Б.ДАМДИН-ОЧИР

 

АН нэгдсэн үү? Өнгөрсөн баасан гаригт болсон Онц их хурал нь чухам ямар үр дүнтэй дууссан бэ? Тэр хурлаас хойшхи үйл явдлууд ийм олон асуултын тэмдгийг махийлгаж байна. Онц их хурлын үр дүн олон хүнд маш ойлгомжгүй байгаа бололтой. Мань мэт байтугай АН-ын дийлэнх гишүүд нь ч юу болоод өнгөрснийг ойлгохгүй байна.

Учир юу гэвэл, Тал талд явж байсан хэд хэдэн фракц “Монгол бахархлын өдөр”-өөр Онц их хурлын тайзан дээр хамт гарч ирсэн. АН-ын эв нэгдэл гэдгийг тэгж тодруулсан. Гэвч тэр нь харагдах байдал бөгөөд цаадах агуулга нь өөр ажээ. Өөрөөр хэлбэл, АН-ынхны нэгдэх хүсэл дээр “хэн нэгэн” тун чадмаг тоглосон болж таарлаа. АН-ынхан өөрсдөө ингэж дүгнэж эхэлснийг энд тодруулъя.

Шуудхан хэлэхэд, эв нэгдэл ярьсан АН-ын Онц их хурлын ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байжээ. Онц их хурлын сценари, сүүлд нь өрнөж буй үйл явдлуудаас тэр байсныг харж болно. Ер нь бол АН-д ингэж тоглох улстөрч Ц.Элбэгдоржоос өөр байхгүй.

Нэгдүгээрт, АН-ын Онц их хуралд бүгд оролцсонгүй. Ялангуяа хууль ёсны тамга атгаж буй М.Тулгат буюу С.Эрдэнийн тал очоогүй. Онц их хурал гэж цуглагсдын 50-иас илүү хувийн даацтай С.Эрдэнэ нар байгаагүй нь Онц их хурал хууль ёсны ач холбогдолгүй гэсэн үг.

Хоёрдугаарт, Онц их хурлын төгсгөлд Д.Дорлигжавын үгийг сонсох О.Цогтгэрэл АН-ын дарга хэмээж, генсекээр нь Ц.Элбэгдоржийн үгийг сонсдог Лу.Гантөмөр томилогдсон. Энэ нь онц ач холбогдол өгч, өөрөө биечлэн очсон экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өрсөн нүүдэл гэдгийг тодруулна.

Гуравдугаарт, Онц их хурлаас хойш АН-ынхныг хөдөлгөж эхэлсэн Лу.Гантөмөрийн “Нэг ардчилал” фракц 2009 онд үүссэн. Тэр үед тус фракцийг Ц.Элбэгдоржийн дэмжиж, Ерөнхийлөгч болсныхоо дараа “клуб” тодотголтойгоор байгуулсан. Энэ талаар АН-ынхан бүгд ярьдаг. Хэвлэлүүд ч олон жил бичиж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буугаад намдаа орж, дээшлэх шат нь энэ фракц байна гэдэг нь аль эрт зарлагдчихсан. Яг л тэр замаар одоо явж эхэллээ.

Дөрөвдүгээрт, Лу.Гантөмөр 2017 оны эхээр болсон АН-ын даргын сонгуульд өрсөлдөхийнхөө өмнө фракцаа татан буулгаж байгаагаа мэдэгдсэн. Тэр цагаас хойш өөрөө ч улс төрд гарч ирээгүй, тиймээс “Нэг ардчилал”-ын талаар дахин хөндөгдөөгүй. Гэхдээ улс төрийн намуудын фракц гэдэг “...Татан буулгалаа” гээд алга болчихдог эд биш. Харин замын дундаас хэн нь ч, хэд нь ч урваж болдог тийм л бүтэц шүү дээ. Тэр утгаараа “Нэг ардчилал”-ынхан фракц хэвээрээ байгаа гэдгийг өнгөрсөн өдрүүдийн үйл явдлууд нотолж байна. Лу.Гантөмөр генсек болчихоод хамгийн түрүүнд З.Нарантуяа, Х.Тэмүүжинийг, тэгээд талуудын төлөөлөл болгож М.Тулгат, Ө.Шижир, П.Гантулга нарыг багтаа урьж байна.

