Ч.ҮЛ-ОЛДОХ

 

УИХ-ын 2020 оны сонгуулиар үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн, эрх баригч улс төрийн хүчин МАН  энэ өдрүүдэд  ХХХ их хурлаа хийж байна. Тус намын 278 мянган гишүүдийг төлөөлж, 1250 гишүүн ИХ хуралд оролцож байгаа юм. Нийт гишүүдийн ихэнх нь залуучууд байгаа нь анхаарал татаж байна. Тэгвэл энэ удаагийн их хурлаар эрх баригч нам хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлж байгаагаараа онцлог юм.

Түүх сөхвөл тус нам 1932 онд хуралдсан Намын Төв хорооны Онц III бүгд хурлаараа нийгэм, эдийн засгийн салбарт эрс шинэчлэл хийх “Шинэ эргэлтийн бодлого”-ыг тодорхойлж хэрэгжүүлсэн байдаг. Түүний дүнд төрийн цомхон бүтэц бүхий үндэсний ажилчин анги үүсч, хоршоолол хөгжсөн юм. Түүнчлэн малын тоо толгой таван жилийн дотор таван саяар нэмэгдэж, аж үйлдвэрийн суурийг тавьсан түүхтэй.

 

Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт

МАН-ын ХХХ Их хуралд тус намын  278 мянган гишүүнийг төлөөлж, 1250 төлөөлөгч  оролцож байна.

Энэ удаа МАН-ын  ХХХ их хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулан хэлэлцүүлж байна. Үүнийгээ Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт буюу Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн нэрлэжээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал Монгол Улсад эдийн засаг эмзэг байгааг нэг ёсондоо тестлэж үзүүлсэн гэхэд болно. Ер нь бол эдийн засгийн хямралын бүхий л асуудал үе үеийн Ерөнхий сайд нарт сорилт болж ирсэн. Энэ удаа улс даяараа,нийтээрээ ойлгож мэдэрсэн нь хугацаа алдахгүй шийдэх цаг үе ирснийг харуулж байгаа юм. Эдийн засгийн тусгаар тогтнолыг авчрахын тулд Ерөнхий сайдын зүгээс  зургаан хүчин зүйлийг тодорхойлж, үүнийг шийдвэрлэх арга замаа “Шинэ сэргэлтийн бодлого” гэж тодорхойлжээ.  Их хурлаараа тус нам нийт есөн асуудал хэлэлцэж байна. Өчигдөр намын даргаа батламжлах,  хяналтын хорооны тайлан илтгэл, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тавьсан өмнөх их хурлаарс хойшхи Бага хурал, УЗ-ийн ажлын тайлан,  хөгжил дэвшлийг манлайлагч нам болох тухай илтгэлүүд, гишүүдийн санал, байр суурийг хэлэлцэж, төгсгөлд нь намын даргыг сонгож батлахаар төлөвлөсөн байсан. Энэ дагуу тус намын ХХХ  их хурлын төлөөлөгчид  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг  намын даргаар батламжлав.

Тэрбээр Их хурлын индрээс  "Амаргүй цаг бүрд ачааны хүндийг Ардын намд үүрүүлж, итгэж дэмжсээр ирсэн ард түмэндээ  гүн талархал илэрхийлье. Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө бүхий л боломжоо  дайчлан ажиллах болно. Цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээхийн төлөө цаг мөч бүхэнтэй уралдаж, шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж, ирэх хавраас их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе” хэмээн онцлон тэмдэглэв.

ХХХ их хурлаас сонгогдсон дарга нь намынхаа 30 дахь дарга байгаа нь түүхэн цаг хугацаа хийгээд тооны  хувьд сонирхолтой давхцал юм. Гэхдээ хэн ч байсан тус намын 30 дахь дарга болох байлаа. Өнөөдөр тус нам мөрийн хөтөлбөрийн шинэчлэл, УИХ-ын даргын зүгээс хэлэлцүүлэх парламентыг төгөлдөршүүлэх нь гэсэн илтгэлүүдийг тус тус хэлэлцэж, төгсгөлд нь  Бага хурлын гишүүдийг сонгох, Хяналтыг хороог байгуулах талаар хэлэлцэхээр төлөвлөөд байна Шинэ сэргэлтийн бодлогын  талаарх  байр суурийг хүргэе.

 

Д.Амарбаясгалан: Хариуцлага, ёс зүйг төлөвшүүлсэн дэвшилтэт  нам байна

/МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/

Д.Амарбаясгалан: Ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцно.

