С.УЯНГА

Ардын түр Засгийн газрын гишүүн, Дотоод яамны дарга, Ардын журамт цэрэг Хүрээг чөлөөлөхөөр мордоход хувьсгалын түшиц газрыг бэхжүүлэх зорилгоор Хиагт дахь төлөөний сайдаар Н.Билэгсайхан тохоогдсоноос үзэхэд энэ хүний үйл хэрэг, түүх намтар их өвөрмөц сонин. Бас нэгийг бодогдуулам ээдрээтэй гэж хэлж болно. Тэрбээр МАН-ын анхдугаар их хурлын төлөөлөгч. Өөрөөр хэлбэл,  өнөөгийн МАН-ыг байгуулж бодлого чиглэлээ тодорхойлсон гэх цөөн хэдэн хүний нэг юм. Ардын хувьсгал ялахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн гарамгай партизаны талаар МЗЭ-ийн нэрэмжит шагналт  орчуулагч, зохиолч, профессор  Н.Пүрэвдагва болон Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи үеийн Монголын түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Да.Эрдэнэбат нар сонирхолтой яриа өрнүүлснийг сийрүүллээ.   


Н.Пүрэвдагва: 
-Харуулын цэргүүд Эрдэнэ ван Намсрайд захирагдаж байсан юм бол хошуу захирагч Н.Билэгсайхан гүний үгийг сонсох ёстой. Нэр хүндийг нь ашиглах бодлого хувьсгалчдад байж таарах нь. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ, Н.Билэгсайхан нарын сонголт тохиолдол биш гэж харагдаж байна л даа? 
Да.Эрдэнэбат: 

- Харуулын цэргүүд Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яаманд захирагдаж байж. Таны хэлдэг үнэн. Хувьсгалчид дээр өгүүлсний дагуу тухайн бүс нутагт ард олны хүндэтгэлийг хүлээсэн, тийм нөлөө бүхий хүмүүстэй эхлэн холбоо тогтоосон байдаг. Тэд Эрдэнэ вангийн хошууны тамгын газарт журамт цэрэгт элсээх, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих талаар захидал илгээхэд Н.Билэгсайхан хамгийн түрүүнд хүрэлцэн ирсэн гэдэг. Үүний дагуу ч түүний нэр дээр цэрэг элсээх зарыг тархаасан тухай өмнө нь өгүүлсэн. Намсрайн Билэгсайхан гүний судалгаанд бид гурван зүйлийг онцлон анхаарах ёстой. Нэгдүгээрт, ардын хувьсгалыг ялалтад хүргэхэд нутаг орныхоо дайчдыг удирдан зохион байгуулж, гарамгай гавьяа байгуулсан нь судалгаагаар эргэлзээгүй нотлогдсон. Хоёрдугаарт, Ардын хувьсгалын дараа Сэлэнгэ аймагт байгуулагдсан сургуулийн тухай зайлшгүй өгүүлэх ёстой. Энэ нь ард түмнийг соён гэгээрүүлэх үйлс өрнөж байхад тухайн үед дөрвөн сургууль байгуулагдсаны нэг 1922 оны 12 дугаар сарын 20-нд Алтанбулагт үүдээ нээсэн бага сургууль байсан юм. Энэ сургуулийг үүсгэхэд Н.Билэгсайханы гүйцэтгэсэн үүрэг маш их. Түүнд олон шавь байж. Н.Билэгсайхан нь нутаг хошуундаа нэр хүндтэй хүн байснаас гадна сурган хүмүүжүүлэгч хүн байжээ. Энэ талаар түүний гарын шавь нарын нэг Донойн Хандын бичсэн дурсамж бий. Мөн түүний шавь Б.Ринчен багшдаа зориулж (1967 онд бичсэн номынхоо нүүрэнд), “Ардын хувьсгал мандан ялахад ардын төр засгийн газрын Алтанбулаг хотноо сууж умард хязгаарын хэргийг таслан шийтгэгч яамны анхны сайд болсон багш Н.Билэгсайхан юугаа дурсан тал бичээч байсан шавь нь энэ дэвтрээ зориулав” гэсэн байдаг. Энэ бол түүнийг халуун эх оронч, сурган хүмүүжүүлэгч, хувьсгалыг удирдан зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн партизан хүн гэдгийг олон талаас нь харуулж өгч байгаа юм. 
Гуравдугаарт, 1921 оны гуравдугаар сарын 18-ны Монгол Хиагтыг чөлөөлөх байлдаан болон зургадугаар сарын 6-нд барон Унгерны цэргийг орж ирэхэд газар нутгийнхаа энхэл донхол бүхнийг сайн мэддэг учраас хориглолт хийхэд Н.Билэгсайхан гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Тухайн үед хамгийн ахмад партизан байсан ч хоёр ч удаагийн тулгаралтад оролцсон нь түүхийн баримтад тодорхой байдаг. Тэрбээр, “баруун гартаа туг, зүүн гартаа хөнгөн пулемет чирээд явж байсан гайхалтай хүн” гэж хамт тулалдаж байсан нөхөр нь дурсан бичсэн дурдатгал ч байдаг. 
Н.Билэгсайхантай холбоотойгоор хийсэн судалгаа шинжилгээг дүгнэж үзэхэд тэрбээр Сэлэнгэ аймгийн түүх төдийгүй Монголын 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэхэд хошуу захирагчийн хувиар нэгэн сэтгэлээр зүтгэж байсан бол улмаар МАН-ын гишүүнд элсэж, Дотоод яамны даргаас Алтанбулагийн хязгаарын яамны сайдаар ажиллаж байсан түүхэн бие хүн байжээ гэж үзэж болохоор байна. 
Н.Пүрэвдагва: 
-Ардын хувьсгалын анхны наадмыг Алтанбулагийн хязгаарын яамны сайдын хувиар ёслол төгөлдөр хийсэн гэдэг байхаа?
Да.Эрдэнэбат:

