Б.ДОЛЖИНЖАВ

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум Төрийн ордонд эхэллээ. Форумыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

 Тэрбээр "Даяаршлын олон соёлын нөлөө дэлхийн иргэнийг бүтээдэг болсон энэ цаг үед монгол хүн бүр соёлын өвөрмөц байдлаа алдахгүй байх нь чухал. Тиймээс 2020 онд Монгол Улсын Засгийн газар хэл, түүх, соёл зэрэг үндэсний үнэт зүйлсээ сурталчлан таниулах, хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх олон талын ач холбогдолтой Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг шинэ шатанд гаргах зорилгоор Соёлын яамыг байгуулсан юм. Бид 24 жилийн дараа Соёлын яамтай болсон. Дахиж хэзээ ч Соёлын яам аль нэг яамны хавсарга битгий байгаасай гэж хүсэж байна. Соёл бол бодлоготой, бие даасан яамтай байх ёстой. Энэ бол соёлдоо хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл. Миний бие, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн Монгол брэндийг хөгжүүлэхээр тусгасан. Манай улс байгалийн өвөрмөц дүр төрх, баялаг өв соёлын онцлогоо шингээсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой бөгөөд энэ нь монгол соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах өргөн боломжийг нээж өгч байна. “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум дэвшилтэт технологи, инновацад суурилсан үндэсний өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан дэлхийд өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, экспортлох чухал алхам болно гэж найдаж байна" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn