Монголын банкны системийн 40 хувийг дангаараа эзэлдэг ХААН банкны хамгийн том хувьцаа эзэмшигч Япон улсын иргэн Хидео Савада нь өөрийнхөө хувьцааг зарсан гэдэг мэдээлэл задарсан. Улмаар энэ арилжааг нь зөвшөөрсөн Монголбанкны 2021 оны долдугаар сарын 26-ны өдрийн бичиг нь ч ил болов.

Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкнаас 2021 оны хавраас эхлээд 350 сая гаруй ам.доллар буюу төгрөгийн ханшаар тооцвол  нэг их наяд төгрөг Монгол Улсаас Сингапур улсын Хөгжлийн банк руу гарсан талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлсэн.

Уг гүйлгээ “RAFFLES PLACE #26-01 REPUBLIC PLAZA Singapore, 048619 Singapore” гэх хаяг дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, захирал О.Орхон нарын хамтран эзэмшдэг “Глобулл инвестмент” компанийн данс руу хийгдэж, Японы хууль  хяналтынхан үүнийг сонирхоод эхэлсэн гэдэг мэдээлэл тарж эхэллээ.

Энэхүү 350 сая долларын шилжүүлгийн дараа Сингапурын Хөгжлийн банкнаас Японы “Мизухо” банкинд хандан “Мета Капитал” компанийн охин компани болох “Упсилон” гэх  хязгаарлагдмал түншлэлийн нэр дээр 280 сая ам.долларын зээлийн баталгаа гаргажээ. Тус зээлийн барьцаанд Жүничи Хаттори гэдэг япон хүн “Сейко Холдингс” болон “Сейко Ипсон” компанийн тодорхой хувийг тавьсан байгаа юм.

Тодруулахад, Жүничи Хаттори нь “Сейко” цагны брэндийг үүсгэн байгуулагч гэр бүлээс гаралтай. Гэвч тэрбээр “Сейко” корпорацийн ТУЗ-ийн дарга байхдаа компанидаа “шахаа” хийж, Тайланд дахь хувийн дансаараа 100 сая иен “оруулж, гаргасан” гэх таагүй явдалд нэр холбогдсон нэгэн юм.

Түүнд Асашёорюү Д.Дагвадорж санал тавьж зуучилснаар ХААН банкны хувийг Хидео Савадагаас авахаар зөвшөөрч хэлцэлд орсон гэдэг. Гэтэл Жүничи Хаттори нь Монголын хууль эрх зүйн орчныг судлалгүй, богино хугацаанд ХААН банкны хувьцааг худалдан авах хэлцэлд орсон. Энэ нь аль ч талаасаа боломжгүй бөгөөд огт судалгаагүйгээр ийм их хэмжээний хөрөнгө оруулалтыг асуудлыг ярьдаг бизнесмэн хаана ч байхгүй.

Гэхдээ энэ бол өнгөлөн далдлалт байх магадлал өндөр болоод байна. Ингэж хардах үндэслэлүүд шил шилээ даран гарч ирээд байгаа юм. Бас ХААН-ы хувьцааны наймааны ард байгаа жинхэнэ эздийн сураг ч дуулдаад эхэллээ.

Юуны түрүүнд, Монгол Улс банкны тухай хуульдаа өөрчлөлт оруулж, 2023 оны нэгдүгээр сарын 1 гэхэд “Банкны нэг хувьцаа эзэмшигчийн дээд хэмжээ 20 хувиас ихгүй байх”, 2022 оны зургадугаар сарын 31-нээс өмнө “Монголын Хөрөгийн биржээр нээлттэй IPO гаргах” гэсэн хуулийн өөрчлөлтүүд хийсэн.

Тэгээд “Упсилон” ХХН-ийн 99 хувийг эзэмшдэг Жүничи Хаттори нь өөрийн эзэмшдэг компанийхаа хувь эзэмшигчээр Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын төлөөлөл гэж болох Р.Бадрах, түүний охин Б.Наранзаяа, Хотын дарга Д.Сумъяабазарын  төлөөлөл болох Үндэсний хөрөнгө оруулалтын банкны томоохон хувьцаа эзэмшигч байсан Жеймс Пассины эзэмшлийн “Бэрх уул” компанийн шинэ захирал А.Даваажав нарын нэрийг нэг өдөр оруулсан байдаг.

Яг энэ үйл явдлаас 10 хоногийн дараа буюу 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уг асуудалд дэмжлэг үзүүлж, Хидео Савадагийн эзэмшиж буй ХААН банкны хувийг “Упсилон” компанид зарахад татгалзах зүйлгүй гэж бичсэн зөвшөөрөл өгсөн. Гэвч уг албан бичиг нь Банкны тухай хуулийн 36.6-д заасанчлан “Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ” гэж заасныг зөрчжээ. Тиймээс ХААН банк Монголбанкыг хууль зөрчсөн асуудлаар шүүхэд хандсан байна.

Мөн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөдлийн хариуг хугацаа хэтрүүлж 90 хоногийн дараа, өгч, ингэхдээ бүр хувийнхаа мэйлээр илгээжээ. “Ингэж ХААН банкны бусад хувь эзэмшигчдэд огт мэдэгдэлгүйгээр зөвшөөрөл олгосон нь хууль бус хуйвалдааны шинжтэй байна” гэж УИХ чуулган дээр хүртэл яригдсан билээ.

Ер нь Б.Лхагвасүрэнгийн тухайд Х.Баттулгын дэмжлэгээр 2019 оны арваннэгдүгээр сард Монголбанкны ерөнхийлөгчөөр  томилогдсон гэдэг юм. Үүнийг нь Б.Лхагвасүрэнгийн МоАХ-ны гишүүн байсантай холбох нь ч бий. 

Ингэхээр энэ нь хэсэг бүлэг нөхөд Монгол Улсын Төвбанктай үгсэн хуйвалдсан, хууль бус аргаар банкны хувь эзэмшлийг олж авах гэсэн санаархал бүрэн утгаараа хэрэгжиж эхлэв үү гэсэн хардлагыг төрүүлчихэж байгаа юм.

Хэрвээ энэ хардлага, өрнөж буй үйл явдлууд үнэн байгаад ХААН банк Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг, Д.Сумьяабазар гэсэн “гурвал”-ын мэдэлд очвол юу болох вэ. ХААН банкны хувьцааны наймааны дараа ийм үйл явдал өрнөнө гэж улс төрийн хүрээ, банк санхүүгийн салбарынхны дунд “Ванга шиг ярьж байгаа” эх сурвалж олон байна.

Ямартай ч 2022 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд ХААН банкны нэг хувь эзэмшигч 20 хувиас илүүгүй хувьцаа эзэмшихээр хуулийн өөрчлөлт орсныг дээр хэлсэн. Энэ дагуу мань гурвал ирэх 2022 онд багтаж, Хидео Савадагийн хувийг гурав хувааж авах гэнэ. Тэгээд Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар удирдана гэж байна. Бас Монголын Хөрөнгийн биржээр худалдах ХААН-ы IPO-д идэвхтэй оролцож, нэлээд хэмжээний хувьцаа нэмэх гэнэ. Харин Д.Сумьяабазар Үндэсний хөрөнгө оруулалтын банкаа аварч үлдэхэд Монголбанкнаас дэмжлэг авна гэцгээж байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.6 ДАВАА № 238 (6715)