Ч.ОЛДОХ

 

Гэмт этгээдийн үйлдлээс болж хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог. Ийм хүнийг хохирогч гэж хуулиар тодорхойлжээ. Гэтэл хохирчихоод байхад хохирогч биш болгодог прокурорууд Монголд олширчээ. Ийм жишээ олон юм. Олон нийтэд хамгийн их хүрсэн тодорхой жишээ бол  гадаадын хөрөнгө оруулалт бүхий “Интер-орд” компанийн ерөнхий захирал Фан Жин Лин нэг тэрбум төгрөгийн хохирол амсч, 2019 онд цагдаад гомдол гаргахад одоо болтол хохирогчоор тогтоохгүй, хавтаст  хэрэг нээсэн нэртэй  болохоос хэнийг ч яллагдагчаар таталгүй хэрэг  дарчихаад хэнэг ч үгүй “Эрүүгийн хэрэгт Фан Жин Линийг хохирогчоор тогтоогоогүй байна...” гэсэн хариуг Сүхбаатар дүүргийн прокуророос 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 5/414 тоотоор хохирогч талд өгсөн баримт хэмээн өмгөөлөгч нь  өнгөрсөн хавар өгүүлж байсан билээ. Энэ хэргийг шуурхай шийдвэрлэх үүргийг Улсын ерөнхий прокуророос дүүргийн прокурорт өгсөн хэдий ч хариуг нь өгөхдөө өмнө өгсөн 5/414 тоот бичгээ хуулаад хохирогч талд өгсөн гэх асуудал яригдаж байв. Энэ хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар шалгаж, прокурор хяналт тавьж буй юм байна. Хэргийг яагаад удааж байна вэ гэхээр прокурорууд бусдын нөлөөнд автсанаас хэргийг хэрэгсэхгүй болгох зорилгоор хав дарж, “шалгаж байна” гэсэн ганц үгээр хохирогчийн амыг таглаж, гомдол гаргахаар нь “Та хохирогчоор тогтоогдоогүй байна” нэгэнт хохирогч биш тул байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхгүй хэмээн доромжилж, эсвэл үл ойшоон хуулийг гууль болгон дураар аашилдаг байдлаар ажилладаг аж.

Хэргийг будилуулж, хэрэгтэнг хаацайлдаг “Шударга бусын хонгил” үүссэн асуудлаар Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа нөхөр Г.Буяндоржийн хамт өнгөрсөн намар улсын прокурорын өмнө суулт хийсэн нь ийм шалтгаантай байлаа. Энэ үйл явдалтай холбогдуулан Улсын прокуророос шалгалтын ажлын хэсэг байгуулж, 200 гаруй хэрэг удаан хугацаанд шалгагдаж байна гэдгийг хэвлэл, мэдээллээр олон нийтэд зарласан. Эдгээр хэргүүдийн цаана олон хохирогч байгаа нь ойлгомжтой. Үүн дээр нэмээд тэд  сэтгэл санаа, эд хөрөнгө, ажил төрөл, эрүүл мэндээр улам  хохирсоор  байгаа нь харамсалтай.

Хохирогчийг хохироодог “Хонгил” байгааг олон хүн хэлсээр ирсэн. Практикаар бараг батлагдчихсан зүйл. Тэгвэл хохирогчийг хохироодог прокурорын арга нь яг юу вэ. Үүнийг хөөгөөд үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн хоёрт заасан “хэрэг бүртгэлтийн нийт хугацаа Эрүүгийн хуулийн 1-10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдана” гэсэн хуулийн заалт юм. Уг нь хэрэг бүртгэлт бол гэмт хэргийг илрүүлэх, үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл хугацаанд явагдах  мөрдөн  байцаалтын үйл  ажиллагаа юм. Гэтэл гэмт  хэрэг үйлдсэн хүнийг нь хохирогчийн зүгээс нэр ус, хаяг байршилтай нь олоод өгчихсөн, ямар хэрэг хийж, хэнийг хэрхэн яаж хохироосныг баримтаар нотлоод өгсөн байхад хохирогчоор тогтоохгүй, эрүүгийн хэрэг үүсгэхгүй, гэмт этгээдийг яллагдагчаар татахгүй  гэрчээр  байцаагаад, дураар нь байлгаад байдаг прокурорын ажлыг “Шударга бусын хонгил” гэж үзэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй юм.

