-Монголын ард түмний нэгэн сод хөвгүүнтэй хийсэн цуврал хөөрөлдөөний баринтгийг нээж сөхөн үзвээс-
 

Т.Баасансүрэн
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч

Түрүүч нь №191 (6668), 192 (6669), 194 (6671), 195 (6672), 196 (6673)-т

Энэ бүхний эцэст сэтгүүлч Ч.Үл-Олдох хөөрөлдөөнөө эргүүлээд улс төр, эдийн засгийн сэдэвт шилжүүлж Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн түүхэн замналын гашуун сургамжид хандуулан улс орны хөгжил дэвшил, тусгаар тогтнол, эдийн засгийн цаашдын төлөв байдал, 2020 оны УИХ-ын сонгууль зэрэг тулгамдсан асуудлуудад үргэлжлүүлэн хариулт авч яриа хөөрөөг оргилд нь хүртэл хурцлан хөгжүүлж хөөрөлджээ. Асуулт нэгээс нөгөөд шилжихдээ нийлэмжтэй сайхан зохицолдож үргэлжилсэн байна. Мухардалд орсонгүй, агуулгаа дэлгэрүүлэн үргэлжлүүлжээ. Анхныхаа асуултын адил оновчтой, ойлгомжтой, тодорхойгоор асууж, тэр хэмжээгээр үр өгөөжтэй дэлгэрэнгүй, утга агуулга гүн гүнзгий хариулт авч чадсан байна. Энэ нь Дашийн Бямбасүрэн гэдэг хүн хэн бэ гэдгийг хэлж өгч чадаж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл сэтгүүлч Ч.Үл-Олдох Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдын хүн чанарыг нээн үзүүлсэн хосгүй сайхан ярилцлагыг сүндэрлүүлэн босгож бүтээсэн байна. Уншихад уйдамгүй урамтай сайхан, мэдлэг мэдээллээр халгиж цалгисан уншууртай ярилцлага болж чаджээ.
Уг ярилцлага эл номонд бүрэн эхээрээ орсон учраас уншигч та тавтай сууж таалан сонирхох боломжтой юм. Зарим санааг онцгойлж Дашийн Бямбасүрэн гэдэг хүний мөн чанар, өөрөөр хэлбэл ямархуу шинж чанар, үнэт зүйлийг өөртөө агуулсан бодгаль юм бэ гэдгийг тодруулах үүднээс хэд хэдэн үг өгүүлбэрийг таслан авч хамтдаа бүгдээрээ ажин сонирхоцгооё. “Социализм танд ер нь юу өгсөн бэ, социализм нийгмийн нэг формацийн хувьд эргэлт буцалтгүй сөнөж мөхсөн үү. Социализм ба капитализмын сайн ба саар, эерэг ба сөрөг тал нь юу байдаг юм бол” гэсэн сэтгүүлчийн асуултад Д.Бямбасүрэн “Социализм гэдэг хүн төрөлхтний түүхийн том үзэгдэл. Хүн төрөлхтөн капитализм гэж хүний өмчин дээр зарцлагдаж, мөлжүүлж, тэрний дур зоргоор амьдрах ёсыг эсэргүүцэж өөрөө амьдрал, хувь заяаныхаа эзэн байх гэсэн тэр л санааны үндсэнд үүссэн үзэл л дээ. Монголд хэрэгжсэн социализм ЗХУ-д үүссэн социализмын нэг салаа мөчир юм... социализмын үзлийг анх үндэслэгчид ард иргэд хувийн өмчтэй байхыг  үгүйсгээгүй. Гэтэл манайхан бүх юм нийгмийнх байна, бүх юм төрийн өмч байна гээд хувийн өмчөөс нь салгачихсан. Ингэснээр хүмүүсийг хувийн хариуцлагаас нь хөндийрүүлж  завхралд хүргэсэн.
