Н.ДАЯН
Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрснээр гэр хорооллын айлуудын сайжруулсан түлшний хэрэглээ нэмэгдэсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон сайжруулсан шахмал түлшний цэг, тэдгээрийг нэмэгдүүлэхэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Өнгөрсөн долоо хоногт “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-тэй уулзсан. ТУЗ-д аравдугаар сард багтаан сайжруулсан түлш борлуулах 600 цэг байгуулах шаардлагаа тавьсан. Түлшний цэг, нөөцийн талаар дүүргийн орлогч дарга нарыг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулж. “Яндангаа хөөлье” аян үргэлжилж байгаа” гэв.
Харин “Тавантолгой түлш” компанийн захирал Г.Ундармаа “Баруун бүсийн нэг, хоёр, гуравдугаар үйлдвэр ажиллаж байна. Өнөөдөр дөрөвдүгээр үйлдвэр ашиглалтад орно. Зүүн бүсийн үйлдвэрийн дахин боловсруулалтын хоёр шугам өнөөдрөөс ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн ням гарагт 1200 тонн түлш үйлдвэрлэсэн. Өнгөрсөн долоо хоногт түлш борлуулах 281 цэг ажиллаж эхэлсэн. Энэ долоо хоногт цэгийг үе шаттай нэмэгдүүлж, 450-д хүргэхээр ажиллаж байна. 217 машинаар түгээлт хийж байгаа. Нийт 72 мянган тонн түлшний нөөцтэй. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр 2021 оны хоёрдугаар сард баруун бүсийн үйлдвэрийг зогсоож, нүүлгэх шийдвэр гарсантай холбоотойгоор дөрөвдүгээр сард үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, нөөц бүрдүүлэхэд асуудал үүссэн. Баруун үйлдвэр үндсэндээ таван сар зогссон. Манай компаниас шалтгаалаагүй энэ мэт зогсолт үүсдэг. Мөн иргэд түлшээ хямд үнэтэй байхад нь нөөцлөх гэдэг. 290 мянган картаас 50 мянгыг нь давхардуулж олгосныг цуцалсан. Ах, дүү, хамаатан садныхаа нэр дээр карт авдаг. Нийслэлийн Статистикийн газартай хамтран хорооны хүн амын бүртгэлтэй тулгаж, айлуудад карт өгч байгаа. Түлшний цэг байгуулахаар 930 иргэн санал өгсөн ч шаардлага хангасан нь цөөн байна” гэж байлаа.
Мөн тус компани борлуулалтын орлогоороо санхүүждэг тул цаашид энэ байдал удаан үргэлжилбэл үйлдвэр зогсоход хүрнэ гэдгийг хэлж байлаа. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг Эрчим хүчний яам хариуцдаг бөгөөд нийслэлийн зүгээс түгээлтэд анхаарал хандуулдаг. “Тавантолгой түлш” компанийн хувьд өнгөрсөн жилийн мөн үед 97.500 тоннын нөөцтэй байсан бол өнөөдөр 72 мянган тоннын нөөцтэй байна. Энэ нь үйлдвэрийг нүүлгэх шийдвэртэй холбоотой байсан гэдгийг албаныхан онцолж байлаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.6 ЛХАГВА № 196 (6673)