С.САРУУЛ

МАН-ын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хуралд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр оролцож үг хэллээ. Тэрбээр "Нэг үзэл баримтлалтай хоёр нам нэгдсэн нь түүхэн чухал үйл явдал гэж үзэж байна. Нам одоо бүтэн болсон. Хоёр намын эв нэгдэл нь эх орондоо бид эв нэгдэлтэй байж чадна гэдэг том үйл явдлын илэрхийлэл болсон. Гэхдээ аугаа түүх алдаа, оноог аль алиныг нь багтаадаг. Бидний оноо бол тусгаар тогтнолыг олж авсан. Бидний алдаа бол хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ололтоо онцлон тэмдэглэж, түүхэн цаг хугацаанд зогсоож чадаагүй алдааны төлөө уучлал гуйсан нь үлгэрлэлийн том алхам гэж үзэж байна. Уучлал гуйна гэдэг нь дахин ийм алдаа гаргахгүй гэсэн үг.

МАН, МАХН бол бусдыг уучилж ирсэн нам. Бусдыг уучлахын цаана эв нэгдэл байдаг. Алдааг янз янзаар тодорхойлж болно. Хамгийн том алдаа бол хойшлуулах, тодорхойгүй байх юм. Энэ зааланд ярьсан болгоныг хойшлуулж болохгүй шүү нөхөд өө. Хурлаар ярьсан болгоныг маргаашаас эхлээд хариуцаж хийнэ шүү гэдгийг бие биедээ сануулъя.

МАН, МАХН хэзээ ч хариуцлагаас зугтааж байгаагүй. Үе үеийн удирдагч, төлөөлөгчид өөрсдийн хийх ёстой зүйлээ хийж ирсэн учраас түүхийн амьд холбоо үргэлжилсэн хэвээр байна.  МАН-ын хийх ажил бол хүний эрх, эрх чөлөөг хангах юм. Ингэхийн тулд авлигатай тэмцэх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлээд байна. Зөвшөөрлийн цаана авлига цэцэглэж, хүний эрх зөрчигдөж байна. Энэхүү гаж тогтолцоог засахын тулд сонгодог парламентын тогтолцоонд шилжих ёстой. Үүний цаана багаараа ажиллах, ард түмний сонголт чухал гэсэн зүйл бий. МАН залуучуудын нам болсон гэдгийг зарлан тунхаглая" гэв.

Эх сурвалж: www.polit.mn