С.УЯНГА

Сүүлийн жил гаруй хугацаанд парламент 74 гишүүнтэй ажилласан. Тэгвэл Хэнтий, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болж УИХ хоёр шинэ гишүүнээр бүл нэмлээ. Өөрөөр хэлбэл, багагүй хугацааны дараа парламентын 76 гишүүн бүрдэж, “бүтэн” боллоо. 
Хэнтий аймгаас Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүргээс Э.Батшугар нар олонхийн санал авсныг Сонгуулийн төв байгууллага УИХ-д танилцуулж, гишүүд тангараг өргөсөн юм. Ингэснээр пүрэв гаригийн чуулганы хуралдааны эхэнд Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нөхөн сонгуулийн дүнг танилцууллаа. 

П.Дэлгэрнаран: ЦАР ТАХАЛ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ СОНГОГЧДЫН ИРЦЭНД НӨЛӨӨЛСӨН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

-Нөхөн сонгуулийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч тэдгээрийн ажиглагч, иргэд сонгогчдод хяналт тавих, ажиглалт хийх боломжоор бүрэн хангаж ажиллалаа. Тухайлбал, санал авах, тоолох, дүн гаргах, хяналтын тооллого хийх үйл явц хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон 1271 ажиглагч хяналт тавьж ажиллав. Энэ удаагийн нөхөн сонгуулиар сонгогчдын ирц оролцоо урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад буурсан. Тиймээс сонгогчдын идэвх оролцоог сайжруулах, сонгуулийн болон сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх ач холбогдлыг сонгогчдод тайлбарлан таниулах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар суурь мэдээ, мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр хүргэх зэрэг сонгогчдын боловсролд зориулсан үйл ажиллагааг сонгуулийн болон сонгуулийн бус жилд өргөн цар хүрээтэйгээр, тогтмол явуулахад Сонгуулийн ерөнхий хороо онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Мөн аравдугаар сард явагддаг сонгууль нь улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах өргөн цар хүрээтэй ажилтэй зэрэгцэн явагддаг онцлогтой бөгөөд дэлхий нийтэд аюул учруулж буй цар тахлын хүндхэн нөхцөл байдал нь сонгогчдын ирц оролцоонд нөлөөлөх хүчин зүйлийн нэг болсныг үгүйсгэх аргагүй юм. Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон болно. Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль нь Үндсэн хууль, Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо. 
Дараа нь шинээр сонгогдсон гишүүд Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Энхбаярын Батшугар, Цагаанхүүгийн Идэрбат нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдаж, тэр мөчөөс эхлэн 
Шинээр сонгогдсон гишүүдийн байр суурийг хүргэе. 

Ц.Идэрбат: ХЭНТИЙ АЙМАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА 

-Нөхөн сонгуулийн дүн баталгаажин, УИХ-ын гишүүний тангарагаа өргөснөөр чуулганы анхны хуралдаандаа суулаа. Тангарагийн үгэнд бүх зүйл тодорхой байгаа. Улс орон, ард түмний эрх ашгийг дээдлэнэ гэдэг зарчим баримтална. Яг одоо УИХ-аар 2022 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ хүрээнд асуудлаа тавина. Сонгуулийн дүнтэй холбоотой асуудалд байр суурь илэрхийлэх нь миний хувьд зохимжгүй гэж бодож байна. Энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас өмнө Монгол Улсын төсвийн тухай хууль батлагдах ёстой. Тиймээс энэ хуульд анхаарах ёстой гэж ойлгож байгаа.
Сүүлийн жилүүдэд Хэнтий аймагт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь үнэн. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Засгий газраас гаргасан шийдвэр амьдрал дээр хэрэгжиж байгаагийн илрэл гэж харж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Хэнтий аймагт хийж байгаа ажлуудын талаар танилцуулах боломж гарна байх. 

Э.Батшугар: ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР ХАРУУЛАХ БОЛНО

-Юуны өмнө Сонгинохайрхан дүүргийнхэндээ баярлалаа. Та бүхний итгэл бол миний хувьд маш том үүрэг хариуцлага юм шүү. Тиймээс үүрэг хариуцлагаа ажлын үр дүнгээр харуулах болно. Мөн энэ парламентын хамгийн залуу гишүүн болж байгаа учраас залуучуудынхаа дуу хоолой болж ажиллах болно.
 СХД бол гэр хорооллоос эхлээд тулгамдсан асуудал ихтэй. Зам, сургууль, цэцэрлэг, дэд бүтэц гэх мэт олон асуудал бий. Тиймээс бусад гишүүдтэйгээ хамтраад эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Би ажлын үр дүнгээрээ, тойргоо хөгжүүлж ажиллах болно. Дүүрэг, хороо, улсаа хөгжүүлэхийн тулд чаддаг бүхнээ хийнэ. 
Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын банкираар цөөнгүй жил ажилласан. Оюутолгой болон хөрөнгө оруулагч, гадны томоохон уул уурхайн компаниудтай ажиллаж байсан туршлагатай. Ямар нэгэн байдлаар миний хэрэгцээ шаардлага гарвал Оюутолгойн асуудалд чадлаараа хичээж ажиллана. Мөн намрын чуулганаар ид хэлэлцэж буй төсвийн хуульд санал бодлоо илэрхийлж идэвхтэй  ажиллах болно. 

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар зарим байнгын хорооны бүрэлдэхүүн болон  Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуульд зааснаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгаад байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.22 № 208 (6685)