С.УЯНГА

УИХ-ын чуулганаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэх үеэр цар тахлын үеийн эрүүл мэндийн салбарын талаар албаныхан гишүүдийн асуултад хариуллаа. Манай улсад нөөцөд бүртгэлтэй 1.7  сая тун "Файзер" вакцин, 890 мянган тун "Вероцелл" вакцин бий. Журмын дагуу шаардлага хангасан вакцины агуулахад хадгалж байна гэсэн мэдээллийг өглөө. 
Энэ үеэр гишүүд тээврийн жолооч нартай холбоотой чанаргүй оношлогооны асуудлыг хөндөж, нүүрсний үнэ дээд цэгтээ хүрсэн энэ үед хариуцлагагүй үйлдэл гаргаж байгааг шүүмжилсэн юм. Энэ асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Олон улсын стандарт шаардлага хангасан PCR аппаратны оношлуурыг оруулж ирдэг. Өнөөдрийн байдлаар Солонгос, Хятад, Герман зэрэг улсын оношлуурыг ашиглаж байна. 21 аймаг бүгд PCR лабораторитой болсон. Хилийн боомтуудад бүр нэмж байгуулсан. Тээврийн жолооч нарын эерэг, сөрөг хариун дээр асуудал үүссэн. Шинжилгээний хариунд халдварын нууц үеийн хугацаа их нөлөөлдөг. Мөн өөрийнхөө өмнөөс өөр хүн оруулсан тохиолдол гарсан. Үүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Тухайн нүүрс гаргаж байгаа байгууллагуудтай холбоотой олон асуудал байна. Үүн дээр зохицуулалтыг хийж PCR шинжилгээн дээр хатуу бодлого барьж байна. PCR шинжилгээг үндэсний хэмжээнд ХӨСҮТ-ийн лаборатори баталгаажуулдаг. ХӨСҮТ-ийн лаборатори нь олон улсад чанарын үзүүлэлтээ үнэлүүлдэг. ЭМЯ-аас чанарын хяналтыг тогтмол хийдэг. Түргэвчилсэн оношлуур ч мөн адил асуудалгүй” гэсэн тайлбарыг өглөө. 
Мөн шинжилгээний хувьд зөвхөн гадаад руу явж байгаа хүмүүсээс биш жирийн хүмүүстэй нийлээд өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийхд 500 сая төгрөг зарцуулж байна. PCR шинжилгээ  28 мянган төгрөгийн өртөгтэй. Үүнд хамгаалах хувцас хэрэгсэл орно. Шинжилгээний үнэ өдрөөс өдөрт хямдарч байна. Тухайлбал,  өнгөрсөн 2-3 сард  өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийхэд 800-1 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Ханган нийлүүлэлтийг эрхийг олон байгууллагад олгосон учир үнэ хямдарч байгаа. Харин гадаадаас ирсэн иргэдийг шинжилгээнд заавал хамруулна. Энэ нь манай улсад ямар хувилбарын вирус орж ирж байгааг тодорхойлоход тусалдаг гэсэн мэдээллийг ЭМЯ-ны төлөөлөл өгсөн юм. Түүнчлэн  ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Нийт нас барж байгаа хүмүүсийн 77 хувь нь архаг суурь өвчтэй, 27.3 орчим хувь нь Covid-19-ийн шалтгаанаар нас барж байна. PCR шинжилгээний хувьд мэдээлэл үнэн зөв бөгөөд цахимжсан. Монгол Улсад хэрэглэгдэж байгаа вакцинуудад дархлаа тогтоцын судалгаа хийж байгаа. Вакцины хувьд үр дүнтэй, үр дүнгүй гэсэн зүйл байхгүй. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийсэн судалгаагаар Монгол Улсад хэрэглэгдэж буй дөрвөн төрлийн вакцин тариулснаар бүх тохиолдолд эсрэг бие үүссэн. Тэгэхээр дархлаа өдөөж байгаа процесс бүх вакцин дээр адилхан үүсч байгаа. Гуравдугаар тунд хамрагдсан 350 мянган иргэний хоёр орчим хувь нь халдварт өртсөн” гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.15 БААСАН № 203 (6680)