Монгол Улс тунхагласны 97 жилийн ойн өдөр, 2021 оны арваннэгдүгээр сарын 26-нд Төрийн ордонд нэгэн үйл явдал боллоо. Улс тунхагласны өдөр бол Монголын түүхийн асар том, эрхэм үйл явдал юм. Тэртээх 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, улмаар Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлажээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүддээ эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Ийм л өдөр. Гэтэл оросууд яг энэ өдрийг давхцуулан ирж хуралдахдаа зарим “хориг” тавьж, “анхааруулга” өгсөн байгаа юм. Оросын Засгийн газрын орлогч дарга, В.Абрамченко тэргүүтэй 30-аад хүн ирж, Монгол Оросын Засгийн газар хоорондын 23 дугаар хуралдааныг хийв.

Тэр хуралдаанаар “Монгол Улс дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх хоёр талын ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт тус тус болж, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, олон чухал тохиролцоонуудад хүрэв.

...Энэхүү хуралдаан нь Ерөнхийлөгчийн Орост хийх айлчлалын бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой боллоо гэж талууд үзэв” гэж манай Гадаад харилцааны яам албан ёсоор мэдээлэв. Бас Засгийн газрын албан ёсны сайтад “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Засгийн газрын орлогч дарга В.Абрамченког арваннэгдүгээр дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав. ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Орост хийх айлчлалд Монголын тал өндөр ач холбогдол өгч, бэлтгэл хангаж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглээд, хоёр улсын харилцаанд хуримтлагдсан зарим асуудлыг шийдвэрлэх идэвхтэй ажиллаж буйг онцлов. ...Оросын Засгийн газрын орлогч дарга В.Абрамченко хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлж, Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр тохиролцсон томоохон асуудал,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын бэлтгэл хангах хүрээнд Оросын талаас авч буй арга хэмжээний талаар мэдээлэв” гэсэн мэдээллийг нийтэлжээ.

Харин Оросын мэдээллийн агентлагууд “В.Абрамченко Монголд очиж Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцохдоо Шүрэнгийн усан цахилгаан станц, Орхон, Эгийн голын усан цахилгаан станцыг бариулахгүй. Энэ нь Байгаль нуурын ай савд ноцтой аюул учруулна. Оросын хувьд энэ эмзэг асуудал. Харин Оросын талаас эрчим хүчээ нөхөж авч болно гэж монголчуудад хэлсэн” гэх агуулгатай мэдээллүүдийг хүргэсэн байна.

Гэвч албан бус буюу улс төрийн хүрээнд, мөн бусад эх сурвалжууд В.Абрамченко нар Монгол Улс тунхагласны өдөр Монголд ирж хуралдаад, дарамт шахалт үзүүлж байгаад явсан гэцгээсээр байна. Маш ноцтой нь энэ үеэр Эгийн голын усан цахилгаан станцыг бариулахгүй гэснээс гадна “Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгө” гэх нэрийн дор Монголын нийслэл, зарим дагуул хот, төмөр зам дагуух тодорхой хэмжээний газар нутгийг Оросын мэдэлд дахин 100 жилээр сунгах “зөвшөөрөл”-тэйгээр 100 жилийн хугацаагаар ашиглуулах талаар яригджээ.

Ер нь бол сүүлийн жилүүдэд хойд хөрш Орос улсад 1970-аад оны үеийн хоёр Засгийн газрын протокол, хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар “Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгө” дагасан “эдэлбэр газар”-ууд шилжсээр байна.

Хамгийн сүүлийн энэ яриа хэлэлцээрийн хүрээнд төмөр зам дагуух “Оросын эдэлбэр газар”-уудаас гадна нийслэл Улаанбаатар хотын төв дэх Төрийн ордон Чойжин ламын сүм хоёрын дундах “Ленин клуб” орчмын газрыг нэхээд байгаа юм байна. Энэ ч арай дэндэх шаардлага аж. Чойжин ламын сүм гэдэг угтаа Монгол төрийн сахиусны өргөө юм. Тиймээс 1930-аад оны үед Х.Чойбалсан 700-аад сүм хийдийг нураасан ч энэ сүмийг хэвээр үлдээсэн байдаг. Түүхийн учир начир ихтэй. Бас монголчуудын, Монгол төрийн итгэл үнэмшил энд хадгалагдаж байдаг. Бод доо, “Кремлийн үүдэнд газар өгчих, барилга барья” гэвэл Оросууд яах бол?! Тэгэхээр энэ орчмын газрыг Орост өгөх нь бүү хэл, Төрийн ордон Чойжин ламын сүм хоёрыг яг голлож баригдсан “Ленин клуб”-ыг нураагаад оронд нь нийтийн эзэмшилтэй амралтын талбай, цэцэрлэгт хүрээлэн барих хэрэгтэй юм.

Уг нь олон зууны туршид хамгаалан тэмцэлдсэн өвөг дээдсүүдийн маань халуун ам, бүлээн цусны үнэтэй ирсэн Монголын тусгаар тогтнолын үнэ цэнэ нь чухамдаа газар шороондоо шингэж үлдсэн түүх бидэнд бий.

