Б.ОД

Ардчилсан намаас Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан маргааш буюу 12 дугаар сарын 10-ний өдөр тайван жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэ асуудлаар болон Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган”-ы  талаар Ардчилсан намын дарга М.Тулгат, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар мэдээлэл өглөө.

Ардчилсан намын дарга М.Тулгат “Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган”-ийг энэ сарын 4-6-нд зохион байгуулсан. Үндэсний чуулганд нийт 1300 гаруй төлөөлөгч оролцсон. Чуулганаар намын шинэчлэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн. Маргааш бид хүний эрхийн төлөөх нээлттэй цуглааныг хийнэ. Хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж буй хүмүүс, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна. МАН Их хурлаараа хүний эрхийн асуудлыг хөндсөн. Гэтэл МАН ковидын онцгой байдлын үеийн хуулиар далимдуулан хүний эрхийг маш ихээр зөрчсөн. Гэсэн хэдий ч алдаа дутагдлаа ойлгож хүний эрхийг хамгаалахад онцгойлон анхаарах болсон нь сайшаалтай. Хүний эрхийн чиглэлд Ардчилсан нам эрх баригч болон бусад намтай хамтран ажиллахад бэлэн байна” гэж ярилаа.

Ардчилсан намаас хүний эрхтэй холбоотой таван хуулийн төслийг бэлэн болгожээ. Хуулийн төслүүдийг үе шаттайгаар бүлэг дээр хэлэлцэх юм байна.

Эх сурвалж:www.polit.mn