Д.ДАРАМБАЗАР

Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа Монгол Улсын волейболын шигшээ багийн тамирчин, спортын мастер Э.Алтангэрэлийг урилаа. Тэрбээр  воллейболын үндэсний дээд лигийн аварга, тусгай шагнал, шилдэг хамгаалан тоглогч, 2020 оны залуучуудын улсын аваргын мөнгөн медалтьтай тамирчин юм.

-Та улсын шигшээ багт орохоосоо өмнө “Хасу-Мегастарс” клубт олон жил тоглосон. Яагаад энэ клубыг сонгов? 
-Би 10 жилийн дунд сургуулиас энэ спортоор хичээллэж эхэлсэн. Дүүргийн аваргын тэмцээнд орж байх үед Д.Солонго багш волейболын гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж намайг бэлтгэл хийх үү гээд дуудаж байсан. Тухайн үед “Хасу-Мегастарс” клуб байгуулагдаагүй байсан. Харин дараа нь “Хасу-Мегаветт” компани манай багийг зарим тэмцээнд ороход ивээн тэтгэдэг болсноор энэ баг дээрээ тулгуурлаад 2010 онд “Хасу-Мегастарс” клубыг байгуулахад нь гишүүн болж орж байсан.

-Анхны олон улсын тэмцээндээ хэзээ орж байв?
-2014 онд Монголын шигшээ багийн тамирчин болсон. 2015 онд зүүн бүсийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэр ондоо шигшээ багийн гарааны тамирчин буюу төвийн хаагчаар тоглож байсан. Шигшээ багийн тухайд намайг орсноос хойш хоёр удаа том тэмцээнд оролцсон. Тэр нь хоёр удаагийн зүүн Азийн тэмцээн. Энэ тэмцээнүүдэд хүрэл медалийн төлөө тоглоод хожигдож IV байрт орсон. 

-2017 онд Азийн зүүн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монголд болж манай шигшээ баг өндөр амжилт үзүүлж байсан?
-Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн манайд гурав дахь удаагаа болсон. Өмнө нь 2000, 2008 онд зохиосон байдаг. Мөн Азийн зүүн бүсэд найман холбоо харьяаглагддаг. Тэр жил анх удаа бүх холбоо оролцсон тэмцээн болсон. Манай шигшээ багийн хувьд зургаан сар тасралтгүй бэлтгэл хийсэн болохоор үр дүнгээ өгсөн. Бид зорьсон амжилтдаа хүрээгүй ч Монголын волейболын хөгжил Азидаа ямар түвшинд байна гэдгийг харуулсан. Өмнө нь монголчуудыг намхан нуруутай, ур чавдар дутуу гэсэн нийтлэг ойлголт байсан. Үүнийг эвдэхийг хичээсэн. Тэмцээнд бидний нурууны өндөр Азийн түвшинд нэлээн дөхсөн. 

-Монголд волейбол хэр хөгжиж байгаа бол?
-Хөгжиж байна. Өмнө нь идэрчүүдийн УАШТ нэг аймагт болоход бүх баг очдог байсан. Харин одоо бүсээс шалгардаг болсон. Ингэхээр аймаг, сум бүр баг бэлдэж илүү өргөн хүрээг хамарч байна. Бас мини волейболын тэмцээнд хүүхдүүд их оролцдог. Хэдийгээр хүмүүс волейболын спортын хөгжлийн талаар сайн мэддэггүй ч бидэнд илт мэдэгддэг болохоор хурдацтай хөгжиж байгаа гэж болно.

-Таны цаашдын зорилго юу вэ?
-Ирэх жил Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Мөн волейболын тамирчин гэдэг утгаараа Азийн наадмаас медальт байранд орох зорилго өвөртөлж явдаг. Мөн лигийн тэмцээнд амжилттай оролцож түрүүлэх. Волейболын спорт өндөр хөгжсөн орнуудад хүүхдийг багаас нь зөв системээр бэлтгэдэг. Үүнтэй адил манайх ч бас хүүхдүүдээ багаас нь бэлтгэвэл илүү ур чадвартай болж амжилт гаргах боломж бүрдэнэ гэж хардаг. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.27 Лхагва № 211 (6688)