Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан алс хол АНУ болон Монгол Улсынхаа нас чацуу ахмадуудыг онцоллоо. Тэд бол АНУ-ын “Төмөр гэлэнмаа” Мадонна Бьюдер, Монголын гүйдэг Ц.Раднаа нар юм. Спорт гэдэг хүмүүсийг, улс орнуудыг нэгтгэж, эв нэгдэл, баяр баяслыг авчирдаг. Тамирчин хүн тив, дэлхийд өндөр амжилт үзүүлж, улс орныхоо тугийг мандуулахад бид ихэд баярлаж, бахархдаг. Чухам тийм амжилт үзүүлэн гурван сая монголчуудын магнайг тэнийлгэж урмаар тэтгэсэн нэгэн эрхэм бол Польшын Торун хотноо зохион байгуулсан мастеруудын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 85 насандаа гурван алтан медаль хүртэж, 400 метрийн төрөлд дэлхийн амжилтыг шинэчилсэн Ц.Раднаа гуай юм. Тэрбээр хүн өөрийн нөөц бололцоог бүрэн дайчилж, сахилга баттай, тууштай хөдөлмөрлөвөл юунд хүрч болдгийг харуулсан.
Энхийн шагналтан Ц.Раднаа
Р.Оюун
Дэлхийн амжилтыг шинэчилсэн нь
Ц.Раднаа 2019 онд Польш улсад болсон мастеруудын дэлхийн аваргын тэмцээнд бүртгүүлж байхдаа түрүүлчихье, аварга болчихъё гэж бодоогүй аж. Харин ч тамирчин хүнийхээ хувьд тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд идэвхтэй оролцож, өөрийгөө сорих санаатай байв. Ингээд шүүгч шүглээ үлээж, тэмцээн эхлэх тэр мөчид уралдаж байсан тамирчдаа нэг нэгээр нь ардаа орхиж, өмнө нь хожигдож байсан хүчтэй өрсөлдөгч болох Японы Хиро Танака хэмээх мундаг тамирчныг гүйцэн дэлхийн аварга болсондоо сэтгэл хангалуун байдаг гэсэн. Тэр тэмцээнээс гурван алтан медаль авсны дээр дэлхийн амжилтыг шинэчлэн тогтоожээ. “Карьер талаасаа ч, өрсөлдөөн талаасаа ч 85 насандаа гаргасан энэ амжилтаа би тамирчны замналын маань оргил үе гэж боддог” хэмээн хэлж байсан.
Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ Өглөөний 10:00-12:00 цагийн үед буюу нарны гэрэл D витамин ихтэй үед наранд гарч, Туул гол орчмын цэвэр агаарт бэлтгэлээ хийх дуртай. Зундаа наранд биеэ шарж байгалийн цэвэр витаминыг оригоор нь авах хүний биед их сайн. Мөн хүмүүсээс ирэх урмын үгс их сайхан. Бага залуугаасаа биеийн тамирт дурлаж, 57 жил тасралтгүй хөдөлмөрлөжээ. 2019 оны хавар ДАШТ-ий үеэр дэлхийн амжилтыг эвдчихээд, намар нь Австрали улсын Мелбурнд очиж өөрийн амжилтыг нэг секунд 46 долиор урагшлуулж дахин шинэчлэн тогтоосон юм. Тэмцээний дараа эх орондоо ирэхэд энэ үйл явдал элэг нэгтнүүдийг минь баярлуулан огшоосон том амжилт болсныг бэлтгэл хийж явахад таардаг олон хүнээс мэдэрсэн гэсэн. Түүнийг харж, түүнээс урам зориг аваад өөртөө анхаарч эхэлсэн, биеийн тамирт цаг гаргаж, гүйдэг болсон хүүхэд хөгшчүүл, гэр бүлүүдийг хараад өөрийгөө багахан тоож билээ хэмээн нэгэн ярилцлагадаа өгсөн байдаг. Бусдад өгсөн жаахан ч атугай урам зориг, үлгэр дуурайл эргээд өөрийг минь их баярлуулдаг. Мөн Энхийн шагналтнаар тодорсон. Цар тахлын үед шагналыг нь хүндэтгэлтэй гардуулж өгсөн байна.
Эерэг ба бэрхшээлтэй талууд
Ц.Раднаа гуай бага ангидаа “Цагаан зээрийн янзага” хочтой байжээ. Мөн залуу насандаа сонирхлоороо олон тэмцээнд орж, үеийн мундаг тамирчидтай шударга сайхан өрсөлдөж, ялж, ялагдаж сурсан нь спортын хүн болоход хүчтэй нөлөөлсөн байна. Тэрбээр залуудаа улсын амжилт тогтоож, амжилт эвдсэнгүй. Гол нь бүх тамирчны ачаар сурч, хөгжиж явсан болохоор өдий зэрэгтэй яваа гэж боддог гэв. Уг нь зоотехникч мэргэжилтэй, эрдэм шинжилгээний туслах ажилтан байжээ. Хөдөө гадаагүй ажил хийсэн, залуу хүний идэвхгүй нэг хэвийн амьдралын хэв маягаас залхаад гэх үү, халгаад гэх үү 28 насандаа спортыг сонгож 1966 онд Биеийн тамирын дээд сургуулийг “Биеийн тамирын багш” мэргэжлээр сурч төгссөн байна. Хүний дурлаж хайрласан зүйл гэдэг өөр. Тэр үеэс өнөөг хүртэл их спортод хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсээр явна. Бэрхшээлтэй тал гэвэл дасгалаа хэт хүндрүүлж, ихдүүлж хийх нь сул тал болчихдог талтай. Өөрөөр ч спорттойгоо байхад хэцүү гээд байх зүйл бага гэж байлаа.
Ойрын төлөвлөгөө
Өнгөрсөн оны долдугаар сард Канадад зохион байгуулах ДАШТ-д гүйлтийн 100, 200, 400, 800 метр, гурвын харайлт, саадтай гүйлтийн төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж байсан ч цар тахлын улмаас хойшилсон. Гэсэн ч санаа амраагүй, үргэлжлүүлэн бэлтгэлээ хийсээр. Олон улсын тэмцээнүүд, спортын нэвтрүүлгүүдийг байнга үзнэ.
“Төмөр гэлэнмаа” Мадонна Бьюдер
З.Батцэцэг
91 настай америк Мадонна Бьюдер 50 настайдаа амьдрал дөнгөж эхэлж байна гэдгийг ухаарчээ. Тэрбээр 52 настайдаа амьдралдаа анх удаа дэлхийн хамгийн хүнд триатлоны нэг болох Ironman-д оролцжээ. Энэ бол тоглоом биш. 180 км дугуйгаар, дөрвөн км усанд сэлээд, 42 км марафон гүйнэ. Мадонна Бьюдер-ийг “төмөр гэлэнмаа” гэж зүгээр ч нэг нэрлэдэггүй. 1982 оноос хойш 40 жилийн хугацаанд 340 гаруй триатлон, түүний дотор Ironmans-д 46 удаа гүйсэн байна. 2016 онд Ironman-ны өмнө спортын тоймчид хошигнон хэлэхдээ “Хэн нэгэн түүнийг зогсоогоочээ. Тэр 86 настай шүү дээ” гэхэд Бьюдер хариуд нь “Хэрэв эхний 45 уралдаан намайг алаагүй бол энэ тэмцээн ч бас намайг алахгүй” гэжээ.
Мэргэжил гэлэнмаа
Мэри Дороти Бьюдер 1930 оны долдугаар сард Миссури мужийн Сент Луис хотод төрсөн. Өөрийгөө тамирчин гэж боддоггүй байсан ч идэвхтэй байж, спортод сайн үр дүн үзүүлдэг байжээ. Сент Луисын Византийн академийн охидын католик шашны сургуулийн сурагч байхдаа 14 настайдаа лам хувраг болохоор шийджээ. Мэри энэ санаагаа орхихгүй явсаар 23 настайдаа “Ариун Мэри”-ийн хийдэд очин Мадонна Бьюдер болсон байна. 1970 онд Мадонна энэ хийдээс гарч, бусад 38 эгчийн хамт каноник бус эмэгтэйчүүдийн шашны нийгэмлэг “Христэд итгэгчдийн төлөө эгч дүүс”-ийг байгуулжээ.
Спортод 48 настайдаа оров
Тэрбээр спортоор 48 настайдаа хичээллэж эхлэв. Нэг санваартан түүнд спорт бол оюун ухаан, бие махбодын нарийн зохицуулалт, биеийн хөдөлгөөн нь хүнийг тайвшруулж, амар амгалан болгодог гэж хэлжээ. Эхлээд нэг бүлэгтэй гүйхээр шийджээ. Энд түүнд Ironman триатлонд хүчээ сорихыг зөвлөв. Эхлээд тэр эргэлзэж, айж байсан ч оролдоод үзэхээр шийдэж 1982 онд анх Ironman триатлоны тэмцээн Ирландад болоход оролцжээ. Зам нь хатуу, толгод ихтэй, их хүйтэн усанд сэлээд, хуучин эрэгтэй дугуй унасан байв. Гэвч тэр чадсан. Мадонна “Би 52 настайдаа анхны Ironman-д оролцсоноос хойш хүний бие бол Бурханы бүтээл гэдэгт бат итгэлтэй болсон. Тиймээс үүнийг урлагийн бүтээл гэж үзэж, хайрлаж, эрхэмлэх ёстой. Өөрийгөө хайрладаггүй хүн эргэн тойрноо хайрлаж чадахгүй” гэжээ.
Дэлхийн амжилтууд
1996 онд болсон Ironman триатлоны тэмцээнд 66 настай Мадонна 14:27:14-ийн үр дүнгээр оролцож, 65-69 настай тамирчдын дунд дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Энэ гайхалтай эмэгтэй 2005 онд 75 настайдаа Хавайд болсон Ironman Triathlon-д “Төмөр гэлэнмаа” хоч авсан байна. Тэрбээр замаа давж гарсан хамгийн өндөр настай эмэгтэй цолыг хүртжээ. 2009 оны наймдугаар сарын 30-нд Канадын Пентиктон дахь Ironman-д 79 настай Бьюдер замыг 16:54:30 цагт дуусгасан. Тэрбээр дахин триатлоны зайг амжилттай туулж, өөрийн дээд амжилтыг эвдсэн хамгийн ахмад тамирчин болжээ. Үүний дараа зохион байгуулагчид оролцогчдын насны хязгаарыг тэлсэн байна. 2012 оны наймдугаар сард Канадын Subaru Ironman-д Мадонна амжилт тогтоож, гайхалтай цагийг харуулав. 82 настай триатлончин 81 настай Лью Холландерын өмнө жилийн тогтоосон дээд амжилтыг эвджээ. Ийнхүү “төмөр гэлэнмаа” тамирчдын насны таван бүлгийн нээсэн бөгөөд үүний ачаар ахмад хүмүүс энэ тэмцээнд оролцох боломжтой болжээ. Мадонна Бьюдер сэтгүүлчдэд түүний насны бүлгиийг “тултал” нь оролцоно. Үүний дараа л амрах болно. Тэр болтол Ironman Triathlon-д оролцсоор байх болно гэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.1 Баасан № 193 (6670)