-Тийм юм билээ. Ардын цэргийн анхны наадмыг Алтанбулагт хийхээр шийдвэр гаргаж ойр зэргэлдээх хошуу, сум, харуулуудад зар тархааж, 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Алтанбулагийн өмнөх Салдааз толгойн энгэрт асар майхан барьж уг наадмыг хийсэн юм билээ. Алтанбулагийн хязгаарын яамны сайд Н.Билэгсайхан тус наадмыг удирдан зохион байгуулж, ЗОУ-ын зочдын хамт сүр жавхлантайгаар хийжээ. Үүнийг өгүүлэх гэрэл зураг хадгалагдан үлдсэн байдаг. Тус наадмын бөхийн барилдаанд Эрдэнэ вангийн хошууны Илдэн сумын Дугаржавын Дамдин (Данигай) долоо давж түрүүлсэн байдаг. Харин хурдан морьдын уралдаанд (их насны) Буурын Данзан ламын хээр морь түрүүлж ирсэн гэдгийг түүхийн баримт өгүүлдэг.  
Н.Пүрэвдагва: 
-Н.Билэгсайхан гүнтэй хамтран зүтгэж, бодож санаж явсан үйл хэргийг нь үргэлжлүүлсэн хүмүүс бий байх аа? 
Да.Эрдэнэбат: 

