С.УЯНГА
Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 2021 оны хувьд гадаадын 6045 иргэн Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байна. Барилгын салбарт 26 хувь, боловсролын салбарт 11 хувь, боловсруулах үйлдвэрт таван хувь, мөн уул уурхай олборлолтын салбарт 36 хувь нь ажиллаж байна. Дэлхий нийт цар тахлын улмаас хөдөлмөрлөх хүчний хомсдолд орж байгаа. Мөн иргэдийг дэмжих нэрийдлээр бэлэн мөнгө тараасан нь инфляц, хөдөлмөрийн зах зээлд нөлөөлсөн гэдгийг гишүүд хөндлөө.
Сүүлийн үеийн судалгаанаас харахад ажил хийж байгаа хүмүүсийн тоо эрс цөөрсөн. Барилга дэд бүтцийн салбарт ажил хийх хүн цөөрч, богино хугацаанд тодорхой хэмжээнд мөнгө олох, эсвэл хүүхдийн тэтгэмжээр амьдрах нь ихэсчээ. Тиймээс бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг хэллээ. Хуулийн төслийн үйлчлэх хүрээ, зохицуулах харилцааг тодорхой болгож, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлуулагчаас аливаа төлбөр хураамж авахгүй байхаар тусгажээ. Мөн тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхой болгож, Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор урьдчилан баталгаа олгох асуудлыг хассан байна. Зуучлуулагчид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барагдуулах санхүүгийн чадамжтай байлгах зорилгоор зуучлагч компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг “300 сая” төгрөг болгон нэмэгдүүлж, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын монгол ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусган, гадаад улсад хөдөлмөр эрхэлж байх хугацаанд эрсдэл учирсан тохиолдолд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хөрөнгө хуваарилахаар тусгасан байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Ойрын жилүүдэд улс орнуудад сувилагч эмчийн хэрэгцээ өсөх нь байна. Жишээ нь Францад сувилагч эмчийн хомсдолд орж, даац нь хэтэрсэн. Цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж байна. Удахгүй цар тахал намжина гэж байгаа ч дэлхийн голлох сэтгүүлд цар тахлын дараагийн давлагаа ирж байгааг бичиж байна. Энэ дээр зохицуулалт орсон уу. Манай улс ажиллах хүчний хомсдолд ороод байна уу” гэдгийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль батлагдаад 20 жил болж байна. Зөвхөн хуулийн этгээд гадаадаас ажиллах хүч авах, гадагш нь ажиллах хүч, дадлагажигч илгээх зохицуулалт оруулж байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар гадагшаа ажиллах хүч илгээхийг хуулийн этгээд иргэн, ТББ байгаа учраас эдийн засгийн чадавхгүй иргэд төрийн бус байгууллагууд гадагшаа ажиллах хүч илгээнэ гэсэн тусгай зөвшөөрөл авчхаад иргэдийг хохироох, санхүүгийн чадамжгүй иргэдэд тусгай зөвшөөрөл олгодог асуудал байдаг. Иргэдээ эрсдэлд оруулахгүйн үүднээс гадагшаа ажиллах хүч зуучлах дадлагажигч илгээх асуудлыг зөвхөн хуулийн этгээд байхаар оруулж ирсэн” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.22 ДАВАА № 229 (6706)