УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал энэ сарын 12-нд ОХУ-ын Эрхүү хотод болов. Хурлаар УБТЗ-ын даргын томилгоо яригджээ. Манай талаас УБТЗ-ын даргад санал болгосон Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нар унасан” байна. Тэдний оронд ЗТХ-ийн сайд асан Дангаагийн Ганбатын нэр гарч иржээ. Оросын тал Д.Ганбатыг яаж хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Д.Ганбат нь 2004-2008, 2011-2013 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирал, 2016-2017 онд ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс корпораци”-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт 2018 оноос хойш Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хамт шалгагдаж байсан. НПГ-аас яллах дүгнэлт үйлдэхдээ Д.Ганбатын зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон бол анхан шатны шүүх хэргийг нь тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааснаар сураг алдарсан байдаг юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Б.Дамдин-Очир