Социализм... нийгмийнхээ баялгийг төв рүү чиглүүлж ашиглах нь илүү үр дүнтэйг харуулсан. Орос  ч  ялгаагүй, Монгол ч ялгаагүй. Төр эдийн засгаа өөд татах, хүмүүсийн амьдралыг өөд татахад тодорхой нөлөө үзүүлсэн... Монголд соёл, анагаах ухаан, шинжлэх ухаан, боловсролын тогтолцоо бий болсон. Капиталист нийгмийн үед ийм тогтолцоо түгээмэл болж чадахгүй. Энэ бол ашиг, орлого олдог салбар биш... Манайд түгсэн социализмын үзэл бол Зөвлөлт Оросоор дамжсан Европын социализмын үзэл. Тэр утгаараа Европын соёл иргэншлийн үнэт зүйлийг Монголд авчирсан... Манай угсаатны соёл иргэншлийг өөрчлөхөд хүргэсэн, Монголд илүү олон юм үлдээж өгсөн гэж би боддог... монголчууд оюун санааны хувьд ч, угсаатны хувьд ч социализмын үед сэргэсэн” гэж хариулжээ.
Эл хариултаас Дашийн Бямбасүрэн гэдэг хүн бол нийгмийн формацийн онол, практикийн асуудал, түүний хөгжил дэвшил, үе шат, өөрчлөлт шинэчлэлийг нэвтэрхий мэддэг эрдэмлэг хүн гэдэг нь шууд мэдрэгдэнэ. Сэтгүүлч Ч.Үл-Олдох социализм ба капитализмын үе шатыг дамжин аж төрж бүтээж туурвисан энэ хүнээс асуух ёстой зүйлийг яг онож асууж чадсан байна. Эргэлзээ тээнэгэлзлийнхээ нэг хэсэгт эдийн засагч хүний шинжлэх ухааны гүнзгий үндэслэлтэй хариултыг авчээ. Ийм хүн Монголд өдрөөс өдөрт ховордож байгаа. Удахгүй “Улаан ном“-д орно. Учир нь цаг хугацаа улиран урсаж, Монголын нийгэмд бүхэл бүтэн үе солигдож байна. Гучин жил гэдэг бага хугацаа биш. Социализм хэмээх “Хадны мангаа” Монголд, монголчуудад юу өгч чадсаныг Д.Бямбасүрэн гэдэг хүн үнэн мөнөөр нь өгүүлжээ. Тэгвэл социализм Монголд юу өгч чадаагүй вэ хэмээн Ч.Үл-Олдох лавшруулан асууж байна. Хариуд нь:
“Биднийг амьдралын хариуцлагаас хөндийрүүлсэн... хувь хүн өөрийн амьдралыг хариуцаж, өөрийн хөдөлмөрийн үр шимийг өөртөө бүтэн зориулах юмыг нь хийсэнгүй. Түүгээрээ социализм үеэ өнгөрөөлөө. Гэхдээ социализм эргэлт буцалтгүй алга болсон гэж үзэж болохгүй. Одоо манайханд социализмыг хараах, муулах үзэгдэл мода болсон шиг ээ. Гэтэл капитализм гэдэг бол социализмаасаа түрүүнд хамаг муугаа дэлхийд харуулж, дэлхийн хоёр дайн өдүүлж хямрал гээчийг өөртөө тээж явдаг өвчтэй нийгэм юм шүү дээ. Энэ өвчтэй нийгмийг туг болгож, одоо түүн рүү тэмүүлээд байх уу гэдэг нь асуудал. Ер нь бол түүх давтагддаггүй. Тэгэхээр социализмын ололтуудаа, капитализмын үед хүн төрөлхтөнд  баттай суурь болж үлдсэн тэр  үнэт зүйлтэй хослуулаад  цааш нь авч явбал хүн төрөлхтөн цаашдаа  шинэ замаар явж чадах байх” гэсэн хариултыг сонсож байна.
