Цөмийн шинжлэх ухааны төв байгуулж, судалгаа хийх, Орос, Монгол хоёр улс цаашид байгаль орчныг хамгаалах чиглэлд чухал төслийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Тухайлбал, ЮНЕСКО-гийн өв хэмээн бүртгэгдсэн Байгал, Тарь нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалахад хамтран ажиллах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.20 ДАВАА № 248, 249 (6725, 6726)