Эвийг хичээхдээ Дунху нарт эхнэрээ, хүлэг морио өгсөн ч эзгүй, шимгүй гэх газар нутгаа харамлан дайтсан Хүннүгийн шанью Модуны “Газар хэмээгч улсын үндэс болой. Өгч яахан болно” гэсэн “хууль”, Манж, нанхиад, өвөрмонгол, бас халх Монголын нэгдсэн цэргийн хүчний эсрэг Монгол үндэс угсааныхаа тусгаар тогтнолын төлөө хааны ёсоор тэмцэж, эцэстээ ганцаардах хүртлээ туйлбартай тэмцсэн Галдан бошигтын “Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн “зарлиг” өнөөдөр ч хүчинтэй юм.

Гэхдээ ингэж оросууд биднийг айлгаж, эсвэл ах дүү болж, бэр өгч байгаад бүгдийг маань авдаг цаг дуусч байх шиг байна.

Уржигдархан хуралдаад дууссан Их хурал дээрээ эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх Шинэ сэргэлтийн бодлого танилцууллаа.

Тэрбээр шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ. Үүнийгээ “Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудын дотоод шаналал, сорилт байсаар ирсэн нь нууц биш ээ.  Харин энэ удаа улс даяараа, ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсний дохио биз ээ. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна” гэсэн. Үүгээр тэрбээр “Монголын эдийн засаг хараат байна” гэдгийг албан ёсоор зарлав.

Түүнчлэн “1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч төр өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч,гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм” гэв. 1932 онд Ерөнхий сайд болж, Шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлэхийг оролдсон П.Гэндэн 1936 онд бүх албан тушаалаасаа огцорч, ЗХУ-д “амрахаар” явсан байдаг. Тэр эргэж ирээгүй. Түүнд 1937 оны долдугаар сарын 10 /Ардын хувьсгалын 16 жилийн ойн өдөр/-д ял тулган баривчилсан. Улмаар 1937 оны арваннэгдүгээр сарын 26 /Монгол Улс тунхагласны 13 жилийн ойн өдөр/-нд ЗХУ-д цаазлагджээ. Ерөнхий сайд Агданбуугийн Амар ч дээрх бодлого, үзэл баримтлалаасаа болж, 1939 онд ЗХУ-д хүргэгдсэн. Ингээд 1941 оны долдугаар сарын 10-нд /Ардын хувьсгалын 20 жилийн ойн өдөр/  ЗХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн шийдвэрээр яллаж, 17 хоногийн дараа цаазалсан байдаг.

Бас нэг үйл явдал гэвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулах үе үеийн эх орончдын тэмцэл дардан байгаагүй ээ. Гадаад дотоод хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын хэт туйлшрал, улс төрийн зөрчил тэмцлийн улмаас эмгэнэлт хэлмэгдэлд хүрсэн гунигт түүхийн хуудас ч бидэнд бий. Энэхүү улс төрийн хэлмэгдэлд өртөж хилс гэсгээл хүртсэн эх орончид, гэм зэмгүй ард иргэд, лам хуваргууд болон манай намын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс нь 100 жилийн түүхээ эргэн дүгнэж буй энэ өдөр МАН-ын даргын хувьд уучлал гуйж байна” гэлээ. Монголын түүхийн эх сурвалжид энэ хэлмэгдүүлэлтийн цаг үеийг “Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт нь 1922-1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан. Хэлмэгдүүлэлтэд 45-55 мянган хүн өртсөн гэсэн тооцоо байдаг. Бас 100 мянган хүн хэлмэгдсэн гэсэн тоо бий. Ингэж Монгол Улсын нийт хүн амын 8-13 хувийг хэлмэгдүүлэн хөнөөжээ” хэмээн тэмдэглэсэн байна. Мөн түүхч, орчуулагч С.Туяагийн “Хийрхлээс хэлмэгдүүлэлтэд...” номноос ганцхан баримт дурдахад 1930-1940 онд ЗХУ-д улс төрийн хилс хэргээр Монголын 249 иргэн ял эдэлж, цаазлуулсан архивын баримтаас гаргаж авсан нэрс нь байгаа юм. Энэ үйл явдалд МАН-ын дарга ийн ард түмнээсээ уучлал гуйв.

Хамгийн гол нь энэхүү Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх ”Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт”бодлого дээр Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүд нэг байр суурьтай байгааг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Тэрбээр “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэгэн цонхоор харж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх алдаж үл болох алтан боломж 12 жилийн дараа ийнхүү тохиолоо” гэсэн юм. Тэгэхээр оросууд ч бас Монголтой харилцахдаа 100 жилийн өмнөх, түүнээс хойшх 70 жилийн туршид харьцаж ирсэн дээрэлхүү, ихэрхүү хандлага, бодлогодоо “нэмэлт өөрчлөлт” оруулах цаг болжээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.9 ПҮРЭВ № 241 (6718)