С.УЯНГА

 

Парламент цахим засаглалын суурь хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хамтарсан байнгын хороонд шилжүүллээ.Тодруулбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг баримтлан УИХ-ын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгэх, санал хураалт явуулахад биометрик мэдээллийг ашиглах, түүнчлэн хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулдаг байх саналыг боловсруулсныг гишүүдийн олонх дэмжлээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн хууль батлагдсанаар төр өөрт буй мэдээллийг иргэнээс дахиж нэхэхгүй. Иргэд байгууллага хооронд бичиг баримт барьж гүйхгүй. Төр өөрт буй мэдээллээ иргэнээс шаардсан тохиолдолд төрийн алба хаагчтай хариуцлага тооцох юм. Мөн иргэний мэдээллийг төрийн алба хаагч зөвшөөрөлгүй харсан бол И-Монголиагаар мэдэгдэл очих буюу иргэн гомдол гаргаж болно. Түүнчлэн улс төрийн намын гишүүдийг мэдээллээс гадна төрийн албаны хүний нөөцийн мэдээлэл ил болох зэргээр нийт 67 мэдээллийг багтааж байна. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу хуулийн этгээд дотоод үйл ажиллагаандаа нийтийн түлхүүрийн дэд бүтэц ашиглах зохицуулалтыг хуулийн төслийн тавдугаар зүйлд шилжүүлэх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн нэр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төсөл болж өөрчлөгдсөнийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.10 БААСАН № 242 (6719)