З.БАТЦЭЦЭГ 

Оросын хоккейн гол мэргэн бууч, ҮХЛ-ийн супер од, түүхэн дэх хамгийн агуу хоккейн тоглогчдын нэг. Хэдэн жилийн өмнө Овечкин Hublot цагны брэндийн албан ёсны нүүр царай болжээ. Тэрбээр ОК сэтгүүлийн редактор Вадим Верникт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Би чамд нэг зураг үзүүлье. Энэ зураг дээр Денис Никифиров бид гурав байна. Энэ миний “Хэн бэ?...” нэвтрүүлэгт оролцсоны дараа авахуулсан зураг. 2005 он. Денис та хоёр найзууд хэвээрээ юу?

-Тэгэлгүй яах. Денисийн тоглосон “Сүүдэртэй тулалдсан нь” киноны дараа танилцсан. Надад их таалагдсан. Дараа нь Денис хэд хэдэн удаа миний тэмцээн дээр ирж байсан.

-Тиймээс та хоёрыг нэвтрүүлэгтээ урьсан юм. Тэгэхэд та хоёр хоккей тоглоод, жүжигчний мэргэжил, хоккей хоёр ямар холбоотой талаар сонирхолтой яриа өрнүүлсэн. Чамайг Америк явахаас өмнө амжиж ярилцлага авсандаа би их баяртай байдаг. 2005 оны наймдугаар сар байх аа?

-Тийм.

-Чи тэгэхэд тэс өөр амьдрал руу явсан. Чиний хувьд намтрын нэг хуудас дуусаж, дараагийн хуудас эхлээгүй байсан үе. Би чамаас айхгүй байна уу гэж асуухад чи “Айж байсан бол явахгүй байсан” гэж хариулж байсан?

-Үнэхээр юунаас айхав дээ. Тэр үед би Омскийн “Авангард” багтай гэрээ хийсэн байсан. ҮХЛ хаалтын үе байсан тиймээс би Омсктой хоёр жилийн гэрээ хийсэн. Гэхдээ тэнд 14 хоног л болсон. Вашингтоноос над руу яриад хаалтын сезон дууслаа. Хурдан ирж гэрээгээ хий гэсэн. Омскт оройн 10 цагт буудалдаа гүйж ирээд факс хайгаад. Гэрээндээ гарын үсгээ зураад факсаар илгээж байлаа. Маргааш өглөө нь багийхандаа шийдвэрээ хэлсэн. Москвад буцаж ирээд гэрийхэнтэйгээ салахад 10 хоног л байсан. Мэдээж би тэнд хэнийг ч танихгүй, намайг хэн ч танихгүй гэсэн бодол байлгүй яах вэ.  

-Англи хэлний асуудал байсан уу?

-Мэдэхгүй гэхэд хаашаа юм. 30 орчим үгтэй. Ярьж чадахгүй. Тэгээд бага багаар ахисаар байгаад одоо чамтай эргэн дурсаад сууж байна даа.

-Саша чи энэ хугацаанд олон ялалт байгуулсан. Чи олон амжилтыг тогтоосон. “Вашингтон Капитэлс” баг чамайг яаж хүлээж авсан бэ. Шинэ орос залуу ирлээ гээд хариуцлага өндөр байсан уу?

-Манай багт өсөх ирээдүйтэй олон залуу байсан. Хууччууд нь бас их тусалж байсан. Тэгэхээр надад хэцүү байгаагүй. Харин юу хүсээд байгаагаа ойлгуулахын тулд үгийг эрчимтэй цээжилж эхэлсэн. Удирдлагууд, дасгалжуулагч нар, багийн эзэд, тоглогчид намайг сайхан угтаж авсан.

-Амьдрал дээр хүндрэл байсан уу. Москвад чи аав ээжтэйгээ амьдарч байсан. Миний ойлгосноор та нар их гэр бүлсэг хүмүүс шиг санагдсан?

-Мэдээж гэрээсээ явахыг хүсээгүй. Гэхдээ миний мөрөөдөл бол ҮХЛ-т орох байсан. Эхлээд би буудалд амьдарч байгаад дараа нь ерөнхий менежерийндээ амьдарсан. Өглөө босоод сүүнд хийж иддэг өглөөний цай гэж хэлэх гээд өөрийгөө ойлгуулж чадаагүй. Өөрөө гал тогоог нь нэгжиж байсан.