-МАН-ын ХХХ дахь удаагийн их хурлаараа дотоод асуудлаа  ярихаас гадна улс орон, нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдаж буй асуудлыг, цаашид улс төрийн намын шинэчлэл, өөрчлөлт, хөгжил дэвшилд тулгамлдаж байгаа асуудлыг гаргаж ирж ярьж байна. Мөн үйл  ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгыг тавьж байна. Өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд  шинэ сэргэлтийн зургаан бодлогыг гаргаж танилцуулсан. Боомтын, эрчим хүчний, аж үйлдвэрийн, хот, хөдөөгийн, ногоон хөгжлийн, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан асуудлыг ярьж байна. Үндсэн зорилго нь энэ цаг үед улс орнуудын өмнө тулгамдсан эдийн засгийн бэрхшээлийг даван туулах, Монгол Улсын хувьд олон жил цаасан дээр байсан болзошгүй хүндрэлийг шийдэх цаг ирсэн. Бид өөрсдийгөө толинд харах хэрэгтэй. Намын даргын илтгэлд нийгэм дэх улс төрийн намын оролцоог сайжруулах, иргэдийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагыг биелүүлэх, мэргэжлийн институц  болж ажиллах бодлогыг дэвшүүлсэн. МАН бодлогын нам  байх, дэвшилтэт бодлоготой, нээлттэй, цахим нам байх том бодлого, хөтөлбөрийг нэвтрүүлэн ажиллаж ирсэн. Үүнийг бусад намд бас уриалж байна” гэв. Мөн тэрбээр  “Эрх баригч намын зүгээс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхээр дүрэмдээ өөрчлөлт оруулах талаар мэдэгдэв. Үүнд  нэгдүгээрт, намаас сонгогдож томилогдсон бүх түвшний албан тушаалтны хариуцлага ёс зүйг дээшлүүлэх, ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцдог байх зарчмыг оруулж өгсөн. Хоёрдугаарт, намын дүрэмдээ бодит өөрчлөлт оруулна. Зөвхөн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд авлигатай тэмцэнэ гэж дурдагдаж өнгөрөхгүй. Бид намынхаа дүрэм, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцдог механизмыг бодитоор хийж өгнө. Маргааш их хурал дээр намын дүрмийн өөрчлөлт орж ирнэ.МАН гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд улс төрийн дэмжлэг авдаг байдлыг таслан зогсоох заалтууд оруулж өгч байгаа.  Тэр дотроо  авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд шат шатны сонгуульд нэр дэвшихгүй. Аливаа шатны намын улс төрийн албан тушаалд нэр дэвшиж, хашихгүй гэдэг хариуцлагын заалтууд оруулж ирж өгч байна. Гэмт хэрэгт холбогдоод, сэжигтнээр татагдсан тохиолдолд албан тушаалаас автоматаар түдгэлздэг. Хэрвээ шүүхээр таслагдаад, гэмт хэрэгтэн болсон тохиолдолд автоматаар намын гишүүнээс хасагддаг. Хэрвээ шүүхээр яваад цагаадаад ирвэл эргээд намын гишүүнчлэлийг сэргээдэг заалт оруулж байна. Бид дэвшилтэт нам болох зорилго тавьж байна. Ингэхдээ  дотоод ардчилалтай, тэнд ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтанд нам дотроо хяналт тавьж чаддаг, албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх нөхцлийг бүрдүүлж чаддаг, дээрээс нь хариуцлага, ёс зүйг хүлээлгэж чаддаг дэвшилтэт нам болохыг  зорьж байна” гэсэн юм. Шинэ сэргэлтийн бодлогын талаар гол  салбарын сайд нарын байр суурийг хүргэе.

Тус нам 1932 онд хуралдсан Намын Төв хорооны Онц III бүгд хурлаараа нийгэм, эдийн засгийн салбарт эрс шинэчлэл хийх “Шинэ эргэлтийн бодлого”-ыг тодорхойлж хэрэгжүүлсэн нь сонины  шарлаагүй хуудсанд түүх болон  үлджээ. 

