Б.Нандин
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хоёр дахь удаа төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш анх удаа Конгрессийн гишүүдэд хандаж үг хэлэх гэж байна. Орон нутгийн цагаар мягмар гаригт товлогдсон түүний хэлэх үг гацаанд ороод байгаа дайныг зогсоох асуудалд ямар байр суурь баримтлах, цаашид АНУ-ын гадаад бодлогын талаарх олон асуултад хариулт өгөх учир ихээхэн анхаарал татаад байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд болсон уулзалтын дараа Америкийн ард түмэн болон эрх баригчид талцсан байдалтай, олонх нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг шүүмжилсэн өнгө аястай байгаа. Тухайлбал, CNN-ээс явуулсан санал асуулгад гэхэд дийлэнх олонх нь шинэ ерөнхийлөгчийн үйлдлийг буруутгасан санал өгчээ. Мөн АНУ-аас Украинд үзүүлж байсан цэргийн тусламжийг түр хугацаагаар зогсоож байгаагаа Цагаан ордноос даваа гаригт мэдээллээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногт болсон Трамп, Вэнс, Зеленский нарын уулзалтын дараа болж буй томоохон шийдвэр болж байна. Тэрээр энэ шийдвэрийнхээ талаар өнөөдөр Конгрессийн танхимд үг хэлэхдээ дэлгэрэнгүй тайлбарлах бололтой.