-Ерөнхий менежерийндээ амьдарна гэдэг чамд их л итгэл найдвар тавьж дээ?

-Надад итгэж найдаад, багаа надад тааруулж үүсгэнэ гэдгийг би мэдэж байсан. Энэ миний хувьд том хүчин зүйл байв. Намайг анх очиход “Чамд тусламж хэрэгтэй бол менежер, тоглогчид эсвэл туслах руугаа залгаж болно” гэсэн. Надад шууд хувийн туслагч өгсөн. Манай багд Дайнюс Зубрус гэж орос хэлтэй тоглогч байсан. Тэр надад их тус болж байлаа. Дэлгүүр хоршоо дагуулж явна, бүх юмыг тайлбарлаж өгсөн.

-Чи өөрийгөө бусад тоглогчоос илүү амжилтад хүрнэ гэдгээ хэзээ мэдэрсэн бэ?

-Намайг драфтын үеэр нэг дугаар дор авахад өөрийгөө бусад тоглогчоос илүү хүчтэй гэдгээ мэдсэн.  

-Драфтын үеэр гэдэг нь чамайг 200 гаруй тоглогчоос хамгийн эхэнд сонгосныг хэлж байна уу?

-Тийм ээ. Дэлхийн бүх тоглогч дундаас. Үүнээс өмнө хэд хэдэн тэмцээнд өөрөөсөө нэг хоёр ах хүмүүстэй баг болж нэлээд хэдэн шайб оруулсан байсан. Өөр тамирчдад байхгүй зүйл надад байна гэдгийг би ойлгож байсан. Энэ нь надад урагшаа ахихад урам өгч байлаа.

-Чи ер нь лидер хүн үү?

-Миний хувьд том үлгэр жишээ бол ээж минь. Татьяна Овечкина сагсан бөмбөгийн олимпийн хоёр удаагийн аварга.

-Ээж чинь домогт сагсан бөмбөгч. Чамайг яагаад сагс руу оруулаагүй юм бэ?

-Хувь тавилан. Би хүүхэд байхдаа хоккей үзэх дуртай байлаа. Манай ээжид хүүхдийн спортын “Динамо” сургуульд ажилладаг найз их байсан. Чи хүүгээ хоккейд өгөөч гэсэн.

-Ээж чинь чамайг сагсчин болгохыг хүсээгүй юу?

-Намайг хэзээ ч нэг тийш нь түлхэж байгаагүй. Бүх эцэг эхэд өгөх гол зөвлөгөө хүүхдүүдээ хааш нь ч битгий хүчээр шах. Хүүхэд сонголтоо өөрөө хийнэ. Би хоккейгоор мэргэжлийн хичээллэж эхлэхэд, өдөрт дөрвөн удаа бэлтгэл хийхэд аав их тус болсон. Их зөвлөгөө өгч байсан.

-Аав чинь хөлбөмбөгийн тамирчин биз дээ?

-Тийм ээ. Аав хөлбөмбөгчин, ээж сагсчин, би хоккейчин.

-Дүү Михаил чинь бас спортын хүн байх аа. Америкт амьдардаг уу?

-Орост амьдардаг. Сагсны эмэгтэй багийн менежер.

-Ах Сергей чинь чамайг хоккейд дуртай болгосон уу?

-Тийм. Аав ээж завгүй үед намайг бэлтгэлд зөөдөг байсан.

-Тэр чамд үлгэрлэдэг хүн байсан уу?

-Том ах тийм л байх ёстой. Тэр лидер байсан.

-Чамайг 10 настай байхад тэр нас барсан уу?

-Тийм.

-Автын осол?

-Эмнэлэгт өнгөрсөн. Гэхдээ осолд орсон.

-Энэ байдал чамайг өөрчлөгдөхөд хүргэсэн үү?

-Би энэ тухай ярих дургүй. Мэдээж өөрчлөгдсөн, яг юу вэ гэдгийг хэлж чадахгүй байна. Би энэ тухай бодох дургүй. Би сонгосон замаасаа буцаж болохгүй гэдгийг ойлгосон байх. Мөн ээж аавыгаа баярлуулахын тулд бүхнийг хийнэ гэж шийдсэн.

