С.УЯНГА

 

Эдийн засгийн болон Инновац цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Мэргэжлийн байгууллагын өгснөөр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа есөн бирж байна. Харин хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт койноо санал болгоод байгаа  найман койн, олон нийтээс хөрөнгө татаад арилжаа нь хийгдэж эхлээгүй байгаа 10 койн байгаа аж. Энэ үеэр гишүүд байр суурь илэрхийлснийг хүргэе.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хууль батлагдахаас өмнө гарсан койныг яаж зохицуулах юм бэ. Ажлын хэсгийн ахлагчийн саналаар шилжилтийн хэсгүүд орж ирж байгаа юм байна. Иргэд мэдээллийг зөрүүтэй авч байгаа учраас эргээд хохирох вий дээ. Үүнийг Ажлын хэсэг яаж үзсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль нь виртуал хөрөнгийн зах зээлийг харилцааг зохицуулах хууль биш. Энэ нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шаардлагыг тодорхой болгож байгаа хууль юм. Дөрвөн сарын дараа гэхэд тус боловсруулсан журмыг одоо үйл ажиллагаа явуулж байгаа есөн бирж дахин шинэ шалгуурын дагуу бүртгүүлэх ёстой. Зөвшөөрөл өгөхгүй бүртгүүлнэ. Ингэснээр СХЗ хяналт тавих эрх нь энэ хуулиар нээгдэж байгаа. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тэмцэх тухай хуулийн мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй этгээд бол мөнгө угаах хуулийн дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нар болж эхэлнэ. Тэгэхээр үүргээ хүлээснээр сэжигтэй гүйлгээнд хяналт тавих эрх нь хуулиар олгогдоно.

СХЗ-ны дэд дарга С.Хүдэрчулуун:

-Хуулийн төсөл өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан. Энэ хугацаанд нөхцөл байдал эрс ялгаатай өөрчлөлтүүд бий боллоо. Есдүгээр сард гурван бирж, хоёр койн арилжаалагдаж байсан. Аравдугаар сард зургаан койн, таван бирж байсан.

Ингээд арваннэгдүгээр сарын эхний байдлаар найман койн, зургаан бирж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам эрэлтүүд бий болж байна. Маш их хөөсрөлтүүд бий болох хандлага гарч эхэлсэн. Нөгөө талдаа арилжааны эксченж дээр койн гаргая гэсэн 300 гаруй хүсэлт ирж ачаалал бий болж эхэлсэн. Койн суурь эрсдэл маш өндөртэй.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Виртуал хөрөнгийн хууль цаг үеэ олсон. Бусад улс орны хуулийг харахад бүрэн төгс зохицуулж чадсан хууль байхгүй юм билээ. Ерөнхийдөө төрөл бүрийн дүрэм журам туршаад, зарим нь хориглочихсон. Гэхдээ хууль боловсруулахдаа нэг зүйлийг маш тодорхой болгосон. Виртуал хөрөнгө гэдэг нь үнэт цаас юм уу төлбөрийн хэрэгсэл юм уу. Энэ хуулийг боловсруулахдаа алийг нь барьж боловсруулсан юм бэ. Жишээ нь биткойн төлбөрийн хэрэгсэл болж гарч ирсэн.

Ажлын хэсгийн ахлагч,  УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Виртуал хөрөнгө бол төлбөрийн хэрэгсэл, үнэт цаас ч биш. Гэхдээ энэ хууль гарснаар виртуал хөрөнгийг Монгол Улс хориглоогүй бүртгэж эхэлж байгаа гэсэн томьёоллоор явна. Харин Монголбанк санхүүгийн мэдээллийн албан дээр мэдээлэл ирнэ.

Төр ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл олгоод ажиллаж байгаа зүйл огт байхгүй гэдгийг сайн ойлгох ёстой. Үүссэн эрсдэлийг төр хүлээхгүй. Блокчейнд бүртгэгдэж буй виртуал хөрөнгө бол бүхэлдээ шинэ санхүүгийн арга хэмжээг гэдэг утгаар нь Монгол Улс хориглох бололцоо байхгүй. “Pair to pair” буюу иргэд хоорондоо харилцаж байгаа харилцаанд шууд хяналт тавих боломжгүй. Өмнө нь хэнээс хэнд шилжсэн бэ гэдэг бүртгэл блокчейнд бичигдээд явж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.17 ЛХАГВА № 226 (6703)