С.УЯНГА
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. Мөн санал хураалтын дүнг үндэслэн өчигдөр МАН-аас нэр дэвшиж, хамгийн олон санал авсан Э.Батшугар, Ц.Идэрбат нарын нэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ. Нөхөн сонгуульд Ц.Идэрбат 17264, Э.Батшугар 28537 саналаар олонхийн дэмжлэгийг авсан юм. Тиймээс хоёр нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 107, 108 дугаар тогтоолыг баталж, гишүүний үнэмлэхийг нь гардууллаа.
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын явц, дүнг танилцуулсан юм. Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Аравдугаар сарын 16-ны орой санал тоолох төхөөрөмжийн дүнгээ эцэслэн гаргаад, гар тооллогыг журмын дагуу нэн даруй явуулж дуусгасан. Хяналтын гар тооллогыг 148 хэсгийн хороонд явуулж дуусгалаа. Дүнгээ нэгтгээд өнөөдөр /өчигдөр/ өглөө СЕХ хуралдаж, УИХ-ын 18, 28 дугаар тойргийн санал хураалтын дүнг үндэслэж, тус хоёр тойрогт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа.
Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт 17264 хүний санал авсан Ц.Идэрбатыг УИХ-ын гишүүнээс сонгогдсонд тооцож, тогтоол гаргаж үнэмлэх олгосон. Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн саналыг авсан байна. УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар хамгийн олон буюу нийт санал өгсөн сонгогчдын 51.22 хувь, 28537 сонгогчийн санал авснаар УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэхээ гардаж авсан. Аравдугаар сарын 10-ны өдөр санал хураалтын үеэр санал гомдол цагдаагийн байгууллага болон СЕХ-нд ирж, холбогдох чиглэлүүдээр шалгагдаж хариу өгөгдсөн. Харин аравдугаар сарын 16-ны өдөр явагдсан нэмэлт санал хураалтын өдөр ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй" гэлээ. Нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирчээ.
Мөн СЕХ-ны Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ сонгуультай холбоотой өргөдөл гомдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Аравдугаар сарын 10-нд болсон УИХ-ын нөхөн сонгууль, аравдугаар сарын 16-нд болсон нэмэлт санал хураалтын үеэр цагдаагийн байгууллагад 62 өргөдөл гомдол ирсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагын сонгуультай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах ажлын хэсгээс мэдээлэл авч ажилласан.
СЕХ-ны хувьд ямар нэгэн байдлаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг хянах эрх хуулиар олгогдоогүй. Тухайн асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасны дагуу цагдаагийн байгууллага шалгаж, шүүх тогтооно. 62 өргөдөл гомдлыг шийдвэрлэж дууссан байна. Өргөдөл гомдлын ихэнх нь зурагт самбар үрэгдүүлсэн, алга болгосонтой холбоотой байсан. Мөнгө тарааж байна гэсэн дуудлага мэдээллийг хүлээж авсан. Энэ талаарх мэдээллийг шалгаад зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн" гэлээ.
Нөхөн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн 21 сонгуулийн хороо, 148 хэсгийн хороонд нийт 1307 төрийн албан хаагч, мэдээллийн технологийн 183 даамал, халдвар хамгааллын дэглэм, батлагдсан журмыг мөрдүүлэх чиглэлээр онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын нийт 559 албан хаагч, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгахтай холбоотойгоор иргэний бүртгэлийн 253 итгэмжлэгдсэн ажилтан, санал авах байрны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 720 албан хаагч, нийт 3022 төрийн албан хаагч ажилласан байна.
КОВИД-19-ийн улмаас тусгаарлагдсан, гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авсан юм. Аравдугаар сарын 10-ны өдөр явагдсан нөхөн сонгуулийн ирц 18 дугаар тойрогт 37.04 хувь, 28 дугаар тойрогт 39.61 хувь болж, сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрээгүй нийт 131 хэсэгт 2021.10.16-ны өдөр нэмэлт санал хураалт явуулснаар 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд сонгогчдын 46.65 хувь нь, 28 дугаар тойрогт 48.89 хувь нь оролцжээ.
18 дугаар тойргийн 89 хэсгийн 62.9 хувь буюу 56 хэсгийн хорооны ирц, 28 дугаар тойргийн нийт 59 хэсгийн 54.2 хувь буюу 32 хэсгийн хорооны ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.19 МЯГМАР № 205 (6682)