МАН-ын 30 дугаар их хуралд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийг толилуулж байна.

 

МАН-ын 30 дахь Их хурлын хүндэт төлөөлөгчид та бүхний амар амгаланг эрэн мэндчилье. Хурлыг зохион байгуулж, удирдаж буй хүмүүст талархал илэрхийлье.

Ковидтой тэмцэж байгаа хүнд хэцүү үед Их хурлаа хийж байна. Тийм ч учраас цар тахлын аюултай нүүр тулан тэмцэж байгаа, ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа бүх хүмүүст, ялангуяа эмч сувилагч, онцгой байдал, цагдаагийн алба хаагчдад энэ хурлын индрээс гүн талархал илэрхийлж байна. Мөн цар тахлын үед амьдралаа залгуулж байгаа, амьдралынхаа төлөө тэмцэж байгаа нийт монголчууддаа ард түмэндээ гүн талархал илэрхийлье.

Монголчууд аугаа ард түмэн. Бид нүүдэлчид. Нүүдэлчдийн нэг онцлог бол аливаа тулгамдсан асуудлыг боломж, амжилт болгон хувиргаж чаддаг тийм л  онцгой ард түмэн. Тиймээс аугаа ард түмэндээ энэхүү хүндтэй индэр дээрээс талархал илэрхийлж байна.

Аугаа ард түмэн аугаа түүхийг бүтээдэг. Түүх бүрэн бүтэн байж аугаа түүх болдог. Энэ их хурал, МАН, МАХН үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд болж байна. 100 жил гэдэг бол аугаа түүх, агуу цаг хугацаа. Энэ түүх,  цаг хугацааны өмнө хэн ч томрох, хэн ч бардамнах эрхгүй. Бүгдээрээ түүх бүтээлцсэн ахмадууддаа, бүх үеийнхэнд өнөөдрийн саруул танхимд цугларсан бүх хүмүүст гүн хүндэтгэлээ илэрхийлэх ёстой гэж бодож байгаа учраас 100 жилдээ мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлэхийг урьж байна. 

Монголын 100 жилийн түүхийг бүтээсэн МАН, МАХН-ынхаа ахмад, залуу, дунд гурван үеийнхэндээ, энэ аугаа түүхийг бүтээсэн ард түмэндээ мэхийн ёсолъё. Аугаа түүхийг бүтээхэд эв нэгдэл хэрэгтэй. 100 жилийн босгон дээр нэг үзэл баримтлалтай, ижил түүхтэй хоёр нам эвлэлдэн нэгдсэн нь түүхэн чухал үйл явдал боллоо. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлд, бусад үг хэлсэн хүмүүсийн илтгэлд түүхэн үйл явдлыг тэмдэглэснийг талархан хүлээж авч байна. Одоо ингээд  нам бүтэн болсон. Бүтэн болсон учраас бүтэн түүхээ улам цаашаа үргэлжлүүлэх бололцоо нээгдсэн гэж үзэж байна.

Хоёр намын нэгдэл бол эв нэгдлийн үлгэрлэл боллоо. Эв нэгдэлтэй байж чадна  гэдгээ харуулсан том үйл явдал болсныг хэлэх нь зүйтэй. Гэхдээ аугаа түүх  алдаа оноо аль алиныг нь багтаадаг. Харамсалтай нь зарим хүн аугаа түүх үргэлж сайн мэт боддог. Гэтэл үгүй юм. Тэгвэл бидний оноо юу юм гэвэл тусгаар тогтнолоо олж чадсан. Бидний алдаа бол хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүй. Тийм учраас аугаа түүхийг бүтээж байгаа намын хувьд, агуу түүхийг бүтээж толгойлж байгаа хүний хувьд  МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгэлийн тэнхээ гаргаж ололт амжилтаа онцлон тэмдэглэхийн хажуугаар алдаа гаргасныхаа төлөө өөрөө биш ч гэсэн түүхэн цаг хугацаанд бид энэ алдааг зогсоож чадаагүйнхээ төлөө уучлалт гуйсан нь ёс суртахуун, үлгэрлэлийн том алхам гэж харж байна. Уучлал гуйна гэдэг дахиад алдаа гаргахгүй гэсэн баталгааг МАН авч байна гэж ойлгож байгаа. Уучлал гуйхаас гадна бусдыг уучилна гэдэг их агуу зүйл. Энэ жишгээр МАН, МАХН бусдыг уучилж ирсэн. Бусдыг уучлахын цаана эв нэгдэл, бүтээлч хөдөлмөр, хамтын ажиллагаа байдаг. Тиймээс уучлал гуйж, бусдыг уучилж, аугаа түүхийг бүтээж чаддаг нам гэдгээ өнөөдөр энэ танхимд дахин ярьж байгаа нь сайхан байна. Гэхдээ алдааг янз янзаар тодорхойлж болдог. Хамгийн том алдаа бол хойшлуулах, хойш суух, тодорхойгүй байх юм. Хойшлуулсан алдааг засч болдоггүй. Тэгэхээр та, бид хойшлуулахгүйн тулд өнөөдөр энд хуралдаж, хойш  тавьж болохгүй ажлуудыг энэ зааланд ярилаа. Энэ танхимд ярьсан шийдсэн бүхнээ маргаашнаас эхлээд шууд гардан хийнэ шүү гэдгээ бие биедээ дахин сануулъя.

