Б.ДОЛЖИНЖАВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ойн салбарын үндэсний чуулган”-д оролцож үг хэллээ.
Тэрбээр “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах билээ. Монгол Улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтөд нэн их өртөж байгаа улс орнуудын нэг юм. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын судалгаагаар нийт бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд ой мод ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин ихийг хууль бусаар хэрэглэжээ. Ганцхан жишээ дурдахад, манай улсад олон зуун гол горхи, булаг шанд ширгэж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг аюулын харанга дэлдсэн үзүүлэлт жилээс жилд урагшлах, улмаар хүн, мал дайжин эзэнгүйдэх газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа нь бодит үнэн юм.Тиймээс Миний бие Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэв.
Эх сурвалж:www.polit.mn