Т.Баасансүрэн
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч

Түрүүч нь №191 (6668), 192 (6669), 194 (6671)-т

Үр дүнд нь хүний эрх, эрх чөлөө бүдгэрч, газрын доорхи ба дээрх баялаг ард түмнийх бус “нийтийн, төрийн” өмч болж хувирсан. Өөрөөр хэлбэл өнөөх мафёз, масон бүлэглэлийн ашиг сонирхлыг тод илэрхийлж баталгаажуулан гүнзгийрүүлсэн. Дашийн Бямбасүрэн гэдэг хүний хэлснээр МАН түүхийн өмнө ял хүлээх замыг өөрсдөө ухамсартайгаар сонгож авсан. АН ба МАН сүүлийн 30 жил засгийн эрхийг ээлжгүйгээр эзэгнэсэн нь үнэн. Ахиад 30 жил эрх мэдлээ үргэлжлүүлнэ гэж сэрүүн зүүдэлж байгаа. Хэрэгжих нь юу л бол. МАНАН хойч үедээ дааж давшгүй “бул хар чулуу” үлдээж байгаа. Д.Бямбасүрэн гуайн санаа зовинон өгүүлснээр тэдгээр лай ланчгийг засч арилгах гэдэг  ирээдүй үеийнхэнд минь маш хүнд хэцүү зорилт байх болно. Тэдгээр нь Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд МАН-ын оруулсан өөрчлөлтүүд юм.
Д.Бямбасүрэн гуайн ярилцлагад байнга хөндөгддөг нэг сэдэв бол Оюутолгой. Ерөнхий чиг хандлага нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ч.Хурц, эрдэмтэн С.Авирмэд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын  зэрэг хүмүүсийн илэрхийлсээр ирсэн санаа бодолтой төстэй. Ялгаа нь гэвэл мэргэжлийн эдийн засагчийн үүднээс илүү тооцоо судалгаатай, өөрийн улс орны болон олон улсын практиктай холбож үнэмшилтэйгээр тайлбарлах замаар ойлгомжтойгоор өгүүлж, гүн гүнзгий үнэлэлт дүгнэлт хийсэн байдаг юм. Жишээ нь тэрээр сэтгүүлч Ч.Үл-Олдохтой хийсэн “Бидэнд гадны колони болох, эсвэл дотооддоо сөргөлдөх хоёр зам л үлдлээ” ярилцлагадаа  “Үе үеийн Засгийн газрын үндсэн гол зорилго бол үндэстнийхээ эдийн засгийг сэргээн хөгжүүлэх, түүний дотор үндэсний үйлдвэрлэлийг дэмжих явдал юм” гэж онцлон тэмдэглээд харамсалтай нь ингэж ажиллахгүй гадныхны гар харж царайчилж ирлээ гээд “Муу дээр муу, муухай дээр улцан нэмэр” гэж эдийн засгийн энэ алдаатай бодлогод хамгийн их нөлөөлсөн зүйл бол Оюутолгойн асуудал. Оюутолгой Монголын эдийн засгийг өөд нь сэвхийтэл татаад явчих төсөл  байсан. Гэтэл анхнаасаа Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг дулдуйдан тэдний эрхшээлд орсноос болж одоо тэндээс орж ирэх юм тун хомс болсон. 2037 он хүртэл бид ашиг хувааж чадахгүй болчихсон. Үүнийгээ эрх мэдэлтнүүд тухайн үед мэдэхгүй биш мэдэж байсан. Олон нийт дуугараагүй биш дуугарсан. Олон түмнийхээ үгийг сонсохгүй, зөвхөн гэрээнд гарын үсэг зурах эрх мэдэлтнүүд хувийн эрх ашгаа бодсоноос ийм болсон” гэж хэлж байсан бол “Оюутолгой ашиг өгөх байтугай дэд бүтэцгүй явж ирсэн, үүнийг ойлгох ухаан Монголын төрд дутсан” хэмээх өөр нэг ярилцлагадаа “Одоог хүртэл олон түмний дундаас гарч байгаа дуу хоолойг Монголын төр сонсоогүй. Өөрсдийгөө хамгаалаад буруу дээрээ улам буруу алхам хийсээр өнөөг хүрлээ... Буруу алхам хийж, асуудлыг будлиантуулан бантан болгож, шийдэхийн аргагүй маргаан тэмцлийг бий болгоод хаях юм бол тухайн улс үндэстэн өөрөө хохирч, гадныхан хожоод явдаг. Энэ колоничлол олон улсын тавцанд хийгдэж, гаршсан технологи юм... Монголчууд улс төрийн маргаан тэмцэл өрнүүлж, улмаар намууд нь хагаралдаж үймээн самуунд хүрвэл энэ нь гадны колоничлогчдын мөрөөдөж байдаг зүйл, хэрэглэдэг гол арга нь. Оюутолгойн гэрээг анх байгуулахдаа Монголын баялгийг Монголын ард түмэн мэдэх биш, тэр эрхийг гадны колонийн гарт өгсөн. Түүний хариуцлагыг тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр хүлээнэ. Үндсэн хуулийн 6.1 дэх “Газар, түүний баялаг ард түмний мэдэлд, төрийн өмчид байна” гэсэн заалтыг зөрчиж Ерөнхий сайд шийдсэн бол үүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ...