Б.Жавхлан: Үндэсний орлого 2-3 дахин нэмэгдэнэ

/Сангийн сайд/

 

-Өнгөрсөн 100 жилд Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулан хөгжсөөр ирлээ. Ирэх зуун жил эдийн засгийн тугаар тогтнолын  100 жил байх болно. Бид хүчирхэг нийгэмд суурилсан, гадаад худалдааг хөгжүүлсэн, бүх улс оронтой харилцаж өсөлтийг бий болгоно. Ард түмэнд хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийг зорилтоо  болгоно. 2030 он хүртэл өнөөг хүртэл бий болсон эдийн засгийн олон сорилт дунд бий болсон, цаашид хөгжлийг хязгаарлаж буй зургаан хүчин зүйлийг судалгааны үндсэнд тодорхойлж зарласнаа эцэслэн  шийдвэрлэнэ. Ойрын 10 жилд ДНБ хоёр дахин, нэг хүнд ногдох үндэсний орлого 2-3 дахин  нэмэгдэнэ. Экспорт 3-5 дахин нэмэгдэнэ. Ингэснээр бид бүс нутгийн төдийгүй хөрш зэргэлдээ улс орны хувьд ойрын жилүүдэд том сорилт болсон ковидын дараах эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлнэ.

 

Л.Халтар: Экспортын бүтээгдэхүүнээр олон улсад өрсөлдөнө

/ЗТХ-ийн сайд/

 

-Шинэ сэргэлтийн бодлогын нэгдүгээрт, хилийн боомтуудыг нээх, тоог нэмэгдүүлэх, цаашлаад агаарын тээврийг хөгжүүлэх асуудал тавигдсан. Өнөөдрийн байдлаар манай улс хоёр хөрштэйгөө хиллэсэн нийт 42 боомт бий. Цаашид боомтуудыг авто замаар холбох, хоёр аймагт олон улсын нисэх буудал бий болгох, олон улсын аялал жуулчлал хөгжүүлэх зорилт тавьсан. Гашуунсухайт чиглэлд төмөр зам барьж  ашиглалтад оруулснаар нүүрсний тээврийн хөлсний зөрүүгээс ашгаа нөхнө. Экспортын бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

ХХХ Их хурлын төлөөлөгчдийн олонхийг залуучууд бүрдүүлж байна.

Д.Тогтохсүрэн: Хүний эрхийг зөрчсөн хуулийн заалтуудыг шинэчилнэ

 

МАН их хурлаараа хүний эрхийн асуудлыг хөндөн тавьж, хууль эрх зүйн хүрээнд шинэчлэл хийхээ мэдэгдсэн. Намын бүлгээс гаргасан  ажлын хэсэг судалж үзээд 318 хуулийн 800 гаруй заалт хүний эрхийн талаар зөрчилтэй  гэсэн судалгааг гаргаад байгаа юм. Дээр нь МАН-аас дэвшүүлсэн  хөгжлийн том зорилтууд, хүний эрхийн асуудлыг шинэчлэн урагшлуулахад Үндсэн хуульд нэмэлт тодотгол хийх, өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна уу гэсэн асуулт тавигдаж буй. Энэ талаарх сэтгүүлчийн асуултад тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын их хурал дээр Үндсэн хуулийн талаар ярихгүй” гэж хариулсан.  УИХ дахь  бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад  “Намын болоод УИХ-ын гишүүний байр суурь  гэхээс илүүтэй өөрийн хувийн бодлыг хэлье.

Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэх асуудал байдаг. Миний хувьд  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэж  харж  байгаа.  2019 онд хийсэн   Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгодог парламентын тогтолцоог бий болгоход шаардагддаг хамгийн чухал гурван зүйлийг тусгаж чадаагүй. Тэр нь юу гэвэл  Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ын гишүүдийн тоо иргэдийнхээ төлөөллийг хангаж чадаж байна уу,  үгүй юу гэх  асуудлууд юм. Бидний ярьдгаар “Давхар дээл”-ний  асуудал ч хөндөгдөнө.  Гэвч  одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь  тун ярвигтай. Яагаад гэвэл бид 2008 онд батлагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэдэг хатуу хуультай. Нэг хөндсөн заалтыг найман жил хөндөхгүй байх тухай  заалт бий.Тиймээс  Үндсэн хуулийн өөрчлөлтийг шууд хийх хэцүү.  Тэгээд ч  Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвшилцлөөр шийддэг. Нэг нам дангаар хийх  боломжгүй. Парламентад байгаа болон  гаднах  улс төрийн хүчнүүд зөвшилцөж,  нэгдэж байж хийх учиртай. Үндсэндээ гурван парламент дамнан ярьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2019 онд баталсан. Өнөөдөр тийм  нөхцөл байдал  бүрдээгүй байна. Тэгэхээр энэ тухай ярих нь  цаг хугацааны хувьд эрт гэж бодож байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.7 МЯГМАР № 239 (6716)