С.САРУУЛ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, үнэн зоригт, цогт гарамгай, улсын харцага, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүлэгч гишүүн Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан хандивын барилдаан боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 зодоглосноос улсын харцага О.Хангай түрүүлж, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүрлэн, их шөвөгт улсын харцага Д. Анар, аймгийн арслан М.Бэлгүтэй нар шалгарсан юм.

Барилдааны үеэр МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу нар тэргүүлэгч гишүүн, улсын харцага Г.Элбэгийн хүү аймгийн начин Э.Батсуурьт холбооны зүгээс хандиваа гардуулсан агаад дархан аварга Б. Бат-Эрдэнэ орон нутагт ажлаар явж байгаа тул МҮБХ-гоор дамжуулан хандив өргөлөө. Мөн улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага, ардын багш Д.Сэрээтэр, тус барилдааны хөлийн цэц, улсын начин А.Алтанхуяг, цэргийн заан Н.Нямаа нарын бөхчүүд хүрэлцэн ирж сэтгэлийн хандиваа өргөцгөөв. Улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Б.Одхүү нар мөн хандивт нэгдэж байгаагаа барилдааны үеэр уламжилсан юм.

Эх сурвалж: www.polit.mn