Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Дуу хуурын өлгий гэгддэг Дундговь аймаг Монголын соёл түүхийн хосгүй дурсгалуудын үүцийг тээсэн нутаг юм. Орон нутгийг судлах музей нь барилгаасаа өгсүүлээд   хосгүй нууцын сэжүүрээс  дэлгэсэн, зарим талаар мөнөөх нууцын чинад руу хөтлөх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Монголын музейн түүхэнд анх удаа музейн зориулалтын барилга бариулж байсан Жамсрангийн Сугар хэмээн эрхэм Дундговийн музейг анх байгуулж, амьтдын чихмэл, үзмэрийг орон нутагт анх удаа хийлгэсэн түүхтэй. Хүрэл зэвсгийн үеийн цуглуулгыг бий болгохдоо сурагчдад  зуны даалгавар өгч бүрдүүлсэн гэдэг. Тэрбээр хөдөөгүүр  морин тэрэгтэй хэдэн сараар явж, хээр хөдөө хонон өнжин зүтгэж байж хүрлийн  олдворуудыг  цуглуулдаг байсан учраас сахал үсэндээ баригдсан түүнээс хүмүүс  айж эмээж, таарсан нэгэн зугтаж байсан  тухай яриа домог үлдсэн байдаг.  Хамгийн гол нь энэ нутгийнхан  тийм л халуун сэтгэлээр аймгийнхаа музейг байгуулсан түүхтэй ажээ.

Музейн салбарынхан хийгээд, түүхч судлаачид,  найман настнаас эхлээд наян настан хүртэл Дундговийн музей хүрэл зэвсгийн үеийн дурсгалаараа Монголд төдийгүй дэлхийд  алдартайг мэднэ. Түмэнд түгсэн тэр нэр цууд  нь түүнээс ч  дутахгүй гайхамшигтай дурсгалуудын сүр дарагддаг байж мэдэх юм. Тус  музей  4600-гаад үзмэртэй. Түүний  1300 гаруй нь шашны холбогдолтой бол  800 гаруй нь хүрэл зэвсгийн үеийн олдвор дурсгалууд юм. Мөн түүхийн холбогдолтой мянга гаруй, угсаатны зүйн үзмэрүүд гурван мянга гаруй байдаг аж.  Энэ дотор монголчуудын үеийн үед уншиж явах ёстой гэлцдэг Хор Чойнжин буюу Алтан дэвтэр хэмээх шидэт номыг бүтээсэн,  Монголын шашин, түүх, соёлын нэрт зүтгэлтэн, Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулагчдын нэг, их эрдэмтэн   Зава Дамдины номын гэр, эдлэл хэрэглэлтэйгээ байх нь эгээ л саяхан эзэн нь гараад явсан мэт. Мөн түүний  16 боть сүнбүм нь  хадгалагдаж буйн дотор  “Хор Чойнжин” бүтээл нь ч байдаг юм байна. Энэ бүхэн эрдэм шинжилгээний эргэлтэд ороод явж байгаа. Булган аймгийг анхдагчдын нутаг, алдартнуудын өлгий гэлцдэг бол Дундговь аймагт  Монголын маш олон  алдартан  мэндэлсэн байдаг. Монгол Улсын Зууны манлай  уртын дуучин Дорждагва, Норовбанзад нар энэ нутгийнх.  Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, түүхт хүн  Содномбалжирын Буяннэмэхээс   наашлуулаад  Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа, Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр,  Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цэндийн Чимэддорж, Хүүхдийн нэрт зохиолч Самбуугийн Надмид, кино жүжгийн нэрт зохиолч Хоролын Зандрайбайды, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав, До.Чулуунбаатар, МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт яруу найрагч Цэвлээгийн Отгонжаргал нарын  олон зохиолч, яруу найрагч, уран үгийн инжаанууд төрсөн бөгөөд  нэрэмжит булангууд байгуулан зохиол бүтээлүүдийг нь дэлгэжээ. Энэ нутгаас олон авьяаслаг зураач төрсөн байдаг.  Ардын зураач Доржпалам, байгалийн их дууч хэмээгдсэн Төрийн шагналт зураач Цэмбэлдорж нарын  болон Монголдоо хөрөг зургаар алдаршсан Өлзийхутаг, “Зарцын нүүдэл”-ийг зурсан зураач Цэрэндоржийн бүтээлүүд бий. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн,  шог зураач Цэвгийн Байдын  бүтээлүүдийг  эх зургаар нь дэлгэжээ. Төрийн шагналт Ц.Цэгмид нарын Монголын орчин үеийн алдартай зураачдын бүтээлүүд гэхэд зуу гаруй хадгалагдаж байна.

