С.САРУУЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ордон дотор хэрэг уншиж, хэрэг шийдэж үзсэн хүмүүс байхгүй. Хуульд өөрчлөлт оруулах юм бол мэргэжлийн хүмүүсийн саналыг заавал авах ёстой. Манай улсын Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит үнэнийг тогтоох гэсэн зарчим бий. Энэ нь мөрдөн байцаагч, прокурор, шүүгч гээд бүгдэд нь байдаг үүрэг. Ялгаатай нь шүүх хоёр талын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтооно. Хууль хэрэгжвэл хуулийн ерөнхий зарчим алдагдах магадлалтай. Бодит үнэнийг тогтоохгүйгээр шүүх нэг тийш нь шийдвэр гаргаж болзошгүй.

Захиалгаар ял үйлддэг, хэрэг үүсгэдэг, шүүхийн шийдвэр гаргадаг шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарын асуудлыг хэзээ шийдэх вэ? Эдгээр хүнд хуулийн дагуу хариуцлага тооцож, эдлэх ёстой ялыг нь эдлүүлэхгүй бол хуульд хэчнээн ч өөрчлөлт оруулаад нэмэргүй. Хариуцлагыг ил тод тооцоод, бусдад нь харуулах хэрэгтэй" гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Шүүхээс хэргийг буцаадаг байдал ОХУ, манай улс хоёрт л үлдлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллах эсвэл цагаатгах гэж бичсэн мөртлөө дотор нь мөрдөн байцаалтад буцаах гэсэн гурав дахь шийдвэрийг бичсэн. Гурав дахь шийдвэр нь хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлж, хүний амьдралыг амьдын там болгож байна. Хуулийн А ч байхгүй хэрнээ нэг л их Франц, Герман ярьсан хүмүүс байх юм .Дээд шүүхээс 2020 онд мөрдөн байцаалтад буцаасан 22 хэрэг байгаа. Анхан болон давж заалдах, Дээд шүүхээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 267 хэрэг буцаагдаж, хэрэгсэхгүй болсон. Гэмгүй байсан хүмүүсийг шийтгэсэн үү, эсвэл гэмтэй хүмүүс ял завшсан уу гэдэг асуулт байгаа юм. Буцаах заалтыг ашиглаад хүнийг хэлмэгдүүлж, эсвэл хэрэгтэнд ял завшуулж, эсвэл мөрдөн байцаалтад байгаа гээд хүнийг шантаажлаад байна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn