С.САРУУЛ

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганаар хэлэлцэж байна.

Хуулийн төсөлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт  хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, хөрөнгө, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг багтаасан бөгөөд хувь хүний нууцад хамаарна хэмээн тусгасан байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Мэдээллийг янз бүрээр цуглуулж байна. Дуу, дүрсний бичлэг хаана хийж болохыг хуульчилсан. Хувь хүний нууцыг цааш нь дамжуулсан бол Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Энэ хууль хүний хувийн эрх ашгийг хамгаалсан дэвшилтэт хууль гэж ойлгож болно" гэдгийг хэлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Түүхэндээ анх удаа 18 их наядын төсөв батлах гэж байна. Нүүрсний экспортыг 36 сая тонн хүргэнэ гэсэн. Энэ жилийнх 15 сая орчим тоннд байна. Хил гаалийн амаргүй нөхцөл байдлаас шалтгаалан 36 сая тонн нүүрсийг экспортод гаргаж чадах уу үгүй юу гэдэг асуудал. Үүний бэлтгэл хангах, онцгой дэглэмд ажиллаж байж экспортын зорилтыг хангах болов уу гэж бодож байна. Хил гаалийн нөхцөл амаргүй байх нь. Тиймээс барааны хомсдол үүсгэхгүй, үнийн өсөлт гаргахгүй, экспортын хэмжээг бууруулахгүй байх чиглэлээрх асуудлыг тогтоолд оруулмаар байна. Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой дэд ажлын хэсгийг би ахалж ажилласан. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших гүйцэтгэлд барилгын материалын үнийн өсөлтийг тооцох нь зүйтэй гэсэн асуудлыг ажлын хэсэг дээр ярилцсан. Энэ асуудлыг юу гэж үзэж байна" гэдгийг тодруулав.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Төсвийн байнгын хороон дээр 2021 онд үнийн өөрчлөлт яригдана гэж үзсэн. Үнийн өөрчлөлтийг 2022 оны төсөвт суулгана. Магадлан хийлгээд үүний дагуу Сангийн яам асуудлаа оруулж ирнэ. УИХ шууд төсөвт өртгийг нэмэгдүүлэх боломжгүй. Нэгдүгээрт, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж буй хүчин зүйлийг судалж үнийн өөрчлөлтийн индексийг батлах. Хоёрдугаарт, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, холбогдох саналаа 2022 оны долдугаар сарын 1-ний дотор УИХ-д танилцуулах гэж байгаа. Төсөвт өртөг гэдэг нь 2021 оноос эхэлж байгаа обьектэд хамаарна.

2022 оны төсвийн орлогыг өндөр төлөвлөсөн. Тиймээс оны эхнээс шахуу арга хэмжээ авч ажиллахаас өөр аргагүй" гэв.

Эх сурвалж: www.polit.mn