Б.ДАМДИН-ОЧИР
Ардын намын 30 дугаар Их хурал өнөөдөр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжилнэ. Шинэ Бага хурал нь лхагва гаригт хуралдаад тарах юм байна.
Ардын намын генсек Д.Амарбаясгалан энэ 30 дугаар Их хурлын талаар мэдээлэхдээ “...Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн эрх барьж буй улстөрийн хүчний хувьд нийгэмд дэвшүүлэн тавих бодлогын асуудлуудаа тухайлан хэлэлцэнэ” гэж хэлсэн. Мөн Ерөнхий сайд, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг, УИХ-ын дарга Г.Занданшатар сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд илтгэл, хөтөлбөрийг Их хурлын төлөөлөгчдөөр дамжуулан олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгааг дуулгасан.
Түүнчлэн генсек Д.Амарбаясгалан “...Ардын нам бодлогын томоохон хэд хэдэн асуудлыг гаргаж тавина. Удаа дараагийн сонгуульд ялалт байгуулсан учраас хийж, хэрэгжүүлэх ажлаа олон талт хэлбэрээр судалсан. Тухайлбал, хүний энэ нийгэмд эрүүл, аюулгүйгээр ажиллаж, амьдрах боломж бололцоог бүрдүүлэх, амгалан тайван амьдрахын үндэс суурь нь юу юм бэ гэдгийг тал бүрээс нь судалж үзсэн. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг хийнэ гэдгээ эрх баригч Ардын нам зарласан.
Нийгмийн олонх маань чинээлэг дундаж давхаргыг бий болгох хүсэл, зорилготой байна. Тэгвэл ийм нийгмийг бүтээн цогцлооход учирч буй саад бэрхшээл, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үндсэн дайсан нь авилга, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал гэдэг нь маш тодорхой харагдсан. Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамаараад өнөөдөр Монголын нийгмийн хүндрэл болсон эдгээр асуудалтай эрх баригч нам тууштай тэмцэнэ. Манай намыг засгийн эрх барьж буй цаг хугацаандаа төрд сонгогдож, томилогдож ажиллаж байгаа төрийн албан тушаалтнуудаар дамжуулан эдгээр асуудалтай тууштай тэмцэх бодлого, хөтөлбөрийг гаргахыг зорин ажиллаж байна. Тийм учраас намын 30 дугаар Их хурлаар хэлэлцэх асуудлын цөм нь хүний эрхтэй холбоотой байх болно. Их хурлын төлөөлөгчдийн дунд энэ төрлийн бодлого, хөтөлбөрөө танилцуулан хэлэлцүүлсний үндсэн дээр олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.
Түүнчлэн энэ Их хурал дээр танилцуулж, удалгүй УИХ-д өргөн барих гэж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” буюу Эдийг засгийг эрчимжүүлэх хууль олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байна. Энэ хуулиар томоохон маш олон өөрчлөлтийг хийхээр бэлдсэн гэх мэдээлэл бий. Тиймээс бизнес, эдийн засгийн чиглэлийнхэн, ер нь төр хувийн хэвшлийнхэн бүгдээрээ л “...Ерөнхий сайдын Эдийн засгийн хуульд юу байгаа вэ” гэдгийг ихээхэн сонирхож буй юм.
Ер нь бол өнөөдөр эхэлж байгаа Ардын намын 30 дугаар Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг тус намын даргаар сонгох эсэхийг шийднэ. Аль нэг шийдвэрийг гаргана. Ардын намын даргад одоогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өөр ил тодорхой “нэр дэвшиж” байгаа хүн алга. Өнөөдрийг хүртэл “...Ардын намын даргад үзнэ” гэж ил далд ярьсан, хүссэн хүний тухай мэдээлэл гарсангүй. Тус намынхан ч намын даргын асуудлыг “...Баталгаажуулна” гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Гэхдээ Ардын намын дүрмийн 24.2-т “...Ардын намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгоно” гэсэн. Тэгэхээр хэн нэгэн, эсвэл нэг бус хүн тус 30 дугаар Их хурлын заалнаас нэр дэвшихийг үгүйсгэхгүй гэсэн үг.
У.Хүрэлсүхийг явснаас хойш Л.Оюун-Эрдэнэ Ардын намын тамгыг атгаж байна. Хоёр ч сонгуулийн ард гарсан. Нам нь ялсан. Тэгэхээр улс төрийн хувьд унах шалтгаан байхгүй болж байгаа юм. Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнэ арван сар гаруйн хугацаанд засгийг тэргүүллээ. Чадсан ажил бий. Чадаагүй нь ч байна. Алдаа, оноотой л ажиллаж байна. Энэ бүгд дундаас хамгийн түрүүнд сайд нарынх нь чансаа хамгийн ихээр гологдох болсон. Гэсэн ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар вакцин, Оюутолгой, том төслүүд гээд бамбай хийгээд ярьчих ажил олон л доо. Энэ талаас нь харвал Л.Оюун-Эрдэнэ Ардын намын дараагийн даргад нэр дэвшээд, даваад гарах боломжтой харагдаж байгаа юм.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдад хуулиар олгогдсон захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлж ирсэн. Тийм учраас энэ эрх мэдлийн хүрээнд гүйцэтгэх засаглалыг удирдсан гэсэн үг. Хэмжээтэй, хязгаартай эрх мэдэл л дээ. Одоо Ардын намын даргаар сонгогдвол улс төрийн эрх мэдэл нэмэгдэнэ. Улс төрийн эрх мэдэл гэж юу болохыг бүгд мэднэ. Лав Л.Оюун-Эрдэнийн “харизма” сэргэнэ. Олон хөдөлгөөн, өөрчлөлтийг хийж мэдэх юм. Энэ хэвээр байлгахгүй нь тодорхой. Ажиглагчид ингэж үзэж буй аж. Бас улс төрийн хүрээнийхэн ч тэгж харж авна.
Гэхдээ сонгуульд ам гардаггүй. Заалнаас нэр дэвшээд “сэгсрээд” гараад ирчих чадалтай аавын хүү Ардын намд зөндөө. Ардын намын Их хурлын 1000 төлөөлөгчийн дийлэнхийн саналыг авчих өрсөлдөгч гараад ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс энэ Их хурлаар Л.Оюун-Эрдэнэ “цаг”-аа эхлүүлэх үү, “цэг”-ээ тавиулах уу гэдэг шийдэгдэнэ гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.6 ДАВАА № 238 (6715)