-Чи том хүүгээ Сергей гэж нэрлэсэн. Энэ их зүйлийг өгүүлж байна. Чи багаасаа хоккей сонирхож байв уу. Өөр сонирхол байсан уу?

-Бид гадаа тоглож өссөн хүүхдүүд. Бэлтгэл, сургууль, найзууд. Үргэлж гадаа. Гэртээ байна гэж байхгүй. Цүнхээ оруулж шидчихээд гадаа гарна. Манай байрныхан их спортлог. Хамт өссөн найзтайгаа би одоо ч холбоотой байдаг. Зөвлөгөө, тусламж хэрэгтэй үед үргэлж хажууд нь байна.

-Хүн дуртай зүйлээсээ гадна хүрээлэн буй орчноосоо адреналин, зөв энергийг авдаг гэж бодож байна. Жишээ нь чи Hublot цаганд дуртай?-Би анх хараад л шууд авахыг хүссэн. Жинхэнэ эрчүүдийн цаг. Орчин үеийн загвар нь надад таалагддаг. Би анх 2007 онд авч байсан.

-Энэ бол залуу боловч аль хэдийнэ нэрд гарсан брэнд юм. 2007 онд Big Bang загвар гарч ирсэн тэр даруй зах зээлийг эзэлж чадсан. Чи тэгэхээр эхлэх цагаас нь хамт байгаа байх нь?

-Би шинэ сонин зүйл нээх дуртай. Анх зүүж үзээд л надад тохирох цаг байна гэдгийг шууд мэдсэн. Энэ миний анхны Big Bang байсан. Шинэ загвар гарах бүрт авдаг. Одоо би 6-7 хос цагтай болсон.

-Хоёр жилийн өмнө чи эдний нүүр царай болсон. Саяхан чиний нэрэмжит цөөн тооны цаг худалдаанд гарсан. Яаж?

-Нэг удаа шинэ цагны нээлтэд намайг уриад, тэнд би Рикардо Гвадалупетэй танилцсан.

-Ерөнхий захирал уу?

-Тийм. Хэсэг хугацааны дараа манай менежертэй холбогдоод “Хэрвээ Овечкин Стэнли цом хожвол бид түүний нэрэмжит цаг хийнэ” гэж хэлсэн. Яагаад гэвэл чи алдар нэртэй байх нь хамаагүй, чи ялагч байх ёстой гэдэг хандлага нь таалагддаг. 2018 онд Стэнли цом хожоод, энэ жилийн хоёрдугаар сард би нүүр царай болсон. Их хурдан зарагдаж дууссан гэсэн.

-Би чиний утасны зургийг харлаа. Эхнэр, хоёр хүүтэйгээ авахуулсан сайхан зураг байна. Би Настяг эртнээс мэднэ. Ээжтэй нь сайн танил байлаа. Настя үргэлж зөөлөн, даруухан, тайван охин байсан. Хоёр эгч нь түргэн зантай, сэтгэл хөдлөл ихтэй, ил тод хүмүүс байдаг. Харин Настя бол оньсого шиг. Та хоёр Бээжингийн олимпийн үеэр танилцсан байх аа?

-Тийм ээ. Настя аавтайгаа хамт явж байсан. Дахин учиртлаа долоон жил болсон. Инстаграммд зургийг нь хараад “Юу байна” гээд бичиж эхэлсэн дээ.

-Настя хариулсан уу?

-Цагийн дараа хариулаад эхэлсэн. Настя намайг ойлгож дэмждэг. Намайг тухтай байлгах гэж бүгдийг хийдэг. Намайг их сайн мэдэрдэг.

-Та хоёр өөр зан араншинтай биз дээ?

-Тийм. Тэр нь сайн. Настяд ямар нэгэн юм таалагдахгүй бол шууд хэлдэг. Би бол дотроо хураадаг.

-Том хүү чинь гурван настай. Ааш мэдэгдэж байна уу?

-Серёжа их хөдөлгөөнтэй, сэргэлэн. Хэрвээ энэ юм минийх биш бол өөр бас хэнийх ч биш гэсэн үзэлтэй.

-Аавыгаа дуурайсан лидер байх нь

-Тийм л байх.

-Дүүтэй болоод ямар байсан?