 Дэлхийн нүд, чихийг Монгол руу чангааж, жуулчдын сонирхлыг татаж  буй ЮНЕСКО-гийн дэлхийн соёлд бүртгүүлэх жагсаалтад багтаад буй Дэл уулын хадны зургуудын хуулбарыг музейн танхимаас үзэж болно. Хүн төрөлхтний түүх соёлын их өвийг хадгалсан, он цагийн хувьд МЭӨ III-I мянган жилд хамаарах энэхүү дурсгалт газар нь  Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт оршдог. Хадны зургууд нь тухайн үеийнхээ оршин суугчдын ахуй амьдрал, ертөнцийг үзэх үзлийн агуулгыг гайхамшигтай дүрслэн үзүүлсэн байдаг. Мөн  руни, монгол, хятад, төвд үсгийн бичээсүүд байгаа нь зөвхөн хүрэл төмрийн үеийг төлөөлөхөөс гадна, түүхийн олон үеийн турш хүн иргэншин суурьшсаар ирснийг харуулдаг.

Хүрэл зэвсгийн  үеийн үзмэрүүд нь ангийн зэвнүүд, хутга бий, амьтны дүрстэй, олон марал, чимэг, унжлагууд гээд олон төрөлд хуваагддаг. Амьтны дүрстэй хүрэл дотроос хэдэн мянган жилийн өмнө хийгдсэн гэхэд  хосгүй нарийн  хийц дүрслэл бүхий  уран чамин бүтээлүүд  цөөнгүй. Тухайлбал музейн лого гэхэд  л БНХАУ-ын Өмнөд Монголын Ордост олдсон гэж түүхэнд тэмдэглэгдсэн бугын хөлнөөс чоно барьж байгаа  өндөр нь 15 см, өргөн нь найман см бүхий дүрс юм. Үүнтэй ижилхэн дүрс бүхий тэмээг чоно барьж байгаа хүрэл олдвор ч байдаг аж.

Эцэст нь нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд Монголын музейн салбар, тэр дотроос хөдөө орон нутгийн музейнүүдээс ховор олдворууд, түүхийн дурсгалыг  эхээр нь бүрэн бүтэн хадгалж ирсэн нь гагц  Дундговийн музей юм. Элдэв санаархлыг сөрж, эрсдэлтэй  нөхцөлд ч эрсхэн тэмцэж ирсэн  энэ хүн бол  Дундговь аймгийн музейн захирал, соёл судлалын  магистр Маамын Бямбажав хэмээх бүсгүй гэдгийг нутгийнхан нь хэлж байлаа. Учир нь Дундговийн музейн үзмэрийн хүрлийг  хуурамч гэсэн цуу яриаг  бодлогоор дэгдээх явдал гарч байв. Ардаа эзэн, захиалагчтай ийм хандлага  их төлөв эрдэмтэн судлаачдын зүгээс гардаг нь нууц биш.  Шашин номын том зүтгэлтнүүдийн нэрийг  барьсан эрхмүүд  “Өв хэрэглэлээ авна” гэж зандарч загнах тохиодол гарна. Улс төрийн өндөр албан  тушаалтан зөвлөх, туслахаа яриулж  “Алдартай зураг бүтээлүүдийг хуулбарлаад өгье”  гэхчлэн дүрэмдэнэ.  Тэр бүхэнд төрийн албан хаагчийн чигч шулуун занг  гол шугам болгож, хүмүүсийн шуналын өөдөөс эрсхэн тэмцсэний хүчинд аймгийнхаа музейг бүрэн бүтэн  байлгаж чаджээ. Ийнхүү аймгийнхаа   музейд 38 дахь  жилдээ ажиллаж буй М.Бямбажав   есдүгээр ангийн хүүхэд  байхдаа анх музей үзсэнээр  гүнзгий сэтгэгдэл  төрж,сургуулиа  төгсөөд “Энэ музейд ажиллана” хэмээн  сэтгэл шулууджээ. Жижүүр, үйлчлэгч, нягтлан бодогч,  тайлбарлагч гээд музейдээ хийгээгүй ажил түүнд үгүй. Сантехникийн засварын ажилд  өөрөө гар бие оролцох  үе цөөнгүй. Өдгөө тэрбээр захирлын албыг хашихын зэрэгцээ 2019 онд музейнхээ 70 жилийн ойгоор  “Далан бүтээлч ажил”-ыг хэрэгжүүлснээс эхлэн  “Шилдэг үзмэрийн каталоги”, “Дундговь судлал”-ын хоёр боть,  2018 онд зохиогдсон олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл,  “Хүрэл зэвсгийн үеийн үзмэрүүд”, “Эртний өв:Бага газрын чулуу”, нэрт эрдэмтэн Зава Дамдины тухай хэвлүүлж, монгол бичгээр хадгалагдаж буй  дурсгалуудаа катологижуулан  гадаадын эрдэмтэн судлаачдад зориулан  латин галигтай хэвлүүлсэн. Түвд хэлнээ гарсан номуудаа катологижуулсан гээд оюун соёлын чиглэлд  түүхэн баримт болж үлдэх бүтээлүүдийг хэвлүүлжээ. Өнгөрсөн намар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар  хэрэгжиж буй “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн музей нь цахим музейн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Ингэснээр музей дижитал хэлбэрт шилжиж, тухайн үзмэрийн мэдээллийг нэг дороос шуурхай аваад зогсохгүй орон зай, цаг хугацаагаар аялсан мэт мэдрэмжийг үзэгчдэд өгөх нөхцөл бүрджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.10 БААСАН № 242 (6719)