С.Уртнасан

Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагын бүрэлдэхүүнүүд “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тус мэдээллээр Үндэсний хэмжээнд эрчим хүчний шинэчлэл хийж хороо байгуулагдаж ажиллаж байсан ч ажилчдын цалин хөлс хангалтгүй гэсэн шалтгаанаар мэргэжлийн инженер техникийн ажилчид гадагшаа явсаар байсан. Тиймээс ажил хаялт зарлах дээрээ хүрсэн гэж өмнө нь  мэдээллэж байснаа дурдав. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Гүнсмаа “Салбарын хэмжээнд санхүүгийн дутагдалд орсон тул салбараараа дуу хоолойгоо нэгтгэж эрчим хүчний үнийг өөрийн өртөгт нь хүргэх ажлыг зохион байгуулсан. Мөн өнөөдрийг хүртэл цалин хөлсийг нэмэгдүүлэх үндсэн суурь бичиг болох хэлэлцээртээ ороогүй байна. Салбарын хэлэлцээрт нэг тал болон нийт эрчим хүчний салбарын хөдөлмөрчдөө төлөөлөн оролцож, цалингаа нэмүүлэх цаг болсон талаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд олон удаа хандаж ажилласан ч Д.Долгор дарга хүлээж авахгүй байна. Тиймээс бид хэвлэл мэдээллээр дамжуулан тус холбооны гишүүн, хороодын дарга нар, тэргүүлэгчид гишүүдэд хандлаа” гэсэн юм. Мөн энэ үеэр Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Адъяасүрэн “Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо чиг үүргээ гүйцэтгэлгүй үндэслэлгүйгээр зугтаж байна. Үүнээс болж 30 гаруй жил татвар шимтгэлээ төлсөн эрчим хүчний салбарынхан хохироход хүрлээ. Тухайн холбоонд хэд хэдэн удаа шаардлага хүргүүлсэн ч албан харилцаа үүсгэдэггүй” гэж байлаа.

Эх сурвалж: www.zms.mn