-Серёжа түүнд их хайртай. Гэхдээ тоглоомоо хуваалцах дургүй. Илья ирээд тоглоомыг нь авчихвал бөөн шуугиан.

-Хүүхдүүддээ цаг гаргаж чадаж байна уу?

-Москвад бид хоёр сар болж байна, чөлөөт цаг бараг байхгүй. Би байнгын бэлтгэлтэй. Бид хотын гадна амьдардаг. Өнөөдөр гэхэд өглөө бэлтгэлтэй байлаа. Одоо ярилцлага өгчөөд зураг авалттай. Орой хоккейтой. Гэртээ орой 21:00 гэж л харина. Тэр үед хүүхдүүд унтсан байдаг.

-Өглөөдөө хүчний дасгал хийдэг үү. Заавал хийх ёстой юу эсвэл өөрөө дуртай юу?

-Энэ миний ажил.

-Хоккей бодохгүй үе байдаг уу?

-Сезон дуусахаар би аль болохоор хоккей бодохгүйг хичээдэг. Бэлтгэл хийхгүй, гэр бүлтэйгээ хамт байдаг. Одоо удахгүй шинэ сезон эхлэх гэж байгаа болохоор бэлтгэлд гараад сар болж байна

-Саша чамтай анх 2005 онд танилцахад чи залуу, чиний өмнө бүх зүйл хүлээж байсан. Одоо бол чи бүх хүнд бүгдийг нотолсон, олон ялалт байгууллаа. Одоо нэгэн ийм хэмнэлээс залхаж байна уу?

-Яалаа гэж. Өшөө их ажиллаж, өөртөө илүү чадна гэдгийг нотолмоор байна. Өшөө илүү түүхэнд үлдмээр байна. Олимпийн тоглолт байна. Дахин Стэнли цом, дэлхийн аварга. Үлдсэн цагаа максимум дайчилж ажилламаар байна.

-Тэнцвэр алдах тохиолдол бий юу?

-Би зарчмын хувьд бүх зүйлийг төлөвлөсөн тул намайг тэнцвэргүй байдалд оруулах боломжгүй юм. Би зөвхөн дуртай зүйлээ л хийдэг. Мэдэхгүй салбар руугаа ордоггүй. Жишээ нь, би сэтгүүлч болж чадахгүй.

-Тамирчид заримдаа сэтгүүлч болсон л байдаг даа?

-Одоохондоо. Карьераа дууссны дараа магадгүй л юм. Одоогоор бас дасгалжуулагч болж чадахгүй. Гэхдээ бүх зүйл өөрчлөгддөг. Ямар болохыг харъя. Мэдээж чи өөр ажил хийж эхэллээ гэхэд ямар ч ашиггүй бол дэмий.

-Ийм супер амжилттай карьер авьяас уу, хөдөлмөр үү?

-Авьяас, хөдөлмөр, ээж аавын дэмжлэг, амьдарлын зөв хэв маяг. Бид зорилгоо зөв тавьж чадсан.

-Бид?

-Гэр бүл. Би аавтайгаа тэмцээнд явдаг байсан. Бүгд намайг авьяастай байна гэдэг байлаа. Хамгийн гол нь авьяасаа цагт нь нээж илрүүлээд, хөгжүүлэх.

-Орос, Америкийн хаана гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрдөг вэ?

-Америкт надад олон найз нөхөд бий. Дуртай ажил минь байна. Гэхдээ энд гэртээ байгаа мэдрэмж төрдөг. Энд төрөлх хэлээрээ ярина.

-Танай баг хожигдвол яаж хүлээж авдаг вэ?

-Мэдээж хэцүү, ялалтын амтыг мэддэг болохоор. Ялагдмагцаа дахин бэлтгэлдээ ордог.

-Азаар чиний ялагдал цөөхөн юм даа. Чамд их итгэл найдвар хүлээлгэдэг болохоор хариуцлага мэдрэгддэг үү?

-Эхлээд тийм байсан, одоо бол дассан.

-Сүүлчийн асуулт. Урд талын онгорхой шүдээ нөхүүлэх үү?

-Карьераа дуусгаад.

-Яагаад одоо биш гэж?

-Дахин уначихна. Одоо утгагүй.

 

Эх сурвалж:  www.ok-magazine.ru