-Билэгсайхан гүн насны хувьд энэ үед тийм залуу хүн байгаагүй юм шүү дээ. Гүнтэний төрсөн оныг хэд хэдэн янзаар хэлдэг ч миний судлагаагаар 1861 онд төрсөн хүн. Ингээд бодоход 1921 онд 60-тай хүн байж таарч байгаа юм. Шавь нараа дагуулаад Монгол Ардын намын анхдугаар их хуралд оролцсон. Дараа нь Хиагт орчмын дайн тулаанд биечлэн оролцож байсан хүн. Мөн занги Дамдинсүрэнгээс эхлээд 1924 онд Үндсэн хууль батлалцсан байдаг. Бас шавь болох Донойн Ханд нь Сэлэнгэ аймгийн Шүүх болон Монгол улсын Дээд Шүүх зэрэг байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж байсан гээд олон хүн нэрлэж болно. Түүнээс гадна гүн Н.Билэгсайхантай садан төрлийн холбоотой ч байж мэдэх яриа хөөрөө бий. Академич Б.Ринчен багшийнхаа сурган хүмүүжүүлэх, соён дэлгэрүүлэх үйлсийг машид амжилттайгаар өргөжүүлэн тэлсэн гэж хэлж болно.
Ардын журамт цэрэг Алтанбулагт ялалт байгуулаад нэлээдгүй түшиц гарыг хяналтандаа авсан байдаг. Их Хүрээг чөлөөлөх байлдаанд мордоход ард талдаа буюу Алтанбулагийн хязгаарын сайдаар хамгийн найдвартай итгэлтэй хүнийг томилсон байж таарна. Тэр хүн нь Н.Билэгсайхан, шадарлагч нь Мэндбаярын Ишдорж хэмээх Илдэн сумын бас нэг анд нь байсан байдаг. Байлдаан гэдэг амар зүйл биш. Тулалдах гэж байсан цэрэг арми нь олон жилийн турш дайн тулаан хийж цагаан оросын цэрэг арми. Мэргэжлийн гэсэн үг шүү дээ. Тоо хэмжээний хувьд ч цөөн байгаагүй гэдгийг түүхийн олон баримт хэлдэг. Хэрэв Хүрээг чөлөөлөх байлдаанд цохигдоод ухарсан бол ар тал хамгийн найдвартай байх ёстой. Оросоос орж ирэх цэрэг зэвсгийн хангалт, эм эмчилгээ, хүнсийг аюулгүй, саадгүй нэвтрүүлэх үүргийг Н.Билэгсайхан гүйцэтгэж байсан. Тэгэхээр хамгийн итгэлтэй хүн байсан нь энэ мэт олон үйл явдлаар тодорхой болж байгаа юм. Тэрбээр 1922 оны 4 дүгээр сарын 20-нд өвчний улмаас нас барсан байдаг. Энэ мэтээр эл түүхэн хүний талаар олон юм ярьж болно л доо. Өмнө нь төдийлөн хөндөж ярилцаж байсангүй, дашрамын байдлаар л зарим нэг бүтээлд дурдагдсан байдаг юм. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ түүхэн хүний үйл хэргийг олж харж, анх удаа ярилцаж байгаад баяртай байна. Түүхэн хүний талаар өгүүлэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг давхар авч үзэх ёстой. Эрдэнэ вангийн хошууны захирагчаас эхлээд олон үйл хэрэгт оролцохдоо ард иргэдийн дунд сайнаар үнэлэгдсэн түүхэн зүтгэлтэн байлаа. Н.Билэгсайхан гүнгийн үргэлжлэл болсон үр удам нь одоо ч гэсэн ажиллаж, амьдарч байна. Тэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот болон Зүүнбүрэн суманд төдийгүй Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа юм. Гүн Н.Билэгсайхан Сэрээхүү хэмээх нутгийн бүсгүйтэй айл гэр болж, хоёр охин, хоёр хүү, нийт дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн байдаг. Түүний отгон хүү Товуугийн үр сад өдгөө Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн төлөөлөл болох Г.Галтмаа Монгол улсын аялал жуулчлалын салбарт идэвх зүтгэлтэй олон жил ажиллаж яваа бүсгүй.
Н.Пүрэвдагва:
-Н.Билигсайхан гүн төрсөн нэг ах, нэг дүүтэй хүн юм билээ. Архивын баримт хөөвөл маш олон хүн тодрох юм байна. Эрдэнэбат судлаач Улаанбаатарт сууж байгаа Билигсайхан гүний үр сад болох улстай холбоо тогтоогоод байна.  Саяхан би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Шаамар сумаар ороход Билигсайхан гүний ах Н.Гомбодоржийн үр садын нэг төлөөлөгч болох Балдандоржийн Төмөр-Очир болон тэдний гэр бүлийнхэнтэй уулзлаа. Түүх гэдэг их холоос биш хажуухнаас эхэлдэг юм байна. Харин бид л мэдэхгүй, хэнэггүй царайлан өдий хүрч яваа юм биш байгаа гэж бодох юм. 
Ийм нэгэн яриаг сэтгүүлч миний бие тэмдэглэж авах аз тохиов. Нээрээ ч улсын түүх гэдэг надаас, миний аав ээжээс, өвөө эмээгээр дамжин он цаг, орон зайд алсрах учиртай юм байна гэх бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Би Говь-Алтайнх. Одоо ч Алтайгаас Улаанбаатар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хүрэхэд зүдэрч байж л хүрнэ. Энэ хоёр эрхмийн ярианд “хилийн харуул” гэсэн үг хэд хэд гарахыг сонсоод түүхийн хичээл дээр багш нарын ярьдаг байсан “1921 оны олон газрын партизан цэрэг” гэж бодит байдал дээрээ юу байсан юм бол ч гэж бодож суув. Хилийн харуулд өөр бусад аймаг хошуунаас албадан суулгадаг байсан гэж бас бичдэг шүү дээ. Сонсоод суувал улс хувьсгалын 100 жилийн түүх гэдэг гэрт минь ороод ирмээр ч юм шиг...

Түрүүч нь  № 193 (6670)-т 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.4 № 194 (6671)