Б.БЯМБАЖАРГАЛ

Дарханчууд 60 жилийн ойн төсвөө эрүүл мэнд, бүтээн байгуулалтын салбартаа зарцуулж Аймгийн нэгдсэн эмнэлэгтээ шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий томографийн аппарат,  15 сая төгрөгийн хүчилтөрөгчийн баллон, эмнэлгийн хэрэгслийг эмч, эмнэлгийн ажилтнуудад гардуулав. Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын санаачлагаар “Шарын гол” компани аймгийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдэд 100 сая төгрөгийн эрхийн бичгийг хүлээлгэн өгөж амьсгалын аппарат авах санхүүжилтийг шийдлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Одоогийн байдлаар Дархан-Уул аймагт найман амьсгалын аппарат бий. Нэг амьсгалын аппаратын өртөг 30 гаруй сая төгрөг байдаг. Тиймээс АОК-той хэлэлцэж таван амьсгалын аппарат авахаар шийдвэрлэсэн. Мөн “Шарын гол” компанид хүсэлт тавьсны хүрээнд 100 сая төгрөгийн хандивыг Аймгийн нэгдсэн эмнэлэгт хандивлаж байна” гэв. Түүнчлэн аймгийн удирдлагуудын зүгээс нэмэлтээр 50 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж эмч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: www.polit.mn