Ч.ОЛДОХ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол, Оросын "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн талаарх авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон бусад цаг үеийн асуудлаар ярилцжээ.
"Улаанбаатар төмөр зам” ХНН нь “МОН-П1”, “МОН-П2” зээлээ эргэн төлж байгаа. Япон улсын Засгийн газраас авсан энэ зээлийг эргэн төлөхдөө татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа нь таатай зүйл биш. Ер нь бол "Улаанбаатар төмөр зам” ХНН авсан зээлээ бүрэн төлөх ёстой. Ард түмнээс авсан зээлийг үр ашиггүй, хамтарсан компани ашиглах нь оновчтой шийдэл биш. "Улаанбаатар төмөр зам” ХНН өнөөдрийг хүртэл УБТЗ-ын даргаа тодруулж чадахгүй дотроо бужигнаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна хэмээн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдэгдэв. Мөн тэрбээр “Манай бүлгийн гишүүд улсын төсөв хариуцлагагүй болсон хэмээн үзэж байна. АН- 2022 оны төсөв 2021 оны төсвийн гүйцэтгэлд улс оронд орлого олох, эдийн засгийг тэлэх, иргэдийн амьдралыг дээшлүүлэх тухайд ямар ч бодлого байхгүй учраас төсвийг буцааж татах талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн. Эрх баригч намынхан үнэмлэхүй олонх болсноосоо хойш хөшөө дурсгал олноор барьж, үр дүнгүй зүйлд мөнгө зарцуулах нь замбараагаа алдлаа. Улсын төсвийг хүч түрж баталлаа. Ийм зүйл болоод байгааг АН-ын зүгээс удаа дараа мэдэгдсэн. Гэвч өөрчлөлт хийсэнгүй. Үүний гор ард түмний нуруун дээр бууж байна. “Богд Зонхова" хөшөөг барихыг бид дэмжээгүй. 2021 онд таван тэрбум төгрөг тавьсан байна лээ. Гэтэл 2022 оны төсөв дээр 34 тэрбум төгрөг тавьсан. “Хөшөө, дурсгал барих хэрэггүй. Царцаах шаардлагатай” гэдгийг хэлээд байхад МАН-ынхан үнэмлэхүй олонхоор баталсан. Нийгэм шүүмжлээд эхлэхээр МАН матрын нулимс унагаж байна" гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.23 МЯГМАР № 230 (6707)