Ч.ЗОТОЛ
Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа. Энэ хүрээнд мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан, хонины цэцэг, үхрийн арьс товруутах өвчин оношлогдоод байгаа аймгуудын нутаг дэвсгэрт өвчнийг бүрэн хяналтад авах, устгах, тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгав.
Аймаг, сумын бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүй нөөц хангалтгүй байгаа Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Увс аймаг өвс, тэжээлийн нөхөн бүрдүүлэлтээ шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.
Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний тархалт их байгаатай холбогдуулан мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малыг улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасан байна.
Эх сурвалж: www.polit.mn