МАН, МАХН хэзээ ч хариуцлагаас зугтаж байгаагүй. Үе үеийн удирдагчид, гишүүд, төлөөлөгчид өөрсдийн хийх ёстойгоо биелүүлж ирсэн учраас МАН-ын түүхийн амьд холбоо үргэлжилсэн хэвээр байна. Би МАХН-ын даргаар ажиллаж байхдаа ганцаараа биш та бүхэнтэйгээ хамтарч их өрийг тэглэж байсан. Мянганы замыг тавьж байлаа. Энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголын цэргийг оруулах шийдвэрийг гаргуулсан. Үдийн цай хөтөлбөрийг эхлүүлж, газар хувьчлалыг хамтдаа хийсэн шүү дээ. Энэ бол та бидний ажлаа хойшлуулдаггүй, цаг хугацаатай уралдаж ажилладагийн үр дүн юм. Энэ бүх зүйлийг хийхэд та бүхэн ч бас манлайлагчид байсан. Манлайлагчид л үүнийг хийж чаддаг. Бид  багаараа хийсэн учраас том амжилтад хүрч чадсан. 

Тэгвэл өнөөдрийн МАН-ын манлайлал, багийн хийх ажил юу юм бэ. Хүний эрх, эрх чөлөөг баттай хангах. Монголчууд дэндүү цөөхөн. Гурван сая хүний эрхийг хангана гэдэг  МАН-ын хийж чадах, хийх ёстой ажил гэж үзэж байна. Тийм учраас МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн уучлалт гуйсан нь зүгээр нэг хурал дээр хэлсэн үг биш. Уучлалт гуйсны цаана хүний эрх, эрх чөлөөг хангах баталгаа бий гэж үзэж байна.

Хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд авлигатай тэмцэх том зорилтыг дэвшүүлсэн байна. Авлига яагаад гараад байгааг бид ойлгох ёстой. Шинжлэх ухааны  үндэслэл нь юу вэ гэдгийг бодох ёстой. Харамсалтай нь өнөөдөр Монголд зөвшөөрлийн улс төр, эдийн засгийн тогтолцоо тогтжээ. Хэт олон зөвшөөрөл дээр тулгуурласан, дулдуйдсан эдийн засаг дээр тогтсон учраас, зөвшөөрлийн цаана хүний эрх зөрчигдөж, авлига цэцэглэж, шударга бус явдал гаарч байна. Үүнтэй тэмцэхийн тулд эдийн засгийн тоггтолцоогоо зөв болгох ёстой. Одоогийн улс төр, нийгэм эдийн засгийн гаж тогтолцоог  засаж залруулах ёстой. Намын даргын илтгэлд, Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэнд гаж тогтолцоогоо засах аргыг зөв олж томьёолсон байна. Өөрөөр хэлбэл, гаж тогтолцоогоо засахын тулд сонгодог парламентын тогтолцоотой больё. Энэ нь хүчтэй нам, хүчтэй удирдагч, хүчтэй бодлого, цаг хугацаатай уралдсан үйл ажиллагаа гэсэн үг юм. Сонгодог парламент бол багаараа тоглох зарчим. Сонгодог парламентын цаана ард түмний сонголт их юм шүү гэдэг зарчим байгаа юм. Ийм учраас сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, төлөвшүүлэх талаар гаргаж байгаа шийдвэрийг 100 хувь дэмжиж байна.

