С.САРУУЛ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргалаа. Зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газарт өчигдөр хүргүүлэв. Ингэснээр жил бүр ДНБ-ий нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлнэ. Ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх, мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох гэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд нэн хүчтэй өртсөн байна гэсэн тооцоо, судалгаа бий.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд нэн хүчтэй өртсөн 129 сая га талбайг дөрвөн хувиар бууруулна. Манай газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Үүнийг 2030 он гэхэд есөн хувьд хүргэх үндсэн зорилтыг тодорхойлсон. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргалаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл бэлтгэл, эрчимжүүлэх, тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлнэ” гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.5 МЯГМАР № 195 (6672)