Яллагдагчийг хамгаалдаг  улсын яллагчийн энэ мэт булхай нь авлига авах нөхцөл бүрдүүлж, гэмт этгээд гэрч  тул үйлдлээ цааш үргэлжлүүлэх, хохирогч дахин хохироход хүргэж байна бус уу? Энэ асуудлыг хөндөж бичихээр мэдээж үүнийгээ  нотол гэж  баримт шаардах байх л даа. Нотолгоог хэдхэн тоогоор хариулт болгоё. Жишээ нь, прокурорын байгууллагаас 2021 оны III улиралд хийсэн ажлаа саяхан олон нийтэд тайлагнасан. Түүнийг харж байхад 50651 мэдээлэл, гомдол прокурорт иржээ. Түүнээс 48.4 хувийг хэрэг бүртгэлт нээхээс татгалзсан байгаа юм. Тэгээд 31.1 хувьд нь хэрэг бүртгэлт нээж, үүнийхээ 11.2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдчаар татаж шалгасан гэжээ. Энэ тоон үзүүлэлтээс харахад 50651 хүний  гаргасан гомдлын 11.2 хувьд л эрүүгийн хэрэг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, 50651 хохирсон хүний 40.000 гаруй хүн хохирсон хэрнээ хохирогч биш болж, дээр өгүүлсэнчлэн “Хохирсон бол хохь чинь” гэдэг   прокурорын ажлын хохирогч болжээ.

Манай улс авлигын эсрэг конвенцид   нэгдэн орж,   2006 оны үед Авлигын эсрэг хууль  гаргаж, авлигатай тэмцэх тусгайлсан байгууллага АТГ-ыг 2007 онд байгуулсан. Хуулиа хэрэгжүүлэх шатанд бусад улс орны  л адил авлигатай тэмцэх ажлыг  хийж ирсэн. Авлигын эсрэг индексээр улс орнуудыг жагсаахад  манай   улс 78, заримдаа  120 руу  бичигддэг. Хэдхэн өдрийн өмнө Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиож, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байгааг дурдсанаас үзэхэд 2007-2016 он хүртэл 200 гаруй хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд 1500 хэрэг шалгаж, энэ онд л гэхэд 96 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлого болгосон гэж мэдээлсэн. Прокурорын шатанд дараатай байгаа хавтаст  хэргүүд, хохирогчдын судалгаан дээр ажиллавал нэмж хэчнээн авлигын хэрэг бүртгэгдэх байсан бол гэж бодогдоно.

Гүйцэтгэх засаглалын  тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоос зургаан сарын өмнө “Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг илүү  сайжруулна” гэж мэдэгдэж байсан. Сая намынхаа  ХХХ Их хурлын индрээс авлигатай тэмцэх ажлыг улам эрчимжүүлэхээ амласан. Мөн тэрбээр “Би Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх. Монгол Улс авлигын индексээр 111-т жагсаж байна. Энэ маш муу үзүүлэлт. Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Учир нь, өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэлдэж бий болсон манай нийгмийн соёл, хөрсөөр төрийн үйлчилгээний хүнд суртлын асуудалтай бид нүүр тулж байна. Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд авлига, албан тушаалтай холбоотой 1196 гомдол, мэдээлэл ирснээс 741 нь шалгагдаж, 142 холбогдогчтой 85 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Үндэсний хороо байгуулагдсанаас хойш ийм олон хэрэг гарсан нь харамсалтай. Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийг нь ил тод болгохоор ажиллаж байна. Авлига албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Ийм төрлийн хэргээр ял эдэлбэл цаашид төрд ажиллах эрхгүй байх зохицуулалтыг хуульд тусгана” хэмээсэн. Тэгвэл Ерөнхий сайдад дуулгахад гэмт хэрэгтэнг гэрч болгож, хохирсон хүнийг хохирогч биш гэдэг прокурорын хууль зөрчсөн арга, ажиллагааг цаашид таслан зогсоож, тэдний авлигын арга  болсон хуудуутай хуулиа Монгол Улс өөрчлөх цаг нэгэнт болжээ гэдгийг хэлэх байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.16 ПҮРЭВ № 246 (6723)