С.УЯНГА

 

Эрх баригч нам 30 дугаар Их хурлаа товлоод байгаа.  Тэгвэл МАН хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоох, хууль эрх зүйн орчныг цаг үеийн шаардлагад нийцүүлэх, шинэчлэх шаардлагатай гэж үзэж  УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан  хүний эрхтэй холбоотой амлалтаа  бодит ажил  болгохоо мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын  6, 7-ны өдрүүдэд болох  МАН-ын 30 дугаар Их хурлаар  хүний эрхийн асуудлыг өндөр түвшинд авч хэлэлцэнэ гэв.  Энэ талаар МАН-ын генсек  Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Б.Тулга нар болон  УИХ-ын гишүүн  Б.Энхбаяр, Д.Цогтбаатар,  Б.Баярсайхан, Э.Батшугар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан, ОТИС-ийн  багш Р.Очирбал зэрэг эрдэмтэн судлаач, хүний эрх хамгаалагчид байр сууриа илэрхийллээ.

Энэ удаагийн Их хурлаар  МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэхээр болжээ. Түүнчлэн эрх барьж буй улстөрийн хүчний хувьд нийгэмд дэвшүүлэх бодлогын асуудлуудаа энэ удаагийн хуралдаанаар тухайлан хэлэлцэхээр товлоод байгааг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг Их хурлын төлөөлөгчдөөр дамжуулан олон нийтэд танилцуулах бол   УИХ-ын дарга Г.Занданшатар сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд илтгэл, хөтөлбөрөө танилцуулах гэнэ. Намын генсек Д.Амарбаясгалан “Манай нам нээлттэй, ил тод улс төрийн хүчин болж байгаагийнхаа хувьд бодлогын томоохон  хэд хэдэн асуудлыг гаргаж тавихаар ажиллаж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг хийнэ гэдгээ ч зарласан. Хүний эрхтэй холбоотой судалгааг хийхдээ МАН-ын дэргэдэх “ТИНК ТАНК” байгууллагуудаар дамжуулан мэргэжлийн судлаач, хуульчдыг татан оролцуулсан нь  бодит судалгааны үр дүн төдийгүй өмнөө тавих бодит зорилготойгоор Их хурлаа хуралдуулна. Түүнчлэн Монгол Ардын Нам хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах,  хүний эрхийг өндөр түвшинд хамгаалдаг хөгжилтэй улсуудын түвшинд хүрэх томоохон зорилтыг бодлогын түвшинд хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгоно”гэв. Судалгаагаар чинээлэг дундаж давхаргыг бий  болгоход  ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд  учирч буй бэрхшээл, авлига,  албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал саад болж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Тиймээс аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамаараад  Монголын нийгмийн  хүндрэл болсон эдгээр асуудалтай  эрх баригч нам тууштай тэмцэнэ . МАН засгийн эрх барьж буй  цаг хугацаандаа төрд сонгогдож, томилогдож  ажиллаж байгаа  төрийн албан тушаалтнуудаар дамжуулан  шударга бус зүйлтэй тууштай тэмцэх бодлого, хөтөлбөр  гаргахыг зорьж байна гэв.  Тийм учраас намын 30 дугаар Их хурлаар хэлэлцэх асуудлын цөм нь хүний эрхтэй холбоотой  байх учраас  Их хурлын төлөөлөгчдийн дунд энэ төрлийн бодлого, хөтөлбөрөө танилцуулан хэлэлцүүлсний үндсэн дээр олон нийтэд танилцуулахаар болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.29 ДАВАА № 233 (6710)