Социализм бол халамжийг хавтгайруулж, хүмүүсийг амьдралын хариуцлагаас чөлөөлж хөндийрүүлсэн. Амьдран тэмцэх чадварыг нь хөгжүүлж чадсангүй гэжээ. Өөрөөр хэлбэл “өвстэй газар мал тогтдоггүй, жаргалтай газар хүн тогтдоггүй” гэсэн ардын зүйр цэцэн үгийг л бараг хэлчихсэн байна. Үүнийгээ Д.Бямбасүрэн тодорхой жишээ баримтаар тодотгож “Хятад орон хувийн өмч, бизнесийн эрх чөлөөг социалист зарчимтай зарим талаар хослуулаад дэлхийн хөгжлийн өндөр түвшинд хүрэх чадвартай гэдгээ харуулж байна. Энэ бол бодит жишээ, Хятадыг буруутгах үзэл хандлагаар хандаж болохгүй. Миний бодоход барууны орнууд гэхэд сая коронавирусын үед  эрүүл мэндийн салбар нь хуучин социалист орнуудынхаас дор юм байна  гэж харагдлаа. Тэгэхээр социализмаас авах зүйл байгаа биз дээ” гэж сэтгүүлчээс өөрөөс нь асуужээ. 
Нэмж тэрээр өмчийн харилцаанд хамаг учир байгааг тодотгон сануулаад 1990 онд өмч хувьчлалд тодорхой зорилтыг дэвшүүлж өөрчлөлт шинэчлэл хийхийг зорьсон боловч олигархи капитализм руу Монгол Улс хальтран гулгаж орсон. Энэ “бүтээл”-ийн эзэд нь манай коммунистууд байгаа юм гэжээ. Үүнд үнэний хувь бий. 
“Таныг Статистикийн төв газар, Үнийн хороонд ажиллаж байх үеийн албан тушаалын томилгоо, өнөөдрийн “цүнх баригчид”-ын хоорондын ялгаа байна уу” гэсэн Ч.Үл-Олдохын сониуч асуултанд Д.Бямбасүрэн социализмын үед хэн нэг хүнийг төрийн албанд томилоход нэг талаас намын үзэл суртлыг барьж байсан ч нөгөө талаас бүр Чингисийн үеэс тогтсон төрт ёсны монгол уламжлалыг бас хадгалж байсан юм шүү. Чингисийн төрт ёс гэж хүн төрөлхтөний маш том уламжлал байдаг гэдгийг сануулаад “төрд ажиллах хүнийг шилж олох, удам угсаагаар нь шинжих, зан араншинг нь шинжих, соёл, хүмүүжил, төлөвшлийг нь шинжих, боловсролыг нь шинжих, тэр хүний зүтгэлийг нь шинжих гээд олон юм байсан. Энэ бол маш эртний түүхтэй. Тухайлбал хаан хүн ямар байх тухай дөрвөн зүйл, Ерөнхий сайд гэхэд долоон шинжтэй байх, сайд хүнд 10 шаардлага тавьсан байх гэхчилэн хайрцаглаад томьёолсон байдаг. Манай төрт ёсны уламжлалд хаан хүний 35 эрдэм, түшмэл хүний 14 эрдэм гэж ярьдаг. Тэр ёсыг барьж явсан учраас  төрд ажиллах хүнийг маш олон талаас нь шинжиж томилдог байсан. Зөвхөн социализмын үзэл, намд үнэнч гэдэг талыг харах биш, энэ хүн хүнийхээ хувьд ямар вэ, шуналтай юмуу, үгүй юу, энэ хүн хулгай хийх үү, луйвар хийх үү, худал хэлэх үү, үгүй юу гээд бүх талаас нь хардаг учраас нэлээд өөр хандлагатай байсан. Одоо Монголд ямар байна вэ гээд аваад үзвэл тэгш эрхтэй гэдэг. Тэр дотроос нь аль овсгоотой, зальтай нэг нь төр рүү шургахаар тэмүүлдэг болсноороо ялгаатай юм даа. Анзаарч байхад төрийн албанд төрөл садангийн холбоо, эсвэл дарга нарт тал засах, намд хандив өргөх замаар шургах нь илүү давамгайлдаг болжээ. Ингэж явбал цаашдаа Монголын төр мөхөх аюултай. Төр мөхнө гэдэг улс үндэстний хувь заяа эргэлзээнд орно гэсэн үг шүү дээ” хэмээн хариулсан байна.
   Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар томилогдоод Засгийн газраа 16 гишүүнтэйгээр бүрдүүлсэн. Тэдний ес  нь академич, профессор цолтой, эрдэмтэн докторууд буюу өндөр мэдлэг боловсролтой хүмүүс байсан юм. Тийм болохоор манай Засгийн газарт ажлын арга барилын хомсдол, цалгардал гарах магадлал маш бага байсан. Эдүгээ тэр 16 хүнээс дөрөв  нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Үлдсэнээс 10 хүн нь Монгол Улсын гавьяат алдар цолтон болсон байна. Тийм болохоор ажлаа хийж чадаж байсан юм болов уу даа гэж Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн даруухнаар нэмж хэлсэн байна. Тэр өөрөө Монгол төрийн хамгийн хүндэтгэлт дээд шагнал буюу “Чингисийн одон” хүртсэн хуруу дарам цөөхөн хэдэн хүний нэг билээ. Ачааны хүндийг үүрч гаралцсан Ерөнхий сайдын нэг гарцаагүй мөн.
Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайдуудын гашуун эмгэнэлт хувь заяаны талаар тэр өөрийн санал бодлыг нуулгүй хэлж анхны Ерөнхий сайд Да лам Г.Цэрэнчимэдээс эхлээд Т.Намнансүрэн, Д.Бодоо, Г.Чагдаржав, С.Дамдинбазар, Жалханз хутагт,  Ц.Жигжиджав, П.Гэндэн, А.Амар, Х.Чойбалсан, хамгийн сүүлд Ю.Цэдэнбал хүртэл бүгд хэлмэгдэж, ихэнх нь амь насаа эмгэнэлтэйгээр алдсан гашуун үнэнийг дурдаад сэтгүүлч Ч.Үл-Олдоход Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Д.Содном, П.Жасрай хэмээх дөрвөн  хүний талаарх сонирхолтой баримтыг дурдан өгүүлсэн байна. Энэ хэсэг илүү сонирхолтой, бас сургамжтай өгүүлэмж мэт санагдсан тул Д.Бямбасүрэн гуайн хариултыг бүтнээр нь дор дэлгэн үзүүлье.
-Тэр үеийн удирдах ажилтнуудын нэг онцлог бий. Би Ю.Цэдэнбал гуайн үед Засгийн газрын гишүүн болж байлаа. Түүнээс хойш долоон төрийн тэргүүний нүүрийг үзжээ. Ингээд бодоход социализмын үеийн удирдагчдын нэг онцлог нь  Ю.Цэдэнбал гуай ч, Ж.Батмөнх гуай ч маш өндөр боловсролтой, хоёдугаарт үзэлдээ маш үнэнч, гуравдугаарт үндэснийхээ эрх ашгийг маш их боддог. Ю.Цэдэнбал гуайг хүмүүс Зөвлөлтийн талыг барьсан, тэдний гараар хөдөлдөг хүн байсан гэдэг. Залуу байхдаа тийм байсан нь үнэн. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд бол огт өөр болсон. Жишээ нь “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүл дээр “Олон улсын эрх ашиг” гэсэн өгүүлэл бичиж,  Коммунист ажилчны намуудын үзэл суртал хариуцсан дарга нарын зөвлөгөөн дээр зөвлөлтийнхөн очоод Ю.Цэдэнбал гуайн нэрийг хэлээгүй мөртлөө зарим хүмүүс бид үндэснийхээ эрх ашгийг бодсоны дараа олон  улсын эрх ашиг гэж ярина гэж юм бичдэг боллоо гэж шүүмжилж байсан үе бий. Би Ю.Цэдэнбал гуайтай харилцаж явсны хувьд тэр хүний Монголоо гэсэн сэтгэл ямаршуу байсныг мэднэ.
Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.6  ЛХАГВА № 196 (6673)