Энд бас анхаарал татах явдлууд бий.

Онц их хурлын “шийдвэр”-ийг шүүх хүлээж авах боломжгүй гэдгийг экс Ерөнхийлөгч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өөрөө ч тэр хурал дээр “...АН-ын дарга хэн байхыг шүүх шийдэхгүй” гэж хэлсэн. С.Эрдэнэд байгаа тамгагүйгээр Дээд шүүхэд материал бүрдүүлж өгнө гэдэг цүнхээл рүү чулуу шидэж тоглохтой л адил. Үүнтэй хамааруулаад хэлэхэд, төдийгөөс өдийг хүртэл, сүүлийн жилүүдэд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дөрөө харшуулж ирсэн С.Эрдэнэ яагаад гэнэт Онц их хурлаас нь татгалзсан бэ гэдэг сонирхолтой л юм. С.Эрдэнэ эсэргүүцэж байгаа мэт гүрийх нь энэ тоглолтын бас нэг үзэгдэл үү. Тэгэхээр М.Тулгатыг дагаж хурал хийж гүйгээд байгаа нөхдүүд өөр чулуу хөөгөөд байгаа болж таарна аа даа. Ц.Элбэгдоржийн тухайд С.Эрдэнийн тамгатай Дээд шүүхэд хандахад О.Цогтгэрэл байтугайг нь хүлээж авахуулна. Тэр үүнийг мэдэхийн дээдээр мэдэх хүн.

Бас уг хурлаар АН-ын дарга болсон О.Цогтгэрэл цаашдаа хэн болох вэ гэдэг анхаарал татна. Хөөрхий тэр болохоор “АН-ын дарга” болсныхоо дараа “...Ардчилалд хайртай монголчуудын итгэл үнэмшилд байдаг олон хүмүүсийг хөгжлийн төлөө хамтарч ажиллая хэмээн урьсан. Бидэнтэй Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нар нэгдлээ. Шинэ баг бүрэлдэхүүн бүрдэж байгаад талархууштай байна” гэж ярьж зогсоно лээ. Хурал дуусангуут Лу.Гантөмөр АН-ын дуу хоолой болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын удирдлага нь цаашид Лу.Гантөмөрөөр дамжиж экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байх болно.

Энэ нь тов тодорхой атал бас нэг сонин зүйл яваад байна. Онц их хурал хэмээх тоглолтыг хамаагүй холуур төөрүүлж байна. Тэр нь юу вэ гэхээр, АН-ын дарга О.Цогтгэрэл, генсек Лу.Гантөмөр гэнгүүт “...Увс аймгийнхан АН-ын авчихлаа” гээд эхэлж байгаа юм. Дагуулаад Лу.Гантөмөрийг Увсынх биш Өмнөговийнх болгох гэж буй мэт дүр зургийг сошиалд явуулж байх жишээтэй. Хариуд нь “...Лу.Гантөмөр яаж Өмнөговийнх болохов дээ” гэсэн реакци гарч ирж байгаа юм.

Эцэст нь нэг зүйл хамгийн ойлгомжгүй байна. АН албан бусаар экс Ерөнхийлөгчийн гарт шилжжээ. Тов тодорхой байгаа юм. Ц.Элбэгдоржийг “...Эвдэрч хагарсан намаа олон жилийн дараа аваад эвлүүлж цуглуулах аянд гарлаа” гээд PR-дахад хэн шоолж гоочлохов дээ. Бахархмаар үйл явдал бус уу. Гэвч тэрбээр ингэж гайхуулах байтугай ил хэлэх ч хүсэлгүй байгаад нь гайхаад байгаа юм. Гэхдээ намынхан нь “...Ц.Элбэгдорж яагаад “нуугдаад” байна вэ” гэж асуугаад эхэлсэн байна лээ. Тэгэхээр тэр гарч ирж байж, энэ бүхний учиг тайлагдана. Тэр хүртэл АН-ын олонхи нь ойлгохгүй хэмлэлдсээр л байх бололтой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.11 ПҮРЭВ № 221, 222 (6698, 6699)