Социал демократ үзлээ хүлээж авч МАН-ын үзэл баримтлал их тодорхой боллоо. Энэ бол залуучуудын хамгийн дуртай үзэл. Яагаад гэвэл социал демократ үзэлд  боловсрол олгоно, бүх нийтийг эрүүл саруул байлгана, гэр бүлийг орон сууцтай болгоно, байгалийн баялгаа ижил тэгш хүртэнэ гэсэн нь залуучуудад, нийт ард түмэнд таалагдсан тодорхой зорилго байдаг. Тийм учраас социал демократ үзлээ намынхаа мөрийн хөтөлбөрт суулгаж, үүнийгээ баталж байгаа нь  та бүхэн маань залуучуудын нам болсон шүү гэдгийг зарлан тунхаглая.

Монголчууд, Монгол Улс нэг талаараа дэлхийд адилхан олон зүйлийг хөрсөн дээрээ буулган амьдарч байна. Бид хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх тухайгаа ярьж байна. Бид социал демократ үзэлтэй болсныгоо тунхаглан зарлаж байна. Монголчууд яагаад амжилттай байсан тухай нэгэн ухаантай хүн “Та бүхэн нээлттэй, бусадтай адилхан байхаасаа айгаагүй учраас ингэж амжилтад хүрсэн” гэж хэлж байсныг санаж байна. Зожгирол бол ганцаардал. Ганцаардал бол хоцрогдол. Хоцрогдол бол мөхөл гэдгийг тэр хүн бас хэлж байсныг санаж байна. Тэгвэл аврал юу юм бэ. Аврал бол хөгжил. Хамт олноороо байх явдал юм.

Л.Оюун-Эрдэнэ даргын үгэнд олон давтагдсан үгийг сануулъя гэж бодож байна. Монголчууд бусадтай адилхан ч бас өөр. Юугаараа өөр юм бэ. Монголчууд “За” гэж хэлсэн бол үүнийгээ андгай гэж үздэг. Эзэн Чингисийн үеэс “За” гэснийгээ андгай гэж үздэгээрээ бид өөр гэж хэлбэл зөв болно. Ирэх жил эзэн Чингисийнхээ 860 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Эзэн Чингисийн 1220 онд гаргасан зарлигаар Монгол Улсын нийслэл, тэр үеийн эзэнт гүрний нийслэл Хар хорин хотоо улсын чанартай, нийслэлийн чанартай хот болгоно гэж зарлаж байгаа нь зөвхөн 100 жилээр түүхээ бодох биш 860 жилээр, мянга мянган жилээр боддог нам юм гэдгээ  бас батлан харууллаа.

МАН эзэн Чингисийн үед “За бол андгай” гэж хэлж байсан зарчмынхаа дагуу ам ба ажлын нэгдлээр амжилтад хүрнэ. Ам ба ажлын нэгдлээр шударга ёсыг тогтооно, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалж чадна. Ам ба ажлын нэгдлээр авлигатай тууштай тэмцэж чадна.

Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарын илтгэлд нэгэн сайхан үг гарсныг энд эшлэе. Шударга ёс тогтсон цагт эв нэгдэл бат бэх байдаг. Эв нэгдэл бат бэх байгаа цагт эрч хүчтэй байдаг гэсэн сайхан үгийг хэллээ. Тийм учраас бүгдээрээ эв нэгдэлтэй, шударга, эрч хүчтэй байж цаг хугацаатай уралдъя. Энд сууж байгаа та бүхэн маань нутагтаа очоод намынхаа их хурлын шийдвэрийг  хэрэгжүүлэх ажилд манлайлаарай. Бусдаа байлдан дагуулаарай. Та бүхэн манлайлагчид, манлайлагч заавал ялагч байдаг. Та бүхэн манлайлж,  ялж байж дахиад МАН сонгуульд ялна. Ингээд энэ хуралд оролцсон та бүхэнтэйгээ, заримтай нь олон жил хамтран ажиллаж байсан, зарим нь сайхан шинэ залуучууд байна. Бид Монголоо дахиад 100 жил, хөгжлийн болон эдийн засгийн тусгаар тогтнолыг авч ирж чадна гэдгээр зориглож өөрсдийнхөө зүрхийг чангалж, нутагтаа буцаж энэ ажлыг хэрэгжүүлж амжилт байгуулахыг хүсэн ерөөе.

МАН, МАХН мандтугай, Монгол Улс, Монголын ард түмэн мандтугай. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.13 ДАВАА № 243 (6720)