С.УЯНГА

АИХ-ын депутатууд ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байсан Төрийн ордны Их танхимд 30 жилийн дараа шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчид цугларлаа. Үүнийг ч тохиолдлын хэрэг биш гэж Ерөнхийлөгч нийт шүүгчдийн цуглааныг нээхдээ онцолсон юм. Өнөөдөр манай улсад 519 шүүгч ажиллаж байна. Төрийн тэргүүн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчдэд хандсан үгэндээ юуг онцолсныг хүргэе. 

-Шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж, олон нийт шүүхийн шударга байдалд эргэлзэн, итгэл алдарч эхэлсэнд Төрийн тэргүүний хувьд сэтгэл зовниж байна. 

-Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, зөв бурууг дэнсэлдэг шүүгчид өөрсдөө хуулиа зөрчин, ёс зүйгүй авирлаж байгаад иргэд бухимдаж хариуцлага тооцохыг хатуу шаардаж байна.

-Хэн нэгний дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй. 

-Шүүгчид үндэстэн дамнасан корпораци, татвар болон санхүүгийн нарийн схем, загварыг ойлгох хэмжээний мэдлэг, ур чадвартай байх ёстой. 

-Шүүх “хавтаст хэрэг”-тэй биш, хүнтэй ажилладаг. Шүүх эрх мэдлийн ажлын үр дүнгийн гол хэмжүүр бол шийдвэрийн үндэслэл, хүлээн зөвшөөрөгдөх байдал.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.12 МЯГМАР № 200 (6677)