Б.ДАМДИН-ОЧИР
Махнаасаа бусдыг гаднаас зөөж авчраад идэж, хэрэглэдэг манай Монгол чинь хараатын цаадах хараат эдийн засагтай улс шүү дээ. Бултаараа мэднэ.
Эрх баригч Ардын намын дарга болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч сая намынхаа Их хурал дээр “...Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хичнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудын дотоод шаналал, сорилт байсаар ирсэн нь нууц биш ээ. Харин энэ удаа улс даяараа, ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсний дохио биз ээ. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна” гэлээ.
Тиймээс Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлого хийсэн гэв. Түүнийгээ танилцуулав.
Шинэ сэргэлтийн бодлого нь ойрын 10 жилд зайлшгүй хэрэгжих шаардлагатай, цар тахлын эдийн засгийг богино хугацаанд сэргээх зорилтот хөтөлбөр гэж байна. Тэгээд энэ хүрээнд “...Боомтоо сэргээнэ”, “...Эрчим хүчийг сэргээнэ”, “...Аж үйлдвэржилтийн сэргээнэ”, “...Хот, хөдөөг сэргээнэ”, “...Ногоон хөгжлийг сэргээнэ”, “...Төрийн бүтээмжийг сэргээнэ” гэлээ.
Энэ бодлого нь цэвэр эдийн засгийн асуудал аж. Улстөржүүлээд байх хий, завсар ч алга. Хэрэгжвэл Монголын эрх ашгийг хангах учраас тэр.
Харин Л.Оюун-Эрдэнийн танилцуулгын явцад хэлсэн “...1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч,гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм” гэсэн үг содон сонсогдов.
Үнэхээр ч 90 гаруй жилийн тэртээ Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар нарын үед гарсан Шинэ эргэлтийн бодлого тэр үеийнхээ хамгийн том акц байсан юм. “...Баяжигтун” лоозонг дэвшүүлсэн. Хувийн аж ахуйг хөгжүүлэх, шашин сүсэг бишрэлд чөлөөтэй хандах ёстой гэсэн үзэл байв. Тухайлбал, малыг малчдад нь буцааж өгсөн. Үр дүнд нь 1930-аад оны сүүлчээр малын тоо 40 сая гаруй болж өссөн гэдэг. Түүхчдийн бичсэн “...П.Гэндэнгийн гүйцэтгэсэн үйл ажиллагаа нь улс орондоо учирсан эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэгдсэн. Зах зээлийн өрсөлдөөний зарчмыг дэмжин ард олны аж амьдралыг дээшлүүлэх замаар улс орноо хөгжүүлж, улмаар тус улс дахь ЗХУ-ын хөрөнгийн оролцоотойгоор худалдаа, аж үйлдвэрийн байгууллагуудыг Монголын мэдэлд шилжүүлэн, ЗХУ-д төлөх өрийг хүчингүй болгуулж, хоёр орны эдийн засгийн харилцаанд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан Монголын эдийн засгийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангуулахад оршиж байв” гэсэн дүгнэлт бий.
Ер нь бол П.Гэндэнгийн тухайд Шинэ эргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ өөрийн гэсэн бодлого, байр суурийг баримтлах болсон учраас хэлмэгдсэн байдаг. Өдгөө домог болсон олон тэмдэглэл түүхчдэд байдаг.
П.Гэндэн Монголын төрд зүтгэсэн 12 жилийнхээ хугацаанд И.Сталинтай 11 удаа уулзжээ. Тухайлбал, 1934 оны арваннэгдүгээр сарын 24-нд Москвад оройн зоог барьсан байгаа юм. Зоог дээр бие биеийнхээ эрүүл мэнд болон улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжлийн төлөө хундага өргөжээ.
Тэр үеэр П.Гэндэн “...100 мянган рублийг тооцооноос хасаж, ЗХУ-д төлөх Монголын өрийг устгахыг санаачлагч, угсаа нэгтэн бөгөөд Шинэ эргэлтийн бодлогыг үндэслэгч Ж.З.Элиавагийн төлөө” гээд хундагатайгаа тогтоожээ. Тэгмэгц И.Сталин инээмсэглэж “...Чингис хааны цэргийн жанжин Зэв Гүрж нутгаар өнгөрөхдөө айлд буугаад мордсоноос хойш үлдсэн Элиава гэдэг овог бол одоо Элиавдун болжээ. Гэндэн Чингис хаан болохыг хүсэж байна. Тэр Чингисийн гөлөг” хэмээсэн байгаа юм. Үүнийг П.Гэндэн дуугүй өнгөрөөгөөгүй бөгөөд “...Гүрж Сталин Оросын хаан болж байхад, Монгол Гэндэн яагаад Монголын хаан болж болдоггүй юм” гэж хэлсэн гэдэг. Энэ үг хамт байсан хүмүүсийн дурсамж ярианд л яригддаг болохоос биш, албан ёсны уулзалтын протоколд үлдээгүйг түүхчид сурвалждаа тэмдэглэжээ. Чухам тэр үеэс П.Гэндэн зан ааш, үзэл санаагаа И.Сталинд ойлгуулсан гэдэг. Хэлмэгдэх шалтгаанаа “хэлж өгсөн” гэсэн үг.
Тэр ч байтугай И.Сталиныг алгадсан, гаансыг нь авч чулуудсан тухай Т.Лхагваа “Сталиныг алгадсан хүн” номдоо бичсэн байдаг.
И.Сталинд “...Чингисийн гөлөг” гэж хэлүүлснээсээ жилийн дараа П.Гэндэн дахин Москвад очиж 1935 оны арванхоёрдугаар сарын 30-нд Кремльд И. Сталин, В. М. Молотов, К. Ворошилов нартай уулзжээ. Тэр уулзалт дээр И.Сталин “...Ер нь П.Гэндэнгийн Засгийн газар лам нартай тэмцэл хийхгүй, бүр тэднийг хөхиүлэн сайшааж байгаа” хэмээн зэмлэсэн. П.Гэндэнд хандаж “...Та лам нарыг гомдоохгүйгээр Үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахыг хүсэж байна уу” гэж асуугаад “...Тэр лав нийцэшгүй зүйл, лам нарын эрх ашгийг зөрчихгүйгээр үндэсний эрх ашгийг хамгаалж болохгүй” гэж өөрөө хариулсан тухай доктор Д.Хоролдамбын судалгааны өгүүлэлд байна.
Энэ бүгдийг олж аваад, увуулж цувуулж нуршсан нь учиртай юм. Юу гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлогыг тухайн үеийн Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар, бас Ардын намын анхны дарга С.Данзан нарын үзэл баримтлалтай “агаар нэг, адилхан” гэж шуудхан хэлэв. Бас үүнийгээ нотлох олон үг, өгүүлбэр, утга санааг “бодлого”-доо багтаажээ. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг, үйлдэл нь И.Сталиныхаар бол “...Чингисийн гөлөг” гэгдэхээр болж буй бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.10 БААСАН № 242 (6719)