Б.Дэмбэрэлням
Шатрын спортоор монголчууд дэлхийд түүчээлж байгаа. Монгол шатарчид тив, дэлхийн томоохон амжилтуудаараа улсынхаа нэрийг олон улсад цуурайтуулдаг. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа амжилтаар гялалзаж яваа Баян-Өлгий аймгийн харьяат, дэд мастер К.Жаннурыг урьж ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын сонирхогчдын дэд аварга бөгөөд Европын нээлттэй тэмцээнд Их мастерийг хожин түрүүлж дэлхийд цахиур хагалаад байгаа юм.
-Шатрын спортод хэрхэн хөл тавьж байв?
-Манай өвөө шатар тоглодог. Би аавынхаа тоглохыг анх харж тоглож сурсан. Аймгийнхаа шатрын тэмцээн ихэнхдээ түрүүлдэг байлаа. Шатар миний багын сонирхол мөрөөдөл. Багаасаа сонирхдог бага боловч амжилт гаргадаг байсан учраас энэ спортоор хичээллэхээр шийдсэн. 2018 оноос мэргэжлийн тамирчин болохоор бэлтгэж эхэлсэн.
-Мэргэжлийн тамирчны гараагаа хэрхэн эхэлсэн бэ?
-2018 оноос “Элит Брейн” шатрын клубт хичээллэж эхэлсэн. Миний анхны багш шатрын спортын Их мастер А.Энхтуул. Системтэй хичээллэж эхэлсэн жилээ Англид болсон томоохон тэмцээнд гуравдугаар байр эзэлж мэргэжлийн ангилалд анх амжилт үзүүлсэн.
-Шатраас юуг олж авдаг вэ?
-Дуртай зүйлээ хийхдээ хүн аз жаргалтай байдаг. Би шатарт дурлаж түүнээс аз жаргал мэдэрдэг.
-Хамгийн дурсамжтай ямар тэмцээн байсан бэ?
-Францын алдарт “Europe Echecs” клубээс 2020 оны есдүгээр сард олон улсын нээлттэй түргэн тоглолтын онлайн тэмцээнийг зохион байгуулсан юм. Олон улсын чансаатай 1600 шатарчин оролцсон тус тэмцээн би тэргүүн байр эзэлсэн. Тус тэмцээнд өөрөөсөө чансаа өндөр Казахстан улсын Их мастерыг хожсон нь хамгийн сайхан мөч байлаа.
-Шантрах бодол төрж байв уу?
-Шантарсан тохиолдол байхгүй. Шатар шантрамтгай хүнд зохидоггүй. Ирээдүйд ч шантрахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Цаашдын хамгийн том зорилго нь юу вэ?
-Их мастер цолтой болохыг зорьдог. Ойрын хугацаанд улсын аварга болж дараагийн тэмцээнүүдэд амжилт гаргах зорилт тавиад байгаа. Зорилгодоо хүрэхийн тулд хичээх болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.20 ЛХАГВА № 206 (6683)