Ч.Сайханбилэгийн өөрөө дур мэдэж хийсэн гэлцдэг “Дубайн гэрээ” гээчийг тухайн үеийн УИХ хэлэлцэж болох байсан ч хэлэлцээгүй. Ерөнхий сайдтай хариуцлага яриагүй. С.Баярцогтын Швейцарын банк дахь 1.85 сая ам.доллар гэдэг чинь Оюутолгойн гэрээг байгуулах үед орж ирсэн мөнгө гэдэг утгаар анх сэрдэгдсэн. Үүнийг гадаадынхан ч хэлж байгаа, манайхан дотроо ч ярьж байна. АНУ-ын нэр хүндтэй компаниас манай УИХ-ын даргад “Луйврын сонгодог гэрээ” байна гэсэн дүгнэлт ирүүлж байсан шүү дээ...
2013 онд шалгалт хийсэн хүмүүс хоёр тэрбум гаруй төгрөгийн зөрчил илрүүлсэн. Түүн дотор нь хүний санаанд багтамгүй зүйлүүд явж байсан. Гадны хөрөнгө оруулалт гэчихээд түүнийгээ Монголд хөрөнгө оруулсан болгож бичсэн юм ч бий. Эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдийг гадны сургуульд сургаад зардлыг нь Монголын өр гэж бичсэн нь бий. Энэ бүхнээс Оюутолгойн гэрээг шударга болгох эрх зүйн болоод ёс суртахууны үндэс бий болно” гэж хэлсэн байх жишээтэй. 
Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Д.Бямбасүрэн өргөн нэвтрүүлгийн ТВ-9 телевизийн шууд ярилцлагад орох үеэрээ УИХ Оюутолгойн асуудлыг хэлэлцэх байсан. Ажлын хэсгийн илтгэл айлтгал нь ч бэлэн болчихоод байсан. Гэтэл түүнийгээ хойш тавиад Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад эхэллээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж дуусган батлах хүртэл өөр асуудлыг хэлэлцэхгүй. Ийм хуультай. Үүнээс харахад Оюутолгойн асуудлыг хөндөж ярих дургүй байна. Эрх баригчид тэдний захиалгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж эхэллээ гэсэн хардалт сэрдэлт үндэслэлтэй байж болох талтай гэж хэлж байсныг би мартаагүй байна. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч ингэж хэлж байсан болно.
 Одоо Ч.Үл-Олдохын  “Д.Бямбасүрэн: Надад хөдөөний хүн гэдэг мөн чанар бий, одоо ч ийм байгаа” ярилцлагыг авч үзье. Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдтай хийсэн түүний 17 дахь ярилцлага нь байгаа юм. Өмнөх 16 ярилцлагад гол төлөв нэг тодорхой буюу нэг хэсэг сэдвийг тойрч хөөрөлдөж байсан бол эл ярилцлагад тиймгүй. Маш олон талаас нь түншиж, тэгэхдээ Дашийн Бямбасүрэн гэдэг хэн бэ гэдгийг цогцоор нь товойлгон гаргаж тавихыг оролджээ. Асуултуудаас нь харахад сэтгүүлч энэ ярилцлагыг хийх гэж хичээнгүйлэн бэлтгэсэн нь шууд мэдрэгдэнэ. Бодож боловсруулжээ. Түүний тухай бичигдсэн ном зохиолыг хүртэл онгичиж сэтгүүлч өөрийгөө ярилцлагад нухацтай чамбай бэлтгэсэн байна. Дашийн Бямбасүрэн гэдэг хүний дотоод ертөнцийг нээн үзүүлэх гэж чармайжээ. Хүн чанарыг нь хөдөө хийгээд хотын аж амьдралтай холбож үзүүлэхийг зорьсон байна. Үүнийгээ ярилцлагынхаа нэрийн доорхи давхар гарчигт “Энэхүү ярилцлагаар Дашийн Бямбасүрэн гэдэг хүний дотоод ертөнцийг нээн үзүүлж, хүн чанарыг нь илүү товойлгон гаргахыг эрмэлзлээ” хэмээн тодотгосон аж. Энэ бол “Д.Бямбасүрэн: Надад хөдөөний хүн гэдэг мөн чанар бий, одоо ч ийм байгаа” хэмээх ярилцлагын агуулгын гол тодотгол. Өөрөөр хэлбэл уншигчийг хөтлөх лид нь буюу хөтөч хэсэг юм.
