Б.ОД
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ.
Тэрбээр "Улаанбаатар хотын хувьд Морингийн болон Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван хогийн цэгт хогийг төвлөрүүлдэг. Манай улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг булж байгаа. Хотын хэмжээнд хог хаягдал дарж булах зардал 2006 оноос өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй, тонн тутамд 85 цент буюу 2080 төгрөг байгаа. Хэрэв хог шатаах үйлдвэртэй болчихвол хог булах хуучин технологийг халаад зогсохгүй хог хаягдлын салбарт шинэ харилцаа үүснэ. Гадаадын улс орнуудад хогийг шатааж устгах үйлдвэртээ асар их хэмжээний төлбөр төлдөг. Тухайлбал, Япон 55 ам.доллар, БНСУ 45 ам.доллар, БНХАУ 35 ам.доллар, ХБНГУ, Австрид 200 еврог төсөвлөж, хог шатаах устгах үйлдвэрүүдийг дэмждэг байна. Тэгэхээр бид цаашид Улаанбаатар хотын хог хаягдлын салбарт зарцуулах хөрөнгө мөнгийг нэмж, шинэ технологийг нэвтрүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган өрхөөс гарч буй үнсийг дахин ашиглаж, барилгын материал үйлдвэрлэх туршилт амжилттай болсон. Үнсийг ашиглан барилгын материал, хөнгөн хийц үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэхэд анхаарч, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө санхүү гаргахаас арга байхгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодорхой саналыг боловсруулснаа удахгүй хуралдах НИТХ-ын чуулганд оруулна” гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn