-Монголын ард түмний нэгэн сод хөвгүүнтэй хийсэн цуврал хөөрөлдөөний баринтгийг нээж сөхөн үзвээс-
Т.Баасансүрэн
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч
Түрүүч нь №191 (6668), 192 (6669), 194 (6671), 195 (6672), 196 (6673)-т
Х.Чойбалсан гуай ч гэсэн үндэснийхээ том үзлийг хадгалж явсан, өвлүүлж үлдээсэн хүн. Тэр нь Ю.Цэдэнбал гуайд нэлээд нас ахисан үед илэрч гарсан болов уу гэж боддог. Залуу байхдаа бол Зөвлөлтийн үзлийг шүтэх, Зөвлөлтөд үнэнч байх байр суурийг илэрхийлж байсан. Ж.Батмөнх гуайн хувьд маш том эрдэмтэн, доктор, профессор хүн. Эрдмийн боловсрол сайтай, маш их уншдаг. Ер нь Ю.Цэдэнбал гуай ч гэсэн маш их уншдаг хүн байсан шүү. Ажил хийхэд олон түмэнтэй ойртож ажиллах, тэдэнд өөрийгөө ойлгуулна гэдэг маш хүнд асуудал. Д.Содном гуай, П.Жасрай гуай хоёр бол мастерууд. Д.Содном гуай эрдэм номын талаасаа ч, хүнтэй харилцах талаасаа ч маш өвөрмөц, их энгийн сайхан харилцаатай. Хүнийг том, жижиг гэж ялгадаггүй. Би Д.Содном гуайг анх Сангийн сайд байхад нь Статистикийн төв газрын мэргэжилтнээр ажиллах явцдаа уулзаж байсан. Тэгэхэд надтай ижил зиндааны хоёр хүн уулзаж байгаа юм шиг харилцаж байсан. Хүнд томорхох, ихэрхэх, даргархах зан байхгүй. Хүн чанар их сайтай. Тэр үеийн Улс төрийн товчоог тэргүүлж байсан Д.Моломжамц гуай ч гэсэн хүнтэй харилцах нь их өөр. Ер нь тэр үед миний хамтарч ажиллаж байсан удирдах албан тушаалтнууд дотор хүнд дээрэлхэх, албан тушаалаа урдаа барьж сүрдүүлэх явдал тохиолдож байгаагүй. Дарга нар дотор бол янз бүрийн зантай хүмүүс байсан. Ер нь энэ хүмүүсийн тухайд социализм тархинд нь юм тарьсан ч Монгол төрийнхөө төлөө зүтгэнэ гэсэн үзэл бодолдоо үнэнч байж, хойч үедээ үлгэр дууриал болсон хүмүүс байсан даа” гэжээ.
Ийм хүмүүстэй Д.Бямбасүрэн гэдэг хүн хамт ажиллаж, тэднээс суралцаж, туршлагажиж, өсөж өндийсөн аж. Ю.Цэдэнбал гуайн талаарх дурсамж нь онцгой сонирхолтой юм. Том баримт. Тухайн цаг үедээ ихээхэн нэр хүндтэй, олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөний онол, практикийн гол индэр болж байсан “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлд бичсэн өгүүллийнх нь талаарх баримтыг би хувьдаа анх удаа сонсож байна. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарыг үндэснийхээ том үзлийг хадгалж тээж дээдэлж, өвлүүлж үлдээсэн удирдагчид гэжээ. Өнөө цагийн төр, засгийн өндөрлөгт гарсан удирдагчдад энэ чанар ихэд үгүйлэгдэж буйг Д.Бямбасүрэн гуай далдуур анхааруулж зориуд онцолж хэлсэн ч байж мэдэх юм.
Дашийн Бямбасүрэн гэдэг хүний энэхүү илэн далангүй ярианаас түүний боловсрол мэдлэгийн түвшин илэрхий мэдрэгдэж байгаа нь Ч.Үл-Олдохын ярилцлагын нэг олзуурхам давуу тал юм. Баримт түшиж хэлье.
-Шашин гэдэг их өвөрмөц юм. Аль ч үндэстэн угсаатны өөрийн соёл, үнэлэмж нь шашинтайгаа холбоотой байдаг. Би шашин шүтлэг гэж нэг их бурханд залбирч даатгаж явдаггүй ч таван шашны сургаалын үндсийг ойлгох гэж оролдсон. Христийн шашныг библиэр нь нэлээд үзлээ. Лалын шашныг коронаар нь үзлээ. Буддын шашнаа буддын сургаал болон судрууд, “Бодь мөрийн зэрэг”, Нагаржунайн үеэс нь үзлээ, философийн бүтээлүүдтэй танилцаж явлаа. Хинди шашны сургаал Махабахарат, гол тайлбар номуудыг үзэж явлаа. Бумбын шашин, Зэн буддизмын сургаалыг үзэж явлаа. Шашин гэдэг хүний хөгжлийн тодорхой үе шатанд, тэрний зан суртахуун, хууль дүрэм, зохион байгуулалт, үзэл бодлыг номлож тайлбарласан сургуулиуд юм шүү дээ. Түүнээс биш хүнийг мэхлэх, мунхруулах гэсэн зорилго байдаггүй. Шашныг ойлгоогүй, гаднаас нь хараад үгүйсгэх, мухар сохроор дагаж бишрэх бол огт байж болохгүй асуудал. Шашингүй нийгэм тогтворгүй. Зан суртахууны үндэсгүй. Жишээлбэл, христийн шашны ертөнцийг авч үзэхэд католик шашин, үнэн алдартны шашин гээд өөр өөрийнхөөрөө дотроо тэр үндэстэн, угсаатныхаа амьдралын жам ёс, тэдний үнэт зүйлийг бий болгож байдаг. Католик шашин, Продостан шашин, Үнэн алдартны шашны үнэт зүйлийн хоорондын зөрүү бол тэр л шашныг хүлээж авсан улс үндэстнийхээ амьдралын нөхцөл орчинтой холбоотой байдаг. Тиймээс шашныг үгүйсгэх, эсвэл шашныг шүтвэл бүх зүйл сайхан болно гэж бодох хэрэггүй. Далай ламтай би хоёр ч удаа нэлээд зүйлийн талаар ярилцаж үзсэн. Далай лам нэг сонин зүйл хэлдэг юм. Буддын шашин үнэхээр философи нь гүнзгий, орчин нь шинжлэх ухаантай их таардаг гэж. Далай лам болохоор шашныг шинжлэх ухаангүйгээр авах юм бол хэрэггүй. Өөрөөр хэлбэл, шашин шүтэхийн тулд шашин авах юм бол хэрэггүй гэж хэлдэг. Буддын шашныг шинжлэх ухаанчаар авах юм бол үнэхээр хүнд хэрэг болж болно. Жишээлбэл, Европын гүн ухаанд эсрэг тэсрэг ба нэгдэл тэмцлийн хууль гээд заадаг. Манай бурханы шашинд бол шүтэн барилдахуй гэж хэлдэг. Судлаад үзвэл карма, орон зай, хоосон чанар, дөрвөлийн онолууд нь шинжлэх ухаанаар батлагддаг. Амьдралыг ойлгоход Дорнын гүн ухаан гүүр болохоор. Шашингүй бол нийгэм эмх замбараагүй, шашнаа зөв түшиж чадвал тэр нийгэм өөрөө хүч авдаг. Ер нь христийн шашны хувьд авч үзвэл энэ шашин Монголд эртний түүхтэй. Хэрэйд улсын үед христийн шашны неостран урсгалтай байсан. Тэр нь одоогийн бидний ойлгодгоор ногооны талын байгалиа шүтэх урсгал юм. Би Ерөнхий сайд болсныхоо дараа Монголд христийн шашны нөлөө ямар байдаг юм бол гээд Ватикан руу хүнээр дамжуулж судалсан. 1990 он гэхэд Монголд христийн шашин шүтдэг хүн 10 мянгаад байсан. Христийн шашин далд байсан болохоос байсан зүйл. Хэрэйд, Найман аймгийнхан дотор ч неостран шашны урсгал байсан. Наймнууд нэг хэсэг нь лалын шашин шүтдэг, ихэнх нь неостран шашинтай байсан” гэж Дашийн Бямбасүрэн гуай сэтгүүлч Ч.Үл-Олдоход ярьжээ.
Эл хариултаас уншигчид Д.Бямбасүрэн гэдэг ярилцлагын гол баатар хүн төрөлхтөний оршин тогтнох явцад үүсч, хөгжиж, төлөвшсөн үндсэн таван том шашны талаарх товч боловч цэгцтэй цомхон ойлголтыг авч болохоор байгаа юм. Хөөрөлдөгч Ч.Үл-Олдоход би шашин шүтлэг гэж нэг их хөөрцөглөж дагаж давхиад явдаг хүн биш. Тэгэхдээ энэ таван шашны үндсийг мэдэх, ойлгох гэж оролдсон, агуулгатай нь танилцсан гээд өөрийн бодлыг хэлж байна. Шашингүй нийгэм тогтворгүй, зан суртахууны үндэсгүй гэсэн үг нь чихэнд тод сонсогдож, нүдэнд илт өртөгдөж байна. Шашны талаарх санаа бодол, Далай ламтай санал солилцож ярилцсан зэрэг нь онц содон, онцгой сонирхолтой болжээ. Монгол хүнд бол Бурханы шашнаараа бахархан бардамнах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөхөөр ажээ. Шашингүй бол нийгэм эмх замбараагүй, шашнаа зөв түшиж чадвал тэр нийгэм өөрөө хүч авдаг гэж хэлсэн түүний үгийг зөвшөөрөхгүй байхын аргагүй санагдаж байна. Энэ бүгд нь Д.Бямбасүрэн гэдэг хүнийг таньж мэдэхэд, хайрлаж хүндэтгэхэд илэрхий нөлөө үзүүлэхүйц зөв өгүүлэмж болсон байна. Энэ бол Ч.Үл-Олдох сэтгүүлчийн хүнээр юм хэлүүлж чаддаг авьяасын нэг тод илэрхийлэл юм.
Одоо сэтгүүлч ярилцлагын гол баатрынхаа гэр бүлийн хүн-ханийнх нь талаар юуг яриулж чадсаныг хамтдаа ажиж шинжиж үзэцгээе. “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байсан сэтгүүлч Дуламсүрэн гэдэг эмэгтэй бол Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдын гэргий юм. Ч.Үл-Олдох ханийнх нь тухай хачин сонирхолтой дурсамжийг яриулж чадсан байна. Д.Бямбасүрэн гуай түүнд:
“-Бид нэг нутгийн хоёр л доо. Анх гэр бүл болоод бүртгүүлэхээр очихдоо баталгаа болгож бэргэн дагуулж очсонгүй, хоёулаа хөтлөлцөөд гүйгээд очсон. Гэр бүл бүртгэсэн хүн маань бид хоёрыг хэсэг харж сууснаа “Нэг сум гэхээр та хоёр хамаатан садан биш биз” гэж асуугаад бөөн инээдэм болж байлаа. Миний хань сартуул ястай сонгол буриад, би ашигад ястай сонгол буриад. Тийм болохоор цус ойртох тухай асуудал байхгүй. Хоёр ээж маань багын найз, хань минь надаас дөрөв дүү л дээ. Анх жижигхэн охин намайг “Ах аа” гээд гүйж явсан. Сүүлд би сургууль төгсөөд ирэхэд том болсон байсан. Би оюутан байхдаа бие муутай, хичээлдээ шамдаж номоо шагайсан доожоо муутай амьтан байлаа. Төгсч ирснээс хойш 2-3 жил ажиллаж байгаад ханьтайгаа гэр бүл болсон. Хамтдаа 35 жил амьдрахад ам муруйж үзээгүй, манай гэрт хэрүүл шуугиан байдаггүй, тийм ойлголт байдаггүй. Ямар сайндаа хөгшин минь бие нь тааруухан байхдаа нэг өдөр намайг шоглож “Чи өөдгүй шүү дээ” гэнэ. “Яав” гэсэнд “намайг ганц алгадаж ч үзээгүй шүү дээ” гэв. Урдаас нь “Тийм хобби бас байдаг юм уу” гээд хоёулаа инээлдэж байсан даа.
- Биеэ муудаад ирэхээр “Би явчих нь, хань минь ганцаараа үлдэнэ яана даа” гэж бодохдоо л таныг хагацалд дасгах гэж ч юм уу тэгж хэлсэн болов уу, надад тийм л сэтгэгдэл төрж байна?
-Юу ч бодож тэгж хэлсэн юм бол доо, хөөрхий. Ер нь бид хоёр ямар ч юманд ам муруйж хэрэлдэнэ гэж байхгүй. Миний хань өнчин хүн л дээ. Аав нь гэдсэнд байхад нь Ононг үертэй байхад гарч яваад осолдчихсон. Ээж нь зургаан настай байхад нь өөд болсон. Тэгээд ээжийнх нь эгч өргөж авсан юм. Хадам ээж, миний ээж хоёр нас чацуу их дотно найзууд байлаа. Өнчин өрөөсөн гээд манай нутгийнхан тал талаас түшиж, эрвийнх дэрвийхээрээ сайн хандаж, гомдоох юмуу, ямар нэг хатуу үг хэлэх юм байхгүй. Бид хоёрын хувьд тийм шаардлага ч гардаггүй. Бүх юмаа хоорондоо яриад ойлголцоод явдаг байсан. Манай гэрт хэрүүл гэсэн ойлголт байдаггүй байлаа.
- Танайх хэдэн хүүхэдтэй вэ, одоо хаана ямар ажил алба хашиж байна. Таныг яг хуулбарлаад төрчихсөн жигтэйхэн зарчимч, бас шаггүй өндөр мэдлэгтэй нэг охин байх юм.Сүүлийн үед сайд, төрийн түшээ байсан эрхмүүдийн хүүхдүүд ичиж нэрлэлгүйхээр улс төр рүү зүтгэж сайд дарга болохоор тэмүүлцгээх болжээ. Танай хүүхдүүдээс улс төрд орсон хүн байна уу. Ер нь Монголд үүсээд байгаа эл гаж үзэгдлийг та юу гэж үзэж байна. Хун тайж нар Монголд олшрох нь зөв үү?
-Манайх зургаан хүүхэдтэй, одоо ач зээ олон боллоо. 15 дахь нь гараад байна шүү дээ. Манай хүүхдүүд бүгдээрээ амьдралынхаа зам мөрийг хөөгөөд явж байгаа. Төрийн албанд ажиллаж байгаагаас дунд хүү Хашмаргад маань Хан Хэнтийн хамгаалалтын газрын захиргааны дарга хийдэг. Бага охин Энхбайгаль маань Стратеги судлалын хүрээлэнгийн захирал, номын мөр хөөсөн эрдэмтэн хүн. Бусад нь чиг чигээрээ амьдралаа хөөгөөд явж байна. Би чинь бага хүүгийнхтэйгээ цуг байдаг юм шүү дээ. Хэвлэлийн бизнестэй байгаад сүүлдээ тэрийгээ больж үл хөдлөх хөрөнгийн бизнест ажиллаж байна. Дунд охин маань зураач, том хүү маань хувийн компанид ажилладаг юм. Манайд улс төр, бизнес руу зүтгэсэн, гүнзгийрч орсон хүн байхгүй. Харин бага охиныг маань энд тэндээс нэр дэвшээч гэж гэнэ, өчигдөр ирж надаар ном /лекц/ уншуулаад явсан. Гол нь улс төрд орж байгаа хүн өөрийн тогтсон үзэл бодолтой, тэр үзлийнхээ төлөө тууштай зүтгэе гэвэл болно. Ер нь Чингис хаан биднийг “Гэрээ засаад биеэ зас. Биеэ засаад төрөө зас” гэж сургажээ, уг нь энэ Күнзийн сургаал.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.7 ПҮРЭВ № 197 (6674)