Сэтгүүл зүйн онолд зохиогч гарчиглах урлагт мэргэшсэн, гарчиг нь тухайн бичлэгийн агуулгын толь болж илэрхийлэгдсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл соронз төмрийн үртсийг өөртөө бөөгнөрүүлэн татах адил сэтгүүл зүйн бичлэгийн гарчиг нь уншигчдын нүдийг соронздон бүлтийлгэх ёстой юм. Энэ үүднээс авч үзвэл Ч.Үл-Олдохын зохиомжилсон “Д.Бямбасүрэн: Надад хөдөөний хүн гэдэг мөн чанар бий, одоо ч ийм байгаа” гарчиг  шаардлага хангаж чадаж байна. Дашийн Бямбасүрэн бол Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд. Нийгэм, улс төрийн нэртэй том зүтгэлтэн. Үр бүтээлт амьдрал тэмцлийнхээ олон жилийг, бараг бүгдийг нийслэл Улаанбаатар хотод өнгөрүүлсэн нь ойлгомжтой. Ийм хүнээр “надад хөдөөний хүн гэдэг мөн чанар бий, одоо ч ийм байгаа” гэж хэлүүлж чадсан нь сэтгүүлч түүний дотоод ертөнцөд нэвтрэн орж мөн чанарыг нь нээн үзүүлэхийг чармайсан эрмэлзэл зорилгодоо хүрснийг батлан харуулж байгаа юм. Ч.Үл-Олдохын бодож олсон гарчиг ярилцлагынхаа агуулгыг яг таг илэрхийлж чадаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл уншигчдын сонирхлыг татаж уншиж үзэх хүслийг нь төрүүлэхээр болж чаджээ.
Гэхдээ ганц гарчиг хангалтгүй. Гарчгийн шууд үргэлжлэл болсон лид буюу хөтөч хэсэг мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн байх ёстой. Энэ бол Ч.Үл-Олдохын давхар гарчиг буюу хаалтанд оруулж өгсөн тодотгол хэсэг юм. Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнтэй ярилцлаа. Энэхүү ярилцлагаар Дашийн Бямбасүрэн гэдэг хүний дотоод ертөнцийг нээн үзүүлж, хүн чанарыг нь илүү товойлгон гаргахыг эрмэлзлээ хэмээн залгуулж бичсэн хоёр өгүүлбэр нь уг ярилцлагын хөтөч хэсэг болно. Ярилцлагынхаа агуулга, зорилгыг улам тодоор илэрхийлэн гаргаж ирж байна. “Д.Бямбасүрэн: Надад хөдөөний хүн гэдэг мөн чанар бий, одоо ч ийм байгаа” гарчгийн тодотгол толь, хураангуйлсан агуулга ч гэж хэлж болно. Монголын уншигчдын дийлэнх нь Дашийн Бямбасүрэнг танина, нийгэм-улс төрийн нэртэй зүтгэлтэн гэдгийг мэднэ. Харин хөдөөний хүн гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр ярилцлагын гарчиг болоод түүний шууд үргэлжлэл болсон лид буюу хөтөч хэсгийн хоёр өгүүлбэр нь  сэтгүүл зүйн онолын үүднээс авч үзвэл мэргэжлийн өндөр түвшинд зохиомжлогдож чадсан байна. Энэ нь Ч.Үл-Олдох гэдэг хүн мэргэжлийн туршлагажсан сэтгүүлч мөн гэдгийг харуулж байгаа юм.
Гэхдээ энэ бүгд хараахан хангалтгүй, бүрэн гүйцэд үнэмшил төрүүлэхгүй. Анхны асуулт нэн чухал. Түүнийг олж онож тавих ёстой. Хөөрөлдөгчөө илэн далангүй чин сэтгэлийн ярианд уриалан дуудсан, итгэлийг нь олж авахад чиглэгдсэн, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхүйцээр байвал зохино. Монголчууд “тавхан үгэндээ танигдаад байна даа” гэж дуу шүлэгтээ оруулсан нь маш учир утгатай асар том гүн ухаан. Анхны асуулт хөөрөлдөгчийг нэг бол өөртөө татна, эсвэл өөрөөсөө хөндийрүүлж цааш түлхэнэ. Анхны асуултаас, түүний утга агуулгаас уг ярилцлагын цаашдын хувь заяа ихээхэн шийдвэрлэгддэг болохыг ялангуяа залуу сэтгүүлчид мартаж хэрхэвч болохгүй. Хөөрөлдөөн тос шиг нийлэмжтэй урсах уу, мөс шиг царцаж зогсох уу гэдэг нь анхны асуултаас шууд шалтгаална.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.4 № 194 (6671)