С.УЯНГА

Ирэх оны төсөв болон цаг үеийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа. 

-Зам, тээврийн салбарт ирэх онд ямар хөрөнгө оруулалт хийгдэх вэ. Төсөв өмнөх жилээс өссөн харагдаж байна ?  
-Зам, тээврийн салбарт өнгөрсөн оны төсвөөр 285.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдаж байсан бол ирэх оных 449.7 тэрбум болж өссөн нь үнэн. Ирэх оны төсвийг долоон зүйлд голчлон зарцуулна. 140 орчим тэрбум төгрөгийг он дамнан хийгдэх ажилд зарцуулахаар төлөвлөлөө. Тухайлбал, 2021-2022 онд мянганы замын ажлыг дуусгаж, Дарханы зам үргэлжилнэ. Харин шинээр эхлэх бүтээн байгуулалтад 196 орчим тэрбум төгрөг тавьсан. 
Хилийн боомтууд болон Монгол Улсын аялал жуулчлалын бүс нутаг руу хатуу хучилттай авто зам тавихад онцгой анхаарна. Чингис хотоос Дадал чиглэлийн 70 км автозам барьж ирэх жилийн улсын баяраас өмнө дуусгах зэргээр төлөвлөсөн хэд хэдэн ажил бий. Хилийн боомтуудын таван чиглэлийн зам өмнө хүлээгдэж байна. Баян-Өлгий, Завхан, Дархан-Сэлэнгээс Түшиг, Зэлтэр, Дорнодоос Хавирга, Ульхан боомтыг автозамаар холбох, заримынх нь ТЭЗҮ-г хийж эхлүүлэх ажлууд хийгдэж байна.Ульхан боомтыг барьснаар Дорнод, Хэнтий аймгууд дээшээ ОХУ-тай, зүүн тийшээ БНХАУ, Хавирга боомтоор, доошоо Чингис хот, Даланжаргалан, Бор-Өндөр тийшээ хатуу хучилттай автозамтай холбогдож байгаа юм. Бидний гол зорилго бол хүн ихээр зорчдог хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох бодлогын хүрээнд 2022 оноос эхлүүлээд явна. 
Гүүрийн байгууламж, төмөр зам, нисэх буудлын өргөтгөлд хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Нийт есөн гүүрэн дээр улсын төсвийн хөрөнгө оруулалт зарцуулна. Төмөр замын бүтээн байгуулалтын хувьд баруун бүс дээр ТЭЗҮ хийж дуусгаж, цаашид төр хувийн хэвшлийн түншлэлээр барих юм. 1200 гаруй км үргэлжлэх учраас хөрөнгө оруулалт маш их шаардагдана. Мөн Чойбалсан-Хөөт- Бичигт, Зүүнбаян-Ханги гээд үргэлжлээд явна.  
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан “Нутгийн зам” төслийг ирэх оноос эхлүүлнэ. Энэ төслийн хүрээнд улсын болон олон улсын чанартай автозамаас гадна хүн амы  суурьшил ихтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжих бололцоотой сумд руу хатуу хучилттай зам тавих юм. Ургацын болон хүнсний ногоо тариалдаг бүс нутаг гэсэн хоёр гол чиглэлд “Нутгийн зам” төсөл хэрэгжинэ. 

-Аялал жуулчлалын бүс нутаг руу гэхээр яг аль хэсэг рүү голчлон бүтээн байгуулалт хийх вэ. Хатуу хучилттай замаас гадна агаарын тээврийн салбарын хөгжлийг хэрхэн харав? 
-Аялал жуулчлалын зориулалттай автозамыг БОАЖ-ын яам болон холбогдох газруудтай ярилцсаны үндсэн дээр шийдэж байна. Нэг хэсэг Бурхан халдун уул руу зам тавих асуудал ч яригдаж байсан. Монгол төрийн шүтээн болсон энэ уул руу хэн дуртай нь очих уу, эсвэл хязгаарлалттай байх уу гэдгийг салбарын яамтай ярилцсан. Цаашид ч бодох ёстой юм билээ. Салбарын бодлого барьж байгаа сайдын хувьд  төр, түмний шүтээн болсон газар руу хар хурдаараа давхиж очих нь оновчгүй л гэж бодож байна. Ер нь аялал жуулчлалын бүх газар уу зам тавина гэхээс илүү нийтээрээ зорчдог хэсэг рүү чиглэх нь зөв байх. 
Чингис хот руу чиглэсэн замууд руу явж ажиллаж үзсэн. Аялал жуулчлалын гол бүс болсон Чингис хааны төрсөн нутаг, Их хаадын хуралддаг байсан газрыг жуулчид үзье гэхэд учир дутагдалтай юм билээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар 2022 оноос эхлээд Чингис хааны төрсөн нутаг болон түүхэн дурсгалт газрууд руу цөөнгүй ажил эхлүүлж байгаа. Тэр түүхүүдийг баталгаажуулж орчин үетэй нийцүүлж гаргаж ирэх нь зүйтэй. 
Хэнтий аймаг аялал жуулчлалын томоохон бүс болж хөгжлөө гэхэд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээс гадна агаарын тээврийг дэмжих ёстой. Үүний тулд Чингис хотын Өндөрхаан нисэх онгоцны буудлыг олон улсын нисэх буудал болгох ажлын хүрээнд 9.9 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Дадалын Дэлүүн болдгийн нисэх буудалд таван тэрбум төгрөг зарцуулж байгаа.  Цаашид Ховд, Чойбалсангийн нисэх буудлыг олон улсын түвшинд хүргэнэ.  

-Хүнсний ногоочид жил бүр тээвэрлэлтийн асуудлыг хөнддөг. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ? 
-“Нутгийн зам” буюу эдийн засгийн үр өгөөжтэй хөдөө аж ахуйн тээвэрлэлтийг дэмжих хүрээнд  хүнсний ногоо, улаан буудайн төсөлтэй зэрэгцүүлж явна. Жайка, НҮБ, Дэлхийн банк судалгаа хийж байгаа. Эдийн засгийн үр ашигтай хөдөө аж ахуйн тээвэрлэлтэд улаанбуудай, хүнсний ногоо тээвэрлэх гол замуудыг сонгож авсан. Эхний ээлжинд Төв аймгийн Угтаал цайдам, Цээл, Заамар чиглэлд байх юм. Дараагийнх нь Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Ховдын Эрдэнэбүрэн, Ховд сум руу хатуу хучилттай зам тавина. Үндсэндээ 5000-аас дээш хүн амтай сум руу зам тавих бодлого баримталж байгаа. 

-“Боинг 737 MAX-8” онгоц 2019 онд Монголд газардсан ч дэлхий дахинд осол гарснаар төд удалгүй зогссон. Энэ онгоцонд манай улс түрээсийн төлбөр төлж байгаа юу. Хэзээ ашиглаж эхлэх вэ? 
-“Боинг 737 МАХ-8” онгоцыг манай улс 2019 онд авсан. Хоёр гурван удаа осол гарсан учраас МИАТ-ээс нислэгийг зогсоосон. Үүний дараа коронавирусын нөхцөл байдал үүссэн. Одоогийн байдлаар цаасан дээр бичилт хийж байгаагаас биш ямар нэг мөнгө төлөөгүй. Цаашид ч төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Нэгдүгээрт, цар тахлын нөхцөл байдал үүссэн. Хоёрдугаарт, онгоц осолдож зогсоход Монголын талын юм уу “МИАТ” компанийн буруу байхгүй. Тиймээс “МИАТ” ТӨХК энэ асуудал дээр ажиллаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.29 БААСАН № 213 (6690)