Ч.ОЛДОХ

УИХ дахь МАН-ын бүлгийн  өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг  Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

МАН-ын бүлэг үндсэн  хоёр асуудал хэлэлцсэний нэгдүгээрт,  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн ажлын хэсгийн саналыг  сонссон байна. Монгол Улс   БНХАУ-ын Засгийн газар хоорондын хилийн худалдаа, эдийн засгийн бүс байгуулах асуудлыг хэлэлцэж, шинээр хоёр яам байгуулахыг дэмжжээ. Засгийн газраас шинээ хоёр яам байгуулах, тодруулбал Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам, салбарын эрхлэх асуудлын хүрээнд  “И-Монгол Академи”, Сахилгын хороо, Ойн судалгаа, хөгжлийн агентлаг, Боловсролын ерөнхий газар гэсэн  агентлагуудыг  байгуулах  санал оруулж ирсэн. Мөн  Худалдан авах ажиллагааны агентлагийг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнээс  гаргаж Сангийн сайдад шилжүүлэх, Цөмийн энергийн газар, бодлогын асуудлыг Ерөнхий сайдын мэдлээс гаргаж  Боловсролын сайдад, жендерийн асуудлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын мэдэлд шилжүүлэх, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг Боловсролын сайдын чиг үүрэгт өгөх зэрэг  саналыг  өргөн барьсан. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гарч санал боловсруулсныг МАН-ын гишүүд бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжжээ.

Эдийн засгийн хөжлийн яамыг байгуулах саналыг дэмжихдээ  чиг үүргийг  тав байсныг 11 болгосон.  Цахим хөгжлийн яам  байгуулахыг дэмжсэн, ингэхдээ долоон чиг үүрэгтэй байсныг ес болгосон.Боловсролын болон  Ойн агентлаг байгуулахыг дэмжсэн. Харин төрийн худалдан авах ажиллагааны агентлаг Сангийн сайдын харъяанд байж болохгүй хэмээн үзэж Шадар сайдын чиг үүрэгт байлгах санал оруулахаар болж,  Жендерийн тэгш байдлын тухай асуудлыг Ерөнхий сайдын харъяанд хэвээр үлдээхээр ярилцжээ.

Эх сурвалж: www.polit.mn