Б.БАЯР
АН-ын Онц их хурал "UB palace"-т болж байна. Онц их хурлын төлөөлөгчөөр АН-ын 200,000 гаруй гишүүд, дэмжигчдийн төлөөлөл 1318 төлөөлөгч сонгогдсон байна. 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон Их хурлын төлөөлөгчид цуглан хуралдаж намдаа үүссэн зөрчил, хагарлыг эцэслэн цэг тавина гэж тус намын эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Онц их хуралд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүд оролцож байна. Тэгвэл энэ Онц их хурлаар АН-ын удирдлагад шинэ томилгоо нэмж хийхээр болжээ. Эх сурвалжийн мэдээллээр Лу.Гантөмөрийг генсекээр "сонгох"-оор багцалжээ. Ингэхээр АН нь Ч.Өнөрбаяр, Лу.Гантөмөр гэсэн хоёр генсектэй болох юм. Мөн тус нам М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай. Харин энэ Онц их хурлын дараа О.Цогтгэрэлийн намын даргын албан тушаал үгүй болж, М.Тулгатын араас экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ил гарч намаа удирдах бололтой. Түүний дараа хоёр генсекийн хэн нь үлдэх вэ гэдэг асуулт, өрсөлдөөн бас гарч ирэх бололтой.
Эх сурвалж: www.polit.mn